"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал асан Ц.Даваацэрэн нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө үргэлжиллээ. Өнөөдөр шүүгдэгчдийг гэм буруутайд тооцсон шийдвэрийг танилцууллаа. Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр"-ийн гүйцэтгэх захирал асан Ц.Даваацэрэнг "Үндэслэлгүй хөрөнгөжсөн", "Мөнгө угаах" гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, мөн иргэний хариуцагч "Ачит Ихт" ХХК-иас 110.5 тэрбум төгрөгийг гаргуулж "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т олгохоор шийдвэрлэлээ. Мөн 43.2 сая төгрөгийг шүүгдэгчдээс хуваан гаргуулахаар болов.
Хэргийг тодруулбал, Ц.Даваацэрэн нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий компанитай байгуулсан гэрээгээр 34.9 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулсан, “Эрдэнэт Медикал” төв эмнэлгээс үйлдвэрийн ажилтнуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан, эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад “Хөрөнгө баланснаас хасах” тухай тушаал гаргаж, бусдад шилжүүлэн улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм. Улмаар Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 /Мөнгө угаах/, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!