
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяртай холбоотой АТГ-д гаргасан гомдлын талаар болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох хэргийн талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан Б.Билэгтээс тодрууллаа.
-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 894 хуудас материалыг шалгуулахаар АТГ-т өгсөн. Шалгалтын ажиллагаа ямар шатандаа явж байгаа талаар мэдээлэл өгөөч?
-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн 2026 оны гуравдугаар сарын 23-ны өдөр гаргасан гомдол мэдээллийг АТГ хүлээн авч, гуравдугаар сарын 31-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Тодруулж хэлбэл, түүний гаргасан үндэслэлийн дагуу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байна. Гаргасан гомдолтой нь холбоотойгоор гэрчийн мэдүүлэг авсан. Мэдүүлэг авах ажиллагаа 4 цаг гаруй үргэлжилсэн.
-АТГ-т өгсөн 4 бүлэг 894 хуудас материалд яг ямар ямар баримтууд байсан бэ. Өгч болох хэмжээнд нь товчхон мэдээлэл өгч болох уу?
-Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Гомдлыг хянан шалгаж үзээд хэрэг бүтгэлтийн хэрэг нээсэн. Өнөөдрийн байдлаар уг хэрэгт холбогдуулан 6 хүнээс мэдүүлэг авч, 3 баримтад үзлэг хийсэн байгаа. Мөн ААН, бусад байгууллагуудаас 5 удаагийн лавлагаа мэдээллүүдийг авч, нэр бүхий 7 арилжааны банкнаас лавлагаа мэдээллүүдийг авахуулахаар ажиллаж байна.
-А.Амундра гэрчийн хамгаалалтад орох хүсэлтээ АТГ-т өгсөн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-АТГ-аас А.Амундратай холбогдож, мөрдөгчийн дуудан ирүүлэх хуудсыг цахимаар хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор, А.Амундра гэрч, хохирогчийн хамгаалатад авах, хамтран ажиллах этгээдээр тогтоолгох гэх мэт хүсэлтүүдийг өгсөн. Бид А.Амундраг гэрч, хохирогчийн хамгаалалтад авах, хамтран ажиллах этгээдээр тогтоох эсэх асуудлыг судалж байна. Энэ тохиолдолд хууль эрхзүйн зохицуулалт нь ямар байдаг юм бэ гэхээр мөрдөгч тухайн этгээдийг гэрч, хохирогчоор тооцуулан хамгаалалтад авах хүсэлтээ прокурорын байгууллагад танилцуулна. Прокурорын байгууллага шүүхэд өгөөд шүүх эцэслэн шийдвэрлэдэг. Тиймээс бид А.Амундрад өөрийн оршин суугаа газрынхаа Элчин сайдын яамаар дамжуулаад бидэнд хүсэлтээ ирүүлэх боломжтой гэдгийг албан ёсоор хэлсэн байгаа.
-Л.Оюун-Эрдэнэ гишүүн тухайн баримтууд дунд 2 цагийн бичлэг байгаа гэж хэлсэн. Тийм бичлэг ирсэн үү. Ямар мэдээлэл агуулсан бичлэг ирсэн бэ?
-Бичлэгт ямар мэдээлэл байсан бэ, үзлэг, нэгжлэг хийсэн эд зүйлд ямар баримт байсан бэ гэдэг нь мөрдөн байцаалтын төлөвлөлт үр дүнтэй шууд хамааралтай учраас мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа таслалтгүй шуурхай зохион байгуулагдаж байна.
-Л.Оюун-Эрдэнэ гишүүн АТГ-т баримт хүргүүлснээс хоёр хоногийн дараа Хотын дарга асан Д.Сумъяабазар цахим хуудсандаа мэдээлэл нийтэлсэн байсан. Тухайн мэдээллийн дагуу шалгаж байгаа зүйл байгаа юу?
-Одоогоор надад энэ талаар мэдээлэл алга.
-Л.Оюун-Эрдэнэ гишүүний гаргасан гомдолтой холбоотойгоор Б.Энхбаярыг дуудаж байцаалт авсан уу?
-АТГ санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд гадаад улсын ижил чиг үүргийн байгууллагатай нягт хамтарч ажилладаг. Энэ хүрээндээ холбогдох ажлуудыг хийж байна. Гадаадаас болон дотоодоос шилжсэн мөнгөний хөдөлгөөн, түүний зарцуулалт зэрэгт.
-Б.Нямжав гэх хүнийг АТГ шалгаж байгаа юу?
-Б.Нямжав гэх хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. Мэдүүлэгт юу гэж ярьсан. Ямар нөхцөл байдал тогтоогдсон талаар мэдээлэл өгөх боломжгүй.
-Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын хөрөнгийг битүүмжилсэн гэдэг мэдээлэл гарсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-АТГ он гарснаас хойш Эрчим хүчний салбарт холбогдох хэд хэдэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. ЭБЦТС ТӨХК-тай холбоотой албан тушаалтнуудын хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаад өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд прокурорын байгууллагад шилжүүлсэн. Н.Тавинбэхэд холбогдуулан шалгаж буй хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусах шатандаа орсон байгаа. Харин ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтоход холбогдох эрүүгийн хэрэгт нийт 7.5 тэрбумаар үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байгаа. Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа нэр бүхий ААН-д техникийн нөхцөл олгохдоо холбогдох хууль журмуудыг зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон, албаны чиг үүргээ бичлүүлснийхээ хариуд нэр бүхий ААН-үүдээс 281 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц, 100 сая төгрөг, 30 мянган ам.долларын хахууль авсан. Түүний хөрөнгө орлого нь их хэмжээгээр буюу 3.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй нийтдээ 4 үл хөдлөх хөрөнгө, 2 тээврийн хэрэгсэл болон 80 мянган ам.доллараар нэмэгдсэн. Үүнийгээ хууль ёсных болохоо тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 6,9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 635,7 сая төгрөгийн үнэлгээтэй 3 тээврийн хэрэгслийг битүүмжлэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд уг хэрэгт 7 хүн, 1 хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгаснаар гэмт хэргийн шинжтэй 10 үйлдэлд 3,7 тэрбум төгрөгийн үндэслэлгүй хөрөнгөжсөн үйлдлийг тогтоосон. Түүнчлэн 53 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 47 баримтад үзлэг хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 65 лавлагаа болон арилжааны банкнаас 35 дансны хуулга гаргуулан авсны зэрэгцээ санхүүгийн мөрдөгчийн магадлагаа хийлгэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!