Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гуравдугаар сарын 26-нд “Боомтын сэргэлт” үндэсний форумд оролцож үг хэлсэн.
Энэ үеэр "Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, биржийн худалдааг эхлүүлснээр Монгол Улс анх удаа ковидын өмнөх үе буюу 2019 онд 36.6 сая тонн нүүрс экпортолж байсан үзүүлэлтээ ахиулж 2023 онд 69.6 сая тонн нүүрс экспортоллоо. Цаашид боомтын сэргэлтийн бодлого бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаатай хэрэгжинэ.
Боомтын сэргэлтийн дараагийн үе шат нь инноваци хиймэл оюун ухааныг хослуулах ёстой. Хүний оролцоог багасгаж боомтуудад инноваци хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх талаар өнөөдрийн форумаар ярилцах нь чухал" гэдгийг онцолсон юм.
Өнгөрсөн гурван жилд боомтуудад хийсэн бүтээн байгуулалтын ажлаас танилцуулбал, Замын-Үүд боомтын зорчигч болон ачаа тээврийн цогцолборыг бүрэн ашиглалтад оруулж, олон улсын стандартад нийцүүлжээ. Тус боомт ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс 24 цагаар ажилладаг болно.
Гашуунсухайтын боомтын зорчигч ачаа тээврийн байгууламжийн ажил 61 хувийн гүйцэтгэлтэй байна. Алтанбулаг боомтын ачаа тээврийн байгууламжийн нэг, дөрөвдүгээр хэсгийг ашиглалтад оруулсан байна. Сүхбаатар боомтын нэг цэгийн үйлчилгээний байгууламжийн ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ. Боршоо боомтын бүтээн байгуулалтын ажил дуусаж, Бичигт боомтын өргөтгөлийн ажил 2023 онд эхэлсэн. Энэ жил Цагааннуур, Булган, Хавирга боомтуудад инженерийн дэд бүтцийн ажил эхэлнэ. Ингэснээр боомтуудын хүчин чадал 2-3 дахин нэмэгдэнэ. Мөн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийг ашиглалтад оруулаад байна.
Өнгөрсөн гурван жилд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг ашиглалтад оруулжээ.