Залуучуудаа гудамжинд гаргаж, эмэгтэйчүүдээ түлхэж хиймлээр нэгдсэн У.Хүрэлсүхийн “7-р Засгийн газар”

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 45 секунд

Удтал хүлээгдсэн Н.Учралын Засгийн газар өнгөрсөн баасан гарагт бүрдлээ. Ирээдүй нь хэрхэх нь тодорхойгүй байгаа ч олон талын эрх ашгийг шингээх гэж үйлээ үзэн байж байгуулагдсан нь сайдуудын нэрсээс тодорхой байна. Ингээд шинээр бүрдсэн засгийн талаар онцлох зарим улс төрийн өнцгүүдээс хуваалцъя.

НЭГ, У.Хүрэлсүхийн “7-р Засгийн газар”

Хамгийн эхэнд яригдах зүйл бол Н.Учрал Ерөнхий сайд толгой мэдэж танхимаа бүрдүүлж чадсангүй. Нам дотроо сөрөг хүчин болоод буй “30”-ийн талаасаа таван сайдыг авав. Д.Амарбаясгалан гурван сайд, Л.Оюун-Эрдэнэ нь Ч.Номин, Ц.Идэрбат гэх хоёр сайдыг өгсөн нь харагдаж байна. Үлдсэн нь Ерөнхийлөгчийн талын томилгоо ба Үндэсний эвсэл, ХҮН нам гэсэн бүрэлдэхүүнтэй танхим бүрдсэн. Эндээс харахад Н.Учрал өөрийн мэдлийн нэг ч сайд томилсонгүй. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн “Долоодугаар засгийн газар” хэмээн нэрлэх хэмжээнд Ерөнхийлөгчийн талынхан оролцож, асуудлыг шийджээ.

2017 онд анх Ерөнхий сайдын хувиар засаг байгуулж байснаас хойш Ерөнхийлөгч ийнхүү ил далдаар долоон засагтай нэр холбогдож, араас нь “адислав”.

ХОЁР, Ах нар албан тушаал ахиж залуучуудаа гудамжинд гаргав

Танхимыг харахад Э.Батшугараас өөр залуу үеийн төлөөлөл багтсангүй. Мөн дэд сайдуудаа чөлөөлж энэ засаг бүрдэв. Өөрөөр хэлбэл, Ардын намын улстөрчид, гишүүд өөрсдөө л албан тушаалтай болж байвал залуучууд нь гудамжинд лааз өшиглөх хэнд ч хамаагүй гэж шийдвэрлэлээ. Баахан залуучуудыг ажил төрлөөс нь чөлөөлж дэд сайдаар томилчихоод араас нь ийм шийдвэр гаргаж буйд залуучууд нь дургүй байгаа нь гарцаагүй.

ГУРАВ, АН-ын тоглолтод бүрэн орлоо

АН-ын улс төрийн тоглолтод бүрэн орлоо. Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёроо давхраар нь сольж засаг төрөө тогтворгүй болгосон буруутан бол Ардын нам өөрсдөө. Дотроо эрх мэдлийн төлөө хоёр хуваагдаж эрх ашгийн тэмцэл өрнүүлсэн нь ийнхүү АН-д боломж гаргав. Өөрөөр хэлбэл, нэг цул болж улс төрийн тоглолт өрнүүлбэл ямар аюултай вэ гэдгээ АН-ынхан мэдэрч сэргэлт авлаа хэмээн харж байна. Энэ сэргэлт ирэх намар дахиад нэг юм дуулгаж мэдэх аюултай гэдгийг онцолж үлдээе.

ДӨРӨВ, Эмэгтэйчүүдийн холбооноосоо анх удаа нүүр буруулав

МАН бараг түүхэндээ анх удаа эмэгтэйчүүдийнхээ холбоог хойш нь суулгалаа. Д.Оюунхорол, Х.Булгантуяа, Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл гээд эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч нар Засгийн газарт багтдаг уламжлалтай. Эмэгтэйчүүдийн холбоо гэдэг бол МАН дотор байгаа хүчтэй нэгдлийн нэг. Аль ч түүхэндээ залуучуудын холбоо, эмэгтэйчүүдийн холбоо сайдын квоттой байж ирэв. Гэвч эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяагийн нэр сайдад горилогчдын дунд байсан ч эцсийн мөчид мултарсан юм. Энэ нэг талдаа Н.Учрал эмэгтэйчүүдийн холбоондоо “үгүй” гэж хэлж Д.Үүрийнтуяаг үл тоомсорлож байна. Нөгөө талдаа Д.Үүрийнтуяагаар яах гэж энэ том холбоогоо тэргүүлсэн юм бэ гэдэг асуулт гарч ирж байна. Өөрөөр хэлбэл, шинэ засаг нам дотроо залуучууд, эмэгтэйчүүд тэргүүтэй олон хүнийг гомдоож байгуулагдлаа.

ТАВ, ИЗНН-ыг засгаас гаргасан хариугаа Ерөнхийлөгчийн сонгуулиар амсах уу

Эдгээрээс гадна ЗГ-ын бүрэлдэхүүнээс ИЗНН-ыг гаргасан Ардын намынхны шийдвэрийг ойлгоход хүнд байна. Яахав, ИЗНН сая дотроо хоёр хуваагдчихсан нам доторх асуудал нь 4 кнопыг нь үнэ цэнэгүй болгосон нь үнэн. Гэхдээ 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн наана томоохон тактикийн алдаа гаргаж байна гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, ИЗНН бол бодитой дэмжигчидтэй хэсэг. Хэрвээ Ардын намд хор учруулж болохуйц хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлбэл нөхцөл байдал Н.Учралд муугаар эргэх аюултай. Тиймээс засгаасаа ийм эрт ИЗНН-ыг түлхэж гаргасан үйлдэл араасаа томоохон улс төрийн алдагдал дагуулах эрсдэлтэй.

ЗГ: Эдийн засгийн байдал, учирч буй эрсдэлийн талаар хэлэлцэж байна
ЗГ: Эдийн засгийн байдал, учирч буй эрсдэлийн талаар хэлэлцэж байна
 
Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!