Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол маягийн “метаверсийн бодлого”​

Ангилал
Улс төр
Огноо
Унших
15 минут 40 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал гишүүнээр “овоглож” У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн анхны хоригийн эзэн болсон Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль дуулиан дагуулаад байна. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар хаврын чуулган эхэлснээс хойш ажлын10хоногийн дотор УИХ хэлэлцэнэ.

Мөн Засгийн газрын өнөөдрийн /2023.02.01/ хуралдаанаар Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд даргална. Зөвлөлийн бүрэлдэхүүнд кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл багтжээ. Мөн шаардлагатай тохиолдолд кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн төлөөллийг татан оролцуулах гэнэ. Засгийн газрын уг хуралдаанаар Кибер аюулгүй байдлын зөвлөлийн дүрэм, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны ажиллах журмыг баталжээ.
Ийнхүү Монголын анхны Метаверсийн бодлого буюу Цахим орон зай дахь хориотой мэдээ, мэдээллийн эсрэг хяналтын тогтолцоо маань “мэндэлж” ядаж буй нь энэ юм. Үүнтэй холбогдуулан манай хоёр хөрш орон болон дэлхийн зарим улс оронд цахим гэмт хэрэг, хортой үзэл суртлыг дэлгэрүүлэх, нийгмийн тайван байдлыг алдагдуулах агуулга бүхий мэдээлэлд хэрхэн хяналт тавьдаг арга барилуудын талаарх мэдээллийг хүргэж байна.

Цахим орчин дах хориотой мэдээлэлтэй тэмцэх хяналтыг хэрэгжүүлэхэд интернетийн үйлчилгээгээр хангагч харилцаа холбооны компаниуд (ISP) болон олон нийтийн сүлжээ, цахим харилцааны үйлчилгээ үзүүлэгч Meta (Facebook, WhatsApp, Instagram), Twitter, Alphabet (Google), Amazon зэрэг компаниуд тухайн улсын хуулийн дагуу хүлээсэн хяналтын үүргийн хүрээнд хэрэгжүүлдэг.

Дээрх хяналтын арга, ажиллагааны хэрэгжилтийн цар хүрээ нь тухай улсын онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг. АНУ, БНФУ, ХБНГУ зэрэг ардчилсан засаглалтай орнуудын интернет орчны хяналтыг хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хэм хэмжээнээс хэтрүүлэхгүй байна гэж үздэг. Харин хөрш БНХАУ, ОХУ-д төр засгийн тогтоосон хэм хэмжээний хүрээнд хэрэгжиж байна.Эхлээд хоёр хөршийн цахим орчны хяналтын тогтолцооноос харцгаая.

Хөршүүдийн цахим хяналтын бодлого:

ОХУ: Харилцаа холбоо, мэдээллийн технологи, нийтийн хэвлэл мэдээллийн хяналтын алба (Роскомнадзор) нь ОХУ хэмжээнд цахим орчинд насанд хүрээгүй хүүхдүүдэд садар самуун сурталчлах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис үйлдвэрлэх, худалдах, амиа хорлолт, гэмт хэрэгт уруу татах агуулга бүхий контентын хяналтыг хэрэгжүүлж байна.

Роскомнадзор нь шүүхийн шийдвэргүйгээр хориотой контент бүхий цахим хуудсыг түгжих эрх эдлэхээс гадна ОХУ-ын Ерөнхий Прокурорын газрын тушаалаар олон нийтийг хамарсан үймээн самуун дэгдээх уриалга, бусад хэт даврагч үзлийг тарааж буй цахим хуудсыг шүүхийн шийдвэргүйгээр нэн даруй хаах эрхтэй.

Тус улсын хувьд Украины дайнаас хойш дайны цахим орчинд тухай хуурамч мэдээ мэдээлэл нийтэлж, Украины үндсэрхэг үзлийг сурталчлах, дэмжсэн контентууд нэмэгдэх болсноор тэдгээрийг хязгааралахад гол анхаарлаа хандуулж байна. Тодруулбал, энэ оны 2 дугаар сарын 24-өөс хойш интернетийн 120.000 орчим мэдээллийн эх сурвалжийг хаасан. Гэвч Telegram, VK зэрэг Оросын нийгмийн сүлжээнд нээж үзэх зориулалттай аппликейншн хэлбэрийн нийтлэлүүдийг хянахад хүндрэлтэй тулгарч байна.

Эрхзүйн зохицуулалтын үндсэн баримт бичгүүд
Интернетийн цензур ба интернетийн тухай хууль
(Холбооны хууль №139)
2012 он
Мэдээлэл, мэдээллийн технологи болон мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт (Холбооны хууль №398) 2013 он

БНХАУ: Харин өмнөд хөршид хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд гарч мэдээлэл, контентад тавих хяналтын үйл ажиллагааг НАХЯ-ны Олон нийтийн мэдээллийн сүлжээний аюулгүй байдлын хяналтын алба (Сүлжээний товчоо), Улсын цахим интернэт, мэдээллийн алба (CAC) хэрэгжүүлж байна. Харилцаа холбооны салбарыг хянаж, хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь контентийг зохицуулах үүрэгтэй CAC нь Ши Жиньпиний тэргүүлдэг Кибер орон зайн асуудал эрхэлсэн төв комиссын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг аж.

Тус улсад ХКН-ын Төв суртал ухуулгын хэлтсээс гаргасан чиглэлийн хүрээнд тус улсад хэвлэл мэдээлэл, цахим орчин, цахим харилцааны хэрэгсэлд улс төр, үзэл суртлын хяналтыг хэрэгжүүлнэ. Үүнд: ХКН болон албан тушаалтны нэр хүнд, буруутай үйл ажиллагаа, гадаад харилцаа, халдварт өвчин, аюулгүй байдал, иргэний нийгмийн идэвхжилтэй холбоотой шуурхай мэдээ хамаардаг байна.

Ялангуяа, 2020 онд “Ковид-19” цар тахлын гарал үүслийн талаар бие даасан мөрдөн байцаалт явуулах уриалга, хятадад үйлдвэрлэсэн вакциныг шүүмжилсэн мэдээлэл дотоодын цахим орчинд тархсанаас хойш цахим орчинд тавих хяналтыг чангатгасан. Ингэснээр Wechat зэрэг цахим харилцааны хэрэгсэл дэх иргэдийн БНХАУ-г шүүмжилсэн яриа өгүүллийг хянаж, холбогдох хуулийн дагуу торгох, захиргааны шийтгэл оноох, цагдан хорих хүртэл арга хэмжээ авах болсонаж.

Хятадад 2017 оноос хойш хэрэглэгчийн байршлыг нуух зориулалттай хувийн цахим сүлжээг (VPN) хязгаарлах болж, энэ төрлийн үйлчилгээг Хятад дахь Google, Apple зэрэг компаниудын app store-д байрлуулдаггүй ч тэдгээрт нэвтрэх эрх авсан иргэдийг тогтмол мөрдөн шалгах болжээ. Мөн ХКН-ын томоохон чуулган, бусад онц чухал үйл явдлын өмнө VPN-ийн блокууд ихэвчлэн нэмэгддэг.

БНХАУ нь сүүлийн жилүүдэд хэвлэл, урлаг соёлын салбар болон цахимаар өөрийгөө шууд нэвтрүүлэх онлайн “стриминг” үйлчилгээнд тавих хяналтыг чангатгасан ба цахим сүлжээнд аливаа нэг иргэний нэр нөлөө бэхжих, алдарших явдлыг хязгаарласан дүрэм журмыг батлаад байна. Иргэд цахим орчинд контент үйлдвэрлэх, цахим сүлжээнд олны танил, гадаадын иргэдтэй ярилцлага хийх бол холбогдох албанаас зөвшөөрөл авч, социалист нийгмийг сурталчлах зэрэг шаардлагыг биелүүлэх болжээ.

Сүүлийн үед Хятад улс 5G, хиймэл оюун ухаан гэх мэт дэвшилтэmтехнологийг хөгжүүлэх замаар олон нийтийн харилцаа холбооны салбарт тавих хяналтыг боловсронгуй болгож байна. Ингэснээр мэдээ, мэдээллийг шүүлтүүр өндөр түвшинд ажиллаж, хугацаа алдалгүй арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх ажлыг хялбаршуулах болсон.

Эрхзүйн зохицуулалтын үндсэн баримт бичгүүд
Хятадын кибер аюулгүй байдлын тухай хууль 2017 он
Хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль 2021 он

Казахстан: БНКазУ-ын Мэдээлэл, олон нийтийн хөгжлийн яам (МОНХЯ) цахим сүлжээнд тавих хяналтын асуудлыг бодлогын түвшинд хариуцаж байна. Тус улсын хувьд өмнөх Ерөнхийлөгч Н.Назарбаевын үеэс хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр Засгийн газрыг шүүмжилсэн контентод хатуу хяналт тавьсаар ирсэн. Үүнтэй холбоотойгоор Казахстаны хуулиар веб хуудас, блог, чат зэрэг бүх төрлийн цахим мэдээллийн эх үүсвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй (ХМХ) ижил түвшинд авч үзэж, хяналтыг хэрэгжүүлдэг.

Тус улсын хуулиар ХМХ нь төрийн байгууллагуудтай терроризмын эсрэг хамтран ажиллах үүрэгтэйгээс гадна төрийн болон улсын нууцад хамаарах мэдээ мэдээллийг түгээх, терроризм, экстермизм, мансууруулах бодис, хүчирхийлэл, садар самууныг сурталчлахыг хоригложээ. Түүнчлэн нийгэм болон иргэдийг хууль бус үйл ажиллагаанд өдөөн хатгасан, турхирсан, энэ зорилгоор аливаа мэдээлэл, баримт нотолгоог санаатайгаар гуйвуулах зэрэг суртал ухуулга явуулах, тараах хориотой аж.

МОНХЯ нь гадаадын нийтийн цахим сүлжээ (Facebook, Twitter) болон цахим харилцааны хэрэгслүүд (WhatsApp, Viber) хэрэглэгчдийн тоон мэдээлэл авах эрхтэй ч тоон мэдээлэл өгөхөөс татгалзвал өөрийн нөөц бололцоогоор хэрэглэгчдийн тоон үзүүлэлтийг тогтоодог.

Хэдийгээр тул улсын цахим орчинд тавих хяналт чанга хэдий ч 2022 оны 1 дүгээр сарын үймээн самууны үеэр цахим харилцааны хэрэгслээр олон нийтийг эсэргүүцлийн жагсаалд оролцохыг уриалсан мэдээллүүд хурдацтай тархаж байсан учир улсын хэмжээнд интернэт сүлжээг тасалж, онцгой байдал зарласан.

Эрхзүйн зохицуулалтын үндсэн баримт бичгүүд
Хэвлэл мэдээллийн тухай хууль 1999 он
Интернэт сүлжээг хянах арга замын тухай 2009 он
Хэвлэл, мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 2022 он

Турк: Тус улсын Засгийн газар 2020 оноос хойш олон нийтийн сүлжээ эрхлэгч гадаадын Meta, Twitter зэрэг компаниудыг албан ёсны төлөөлөгчийн газраа тус улсад нээх шаардлагыг хэрэгжүүлж байна.

Тус улсад салбараа байгуулсан компаниуд нь Туркийн хуулийн дагуу нийтийн сүлжээнд хориотой, сөрөг контент, үнэнийг гуйвуулсан, худал, хууль бус мэдээлэл байршуулахаас урьдчилан сэргийлж, таслан зогсоох, 24 цагийн дотор хориотой контентыг устгах үүрэг хүлээнэ. Тухайн компани дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Туркийн холбогдох байгууллагаас торгууль ногдуулах, сүлжээний урсгалыг хязгаарлах, үйл ажиллагааг зогсоох зэрэг арга хэмжээ авах аж.

Туркийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (BTK) нь 2021 оноос хойш тус улсад үйл ажиллагаа явуулж буй ISP компаниудаас иргэдийн нийтийн сүлжээ, цахим харилцааны хэрэгслийн хэрэглээ болон статистик үзүүлэлт зэрэг мэдээллийг авч байна.

Эрхзүйн зохицуулалтын үндсэн баримт бичгүүд
Олон нийтийн сүлжээнд тавих хяналтыг чангатгах тухай хууль 2020 он

БНСУ: Тус улсад төрийн засаг захиргааг шүүмжлэл бүхий мэдээллийг хязгаарлах, хориглох уламжлалтай орон учир цахим орчны хяналт чангатай улсад тооцогддог бөгөөд садар самуун, цахим гэмт хэрэгтэй тэмцэх, оюуны өмчийг хамгаалах чиглэлд түлхүү ажиллаж иржээ.

БНСУ-д Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, харилцаа холбооны хяналтын хороо хориотой болон сөрөг контент нийтлэсэн дотоодын цахим хуудаст тухайн мэдээллийг устгахыг даалгах, шууд оролцоотойгоор устгах эрхтэй байдаг.

Харин цагдаа, тагнуул, цэргийн тагнуулын байгууллагууд нь цахим орчинд хууль зөрчсөн үйлдлыг хянан шалгаж, шүүхэд шилжүүлэх үүргийг хэрэгжүүлдэг ба веб хуудас, нийгмийн сүлжээний хэрэгсэл, дотоодын мэссэнжэр үйлчилгээнүүдийн хэрэглээ, хандалт, агуулгад хяналт тавьдаг аж.

Тус улс нь цахим орчин дахь хяналтыг хэрэгжүүлэхэд хиймэл оюун ухааныг тодорхой хэмжээнд ашиглаж байна. Уг хиймэл оюун ухааны программ нь өгсөн өгөгдлийн дагуу интернет дэх мэдээ, дуу, зураг, сэтгэгдэлд зэрэг мэдээллийг шүүхээс гадна сөрөг мэдээлэлд шуурхай хаалт хийдэг.

Өнгөрсөн онд батлагдсан Хэвлэл мэдээллийн арбитр ба хохиролыг бууруулах хуулиар олон нийтийн сүлжээ, цахим хэвлэл мэдээллийн талаар хариуцлагыг өндөржүүлж, хууль зөрчсөн этгээдүүд 30 хүртэлх сая воны торгууль ногдуулахаартусгасан.

Эрхзүйн зохицуулалтын үндсэн баримт бичгүүд
Харилцаа холбооны тухай хуулийг хэрэгжүүлэх журам 1995 он
Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээг дэмжих, хамгаалах тухай хууль 2016 он
Хэвлэл мэдээллийн арбитр ба хохиролыг бууруулах тухай хууль 2022 он

Ардчилсан орнуудын цахим хяналтын тогтолцоо

Герман: ХБНГУ-д 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн “Сүлжээний хэрэгжилтийн тухай хууль” хүчин төгөлдөр үйлчилж, эхлэснээс хойш тус улсад цахим орчин дахь хяналт ил нэмэгдсэн. Тус улсын олон нийтийн сүлжээний үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомжид 2 саяас дээш хэрэглэгчтэй олон нийтийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчдийг хамааруулж, хуулийн дагуу үүрэгжүүлсэн байдаг. Энэхүү үүргийн дагуу зөрчилтэй контент (терроризм, гэмт хэрэг, бусдыг гадуурхах, cyber-bullying, хүүхдийн бэлгийн мөлжлөг, садар самуун гэх мэт)-ийг устгах хариуцлагыг бий болгон хуульчилсан.

Олон нийтийн сүлжээ эрхлэгч байгууллагууд дээрх гэмт хэргийн шинж чанартай, зөрчилтэй контентийг 24 цагийн дотор устгах үүргээ биелүүлэхгүй бол 50 хүртэлх сая еврогийн торгууль төлөхийг хууль тогтоожиндоо тусгасан байдаг.

Эрхзүйн зохицуулалтын үндсэн баримт бичгүүд
Сүлжээний хэрэгжүүлэлтийн тухай хууль 2018 он
Мэдээлэл, мэдээллийн технологи болон мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт (Холбооны хууль №398) 2013 он

Франц: Тус улсад цахим орчинд буй насанд хүрээгүй хүүхдийн садар самуун дүрс бичлэг болон терроризмийг сурталчлах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, үзэн ядах агуулга бүхий контентууд, оюуны өмчийн эрхэд халдах гэмт хэрэгтэй тэмцэхэд гол анхаарлаа хандуулж байна. Францад Дүрс, дуу болон дижитал харилцааг зохицуулах агентлаг, Дотоод аюулгүй байдлыг хангах ерөнхий газар (Сөрөх тагнуул), цагдаа, дотоодын цэргийн байгууллагууд хуулиар олгогдсон чиг үүргийн дагуу цахим гэмт хэрэгтэй тэмцэх, сөрөг мэдээллийг хязгаарлах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

Тус улсад үйл ажиллагаа явуулж буй 4G сүлжээ, интернэт үйлчилгээ үзүүлэгч 129 ISP компаниуд цахим орчинд хяналт тавьж, холбогдох мэдээллийг төрийн байгууллагуудад хүргүүлэх үүрэг хүлээдэг. Харин нийгмийн сүлжээний компаниуд сөрөг мэдээлэл, контентыг сануулга өгөгдсөнөөс хойш 24 цагийн дотор устгах үүрэг хүлээж, хэрэгжүүлээгүй тохиолдолд 1.25 сая хүртэлх еврогийн торгууль хүлээлгэхээр заажээ.

Эрхзүйн зохицуулалтын үндсэн баримт бичгүүд
Интернэт орчинд зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг түгээх болон зохиогчийн эрхийг хамгаалах тухай хууль 2009 он
Дотоод аюулгүй байдлын зохион байгуулалт, програм хангамжийн тухай хууль 2011 он
Интернэт орчинд үзэн ядалттай тэмцэх тухай хууль 2020 он

Нийтлэлч Б.Оргилмаа

СОНСГОЛ: ХБ-нд хийсэн шалгалтаар 170 гаруй зөрчилд 192 дүгнэлт бичиж, 237 зөвлөмж өгч байжээ
СОНСГОЛ: ХБ-нд хийсэн шалгалтаар 170 гаруй зөрчилд 192 дүгнэлт бичиж, 237 зөвлөмж өгч байжээ
 
Э.Золзаяа: Г.Лувсанжамцын “20 минутын хот“ концептод хамтрах саналаас татгалзаж байна. Үзэгчийн суудлаас ажиглаж шүүмжилж байсан нь дээр
Э.Золзаяа: Г.Лувсанжамцын “20 минутын хот“ концептод хамтрах саналаас татгалзаж байна. Үзэгчийн суудлаас ажиглаж шүүмжилж байсан нь дээр
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.