
“Саарал жагсаалт” ярихаас өмнө FATF-ын талаар эхлээд дурдах ёстой.
FATF (Financial Action Task Force) хэмээх товчилсон нэрээр нь бид мэдэх болсон Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага нь анх 1989 онд “Их долоо”-гийн санаачилгаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг үйл ажиллагаа явуулах зорилготой байгуулагджээ. 1980-аад онд мансууруулах бодисны наймаанаас олсон хууль бус орлогыг хууль ёсны харагдуулах явдал түгээмэл болж, дэлхий нийтийн энэхүү тулгамдсан асуудал нь FATF байгуулах бас нэгэн шалтгаан болсон гэдэг.
FATF нь дэлхийн улс орнууд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгааг судалж, зөвлөмж өгдөг. Үүний тулд улс орнуудын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг 49 шалгуур үзүүлэлтээр дүгнэж танилцуулдаг байна. FATF-аас өгсөн зөвлөмжийг улс орнууд заавал биелүүлэх үүрэгтэй.
Яагаад заавал биелүүлэх ёстой вэ гэдэг асуулт гарч магадгүй юм. Зөвлөмж нь тухайн улсын Засгийн газраас цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааг маш тодорхой зааж өгсөн байдаг. Зөвлөмжийг биелүүлээгүй, эсвэл биелүүлж чадаагүй улсыг “эрсдэлтэй”, “өндөр эрсдэлтэй” гэж дүгнэж, “саарал жагсаалт”-д оруулдаг. Энэ нь олон улсад асах тод улаан дохио буюу асар том хориг арга хэмжээ гэсэн үг. Эрсдэлтэй улс орны хувьд олон улсын санхүүгийн зах зээл дээр маш том саад тотгортой учирна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр эрсдэлтэй улс орон руу гүйлгээ хийхийг хориглодог. Хууль бус орлогоос терроризмыг санхүүжүүлж буй гэгдэх улс оронд ийнхүү эдийн засгийн дарамт шахалт үзүүлж байгаа нь эцсийн дүндээ энх тайвныг эрхэмлэх санаа зорилго юм.
Манай улсын хувьд 22 жилийн өмнө FATF-д элсчээ. Гишүүнээр элссэн болохоор тодорхой үүрэг хүлээж, 2006 онд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталж, 2013 онд шинэчлэн найруулж, 5 жилийн дараа нэмэлт, өөрчлөлт оруулсан. FATF Монгол Улсад анх 2007 онд үнэлгээ хийхэд 36 шалгуур үзүүлэлтээр “муу”, “дунд” үнэлгээ авчээ. Манай улсад хэд хэдэн зөвлөмж өгч 2012 онд биелэлтийг нь шалгаад “хангалтгүй биелүүлсэн” гэж үзсэнээр Монгол Улс “саарал жагсаалт”-д орсон юм. Жилийн дараа “саарал жагсаалт”-аас гарсан ч 2019 онд дахин орсон билээ.
2019 оны 10 дугаар сард Монгол Улс “саарал жагсаалт”-д ормогц гадаад улсын арилжааны банкууд манай улстай болгоомжтой харьцаж эхэлсэн. Улмаар санхүүгийн гүйлгээ удааширч, банк, санхүүгийн салбарт “эрсдэлтэй улс” гэх үнэлгээг авав. FATF-ын зүгээс “Танай улс хууль баталсан ч хэрэгжүүлж чадахгүй байна” гэж дүгнээд АТГ нь авлигын хэргийг илрүүлэх нь дангаараа хангалтгүй, харин авлигаар олсон хөрөнгө мөнгө хаашаа орсон, хэн дамжуулсан, хэрхэн нуусан гэх зэрэгт санхүүгийн мөрдөн шалгах цогц ажиллагаа явуулах шаардлагыг тавьсан юм.
Чухам эндээс FATF-ын “саарал жагсаалт”-аас гарахад АТГ-ын гүйцэтгэх үүрэг, оролцоо эхлэх болсон. Зөвлөмж, шаардлагын хүрээнд АТГ-ын хувьд үйл ажиллагаандаа дараах өөрчлөлтийг хийсэн юм.
- “Follow the money” буюу мөнгөний урсгалыг дагах ажиллагаа. АТГ-аас мөнгөний эх үүсвэр, ямар дансаар ямар аргаар дамжсан, хэн хэнд шилжсэн, шилжүүлсэн, хаана нуусан гэх мэтчилэн шат дараатай мөрдөн шалгах ажиллагааг хэрэг нэг бүрт явуулсан юм.
- Байгууллагуудын уялдаа холбоо. “Саарал жагсаалт”-аас гарахын тулд АТГ, ЦЕГ, УПЕГ, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба зэрэг байгууллагууд уялдаа холбоотой ажиллах шаардлагатай болсон. Тухайлбал, Санхүүгийн мэдээллийн алба сэжигтэй дансны гүйлгээг илрүүлж, АТГ-т явуулснаар ирсэн мэдээллийг АТГ мөрдөн шалгаж, прокурор яллах дүгнэлт гаргах байдлаар гинжин холбоо үүсгэн ажилласан.
- Хөрөнгө хураах ажиллагаа. FATF-аас тавьсан гол шаардлага нь авлигын гэмт хэргийг илрүүлсэн бол үр шимийг нь хураан авсан эсэх асуудал байв. АТГ энэ чиглэлд сэжигтэй хөрөнгийг царцаах, шүүхээр битүүмжлэх, улсад буцаан авах зэрэг гэмт хэргийг үр ашиггүй болгох ажиллагааг идэвхжүүлж ажилласан юм.
- Олон улсын хамтын ажиллагаа. Авлигын гэмт хэрэг буюу авлигын мөнгийг угаах гэмт хэрэг нь ихэвчлэн хилийн чанадад үйлдэгддэг учир АТГ-аас гадаадын хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж, данс болон хөрөнгийн мэдээллийг солилцох байдлаар мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг болсон. Энэ нь FATF-аас хамгийн өндөр үнэлгээг авч чадсан байна.
- Шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргүүд. “Саарал жагсаалт”-аас гарахад нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл нь АТГ-аас мөрдөн шалгаж шийдвэрлэсэн эрүүгийн хэргүүд юм. Тухайлбал, “ЖДҮ”, “Нүүрсний”, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой болон хөрөнгө хураасан бусад хэргүүдийг дурдаж болно. Олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлсний үр дүнд ЖДҮ-ийг хөгжүүлэх сан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорттой холбоотой хил дамнасан мөнгө угаалт зэргийг илрүүлж, Санхүүгийн мэдээллийн албанаас их хэмжээний бэлэн мөнгөний гүйлгээ болон богино хугацааны олон тооны шилжүүлгийг гаргуулан авч цаасан дээрх мэдээллийг бодит хэрэг болгож ажилласан.
Энэ бүхний үр дүнд Монгол Улс “саарал жагсаалт”-аас гарсан талаар 2020 оны 10 дугаар сарын 23-ны 22.10 цагт дэлхий нийтэд албан ёсоор зарласан ба манай улсыг богино хугацаанд буюу 6 сарын дотор үүрэг даалгаврыг амжилттай биелүүлснийг тухайн хуралдаанаар онцлон сайшаасан билээ.
Т.МӨНХТУНГАЛАГ
2026.04.09
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!