Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Шилэн нам” эрдэм шинжилгээний хурлын үеэр "Сонгуулийн санхүүжилтийн тухайд уул уурхайн хэдхэн компани, банкны эздээс хамааралтай болж, сонгуулийн дараа өгсөн хандиваа хэд дахин өсгөж, системийн авлига бүрдүүлснээс болж, улс төрийн намууд, түүгээр бүрдсэн төр засаг, шүүхийн байгууллага тэдний мэдэлд бүтэн шилжиж, Төрийн ордон хэдхэн хүний нууц дохиураар хөдөлж, ард иргэдэд арслан бар мэт, авлигач эздэдээ сүү долоосон гөлөг мэт царайлдаг, хууль биш хувь хүн засагласан, мөнгөний сонгууль болсон он жилүүд өнгөрсөн. Бид одоо энэ асуудлыг шийдэхгүй бол эдийн засаг томрох тусам системийн авлигын асуудал нь ардчилсан Монгол төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан эрх чөлөөг худалдан авах, эс бөгөөс бусдад худалдах эрсдэл үүснэ.
Тиймээс хамгийн бага зардлаар, бодлого уралдуулдаг нээлттэй мэтгэлцээнд тулгуурласан сонгуулийн эрх зүйн орчныг бүрдүүлж, улс төрийн нам болон нэр дэвшигчийг нууцаар санхүүжүүлсэн далд тогтолцооны хариуцлагыг чангатгах боломжтой гэж үзэж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, системийн авилгатай тэмцэх “5 Ш” ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байгаа. Уул уурхай тэр дундаа нүүрс, зэс дагасан далд эдийн засгийг ил болгож, төрийн бүх шатанд үүрлэсэн авлигын гинжин хэлхээг тасалж, шимэгчдийг шүүрдэн цэвэрлэхэд хамгийн чухал нь улс төрийн намуудын санхүүжилт, нам дагасан цүнх баригчдын томилгооны асуудал, хэт мөнгөнөөс хамааралтай сонгуулийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай байна" гэсэн юм.