Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны хоёр дахь удаагийн сонсгол өнөөдөр эхэлж байна. Тэгвэл бид өмнөх сонсголын үйл явцыг тоймлох үүднээс сонсголоос "зугтсан" албан тушаалтан, улс төрчдийн мэдээллээс гадна Хөгжлийн банкнаас зээл авсан компаниуд зээлээ хэрхэн зориулалт бусаар зарцуулсан талаар мэдээллийг шинжээчийн дүгнэлтэд үндэслэн цувралаар бэлтгэн хүргэж байгаа билээ. Тэгвэл гурав дахь цувралаар "Сод монгол групп" ХХК, "Пирамид Орд" ХХК, "Изинис эйрвэйз" ХХК зэрэг нийт 20 компанийн зээлийн зарцуулалтын мэдээллийг бэлтгэлээ.
НЭМЭЛТ ТАЙЛБАР: ХБ-наас авсан нийт зээлээс зөвхөн шинжээчийн зориулалт бус, гэрчээс тодруулах шаардлагатай хэмээн танилцуулсан зарцуулалтыг тусгасан болно.
Компаниудын зарцуулалттай холбоотой цуврал 1, цуврал 2 дах нийтлэлийг холбоос дээр дарж унших боломжтой.
Сонсголд гэрчээр дуудагдсан ч ирээгүй албан тушаалтан, улс төрчдийн талаар бэлтгэсэн өмнөх нийтлэлийг энд дарж уншина уу.
-“Хааны харгуй“ ХХК: 1.1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигч нь бэлнээр гаргаж авсан-
Эл компани нь хуурай шороон орд Алт 2 үндсэний хөтөлбөрийн хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 1.10 тэрбум төгрөгийн зээл авч байжээ. Харин хувьцаа эзэмшигч Ц.Нандинцэцэг нь 10 удаагийн гүйлгээгээр 602.4 сая төгрөгийг бэлнээр гаргаж авч, 505.2 сая төгрөгийг Хаан банк дахь өөрийн нэр дээрх дансанд шилжүүлж бэлэн мөнгөөр гарган авсан байгаа бөгөөд зориулалт нь нотлогдохгүй байгаа гэдгийг шинжээч хэллээ.
Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар, "НВЦ" ХХК-ийн төсөлд зориулсан зээлээс "Хааны харгуй" ХХК-ийн зээлийг төлж байсан тул гэрчээс тодруулах шаардлагатай гэж үзсэн юм. Өнөөдрийн сонсголд "Хааны харгуй" ХХК-ийн хувьцаа эзэмшигч зээлтэй холбогдуулан Ц.Нандинцэцэгийг гэрчээр дуудсан боловч холбоо барьж чадаагүй байна.
-Шанх Майнинг ХХК: УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдоржийн хүүгийн компанийн авсан зээлээс 403.2 сая төгрөгийн зарцуулалт тодорхойгүй-
Эл компани нь тээвэрчдийн хотхон барих төслийг санхүүжүүлэхээр 2019 онд Хөгжлийн банкнаас 5.6 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Ингэхдээ шинжээчийн дүгнэлтээр 403.2 сая төгрөгийн зарцуулалт тодорхойгүй байгаа юм. Үүнд, "Гандирс Тревэл" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Шаравдоржийн Мандхай нь 200 сая төгрөгийн бэлнээр, 203.2 сая төгрөгийг дансаар авч ашигласан байна.
Компанийн хувьцаа эзэмшигч болон хамаарал бүхий этгээдийн байдлаас харахад, шинжээчийн дүгнэлтэд гарсанаар "Шанх Майнинг" ХХК-ийн 100 хувийн хувьцааг УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдоржийн хүү Билэгтэй эзэмшдэг бөгөөд 403.2 сая төгрөгийг бэлнээр авч ашигласан гэх Ш.Мандхай нь мөн л Ц.Шаравдоржийн хүүхэд юм. "Шанх Майнинг" ХХК-ийн хувьаа эзэмшигч Ш.Билэгтэйгийн нэр дээр хадгаламж зээлийн хоршоо гарч ирсэн байна. Энэ тохиолдолд цаашид мөнгө угаалт явагдсан байж болзошгүй байдаг тул асуудлыг илүү нарийн авч үзэх шаардлагатай байдаг талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дурдсан юм.
-Ган хүдэр орд ХХК: 750 сая төгрөг Хувьцаа эзэмшигч Т.Туулын хамаарал бүхий “Барил Трейд” ХХК-ийн зээлийг хаасан-
-ТОСК ТӨҮГ: 9 тэрбум төгрөгийг “Бэрэн Групп” ХХК руу шилжүүлсэн-
-Инжир ХХК: Хувьцаа эзэмшигч Б.Золбаяр 400 мянган ам.долларыг бэлнээр зарлагадсан-
Хувьцаа эзэмшигч нар үйл ажиллагааны зардал болон зээлийн төлөлт, хувийн хэрэгцээнд зарцуулсан тул шинжээч зээлийн зарцуулалтыг бүрэн бус гэж үзэв.
-МБҮ трейд ХХК: 3.1 тэрбумын бэлэн зарлага гарсан-
Зээл олголт дүрэмд нийцсэн эсэх байдал хийсэн шинжээчийн дүгнэлтээр “Монголбанкнаас 2017 оны Зээлийн бодлогын 4.1.3-т заасан төслийн үр дүнд бий болох бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах зах зээлийн судалгаа, шинжилгээ хийгдсэн борлуулалтын нэгдсэн төлөвлөгөөтэй байх ба борлуулалтын гэрээ хийгдсэн байдал давуу талтай” шаардлагыг хангаагүйг дүгнэсэн
-Сэлэнгийн герефорд ХХК: Зарцуулалт БҮРЭН БУС -
"Эрээн бух" ХХК 250 өсвөр насны үхэр худалдан авах, 400 толгой монгол үнээ авахаар шилжүүлсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, Сэлэнгийн герефорд ХХК-д 192 сая төгрөгийн үхэр нийлүүлсэн тул зарцуулалт БҮРЭН БУС гэж шинжээч үзэв.
-БМНС ХХК: 1.7 тэрбум төгрөг ББСБ руу шилжүүлж зээл хаасан-
-“Изинис эйрвэйз“ ХХК: ХБ-наас авсан зээлээс 6.3 тэрбум төгрөгөөр Б.Хурцын эхнэрийн “Сарнайх“ ХХК-ийн зээлийг хаасан-
Эл компанийн 30 хувийн хувьцааг эзэмшиж буй Э.Золзаяа нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын бэр, харин 70 хувийн хувьцаа эзэмшигч Т.Эрдэнэ нь Б.Хурцын хамаатны дүү юм. Ингэхдээ зээлийн зарцуулалтаар, "Изинис эйрвэйз" ХХК нь нийт зээлийн санхүүжилтээс 6.3 тэрбум төгрөгөөр Б.Хурцын эхнэрийн "Сарнайх" ХХК-ийн Богд банд дахь хоёр удаагийн зээлийг хаасан нь зориулалт бус гэж шинжээч дүгнэсэн. Ташрамд дурьдахад, Т.Эрдэнэ нь "Сарнайх" ХХК-ийн 34 хувийн хувьцааг эзэмшдэг аж.
Түүнчлэн Т.Эрдэнэ нь ХБ-ны эх үүсвэртэй зээлээс 1.7 тэрбум төгрөгийг дансаар гаргуулан авсан талаар шинжээчийн дүгнэлтэд дурдсан байгаа юм.
-Пирамид орд ХХК: 8.1 тэрбум төгрөг Пирамид орд ХХК-ийн Гүйцэтгэх удирдлага Ц.Хонгормаа бэлэн зарлага хийсэн-
Эл компани "Буман залуус" хорооллыг барих газрыг Хөгжлийн банканд барьцаалах "зөвшөөрлийг" 2019 онд МоАХ-ноос гаргуулан авч байжээ. Тодруулбал, МоАХ-ын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах 10000 мкв талбайтай газрыг "Пирамид орд" ХХК-ийн зээлд барьцаалах тухай тогтоолд Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ буюу 2019 оны есдүгээр сарын 28-нд гарын үсэг зурж байсан байна.
Гэтэл Хянан шалгах түр хорооноос танилцуулсан тогтоолоор 2015 онд МоАХ-ны Удирдах зөвлөлийн тогтоолоор эл газар эзэмших гэрчилгээг "Пирамид орд" ХХК-д шилжүүлж, барилга бариулах тогтоолыг гаргаж байжээ.
-Сод монгол групп ХХК: 272 мянган ам.долларыг зориулалт бусаар ашигласан-
Сод монгол групп ХХК нь тос, тосолгооны материалын үйлдвэр байгуулах төсөлд зориулж Хөгжлийн банкнаас 2017 онд 14 тэрбум төгрөгтэй тэнцэх 669 иений зээлийг авсан байдаг. "Сод монгол групп" ХХК-ийн 95 хувийн хувьцааг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар эзэмшдэг.
Шинжээчийн танилцуулснаар, зээлийн хоёр дахь олголтын 31.1 сая иенийг Хөгжлийн банкнаас эл компанийн Төрийн банк дахь дансаар олгосон байна. Дараагаар Төрийн банк дахь дансаар дамжин 272 мянган ам.долларыг "Роснефт" ХХК-иас түлш худалдан авах утгаар шилжүүлснийг зориулалт бусаар ашигласан гэж үзсэн юм.
-Сонгоулд ХХК: 3.3 тэрбум төгрөгийг зээл, зээлийн хүүгийн төлбөрт зарцуулсан-
"Сонгоулд" компани нь Эрээний алтны үндсэн ордыг далд аргаар ашиглах төслийг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банктай 2017 онд 699.6 сая иений гэрээний дүн бүхий зээлийн гэрээг байгуулсан байдаг. Ингэхдээ Хөгжлийн банкнаас 6 удаагийн гүйлгээгээр 15 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байдаг.
Шинжээчийн танилцуулснаар, "Сонгоулд" ХХК нь 3.3 тэрбум төгрөгийг зээл болон зээлийн хүүгийн төлбөрт шилжүүлсэн нь зориулалтын бус бөгөөд үлдсэн 10.9 тэрбум төгрөгийг бэлнээр гаргаж авсан байна. Түүнчлэн "Сонгоулд" ХХК нь 2002 оноос хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2009 онд үйл ажиллагаа нь зогссон байжээ. Гэвч 2017 оны ЗГ-ын 20 дугаар тогтоолоор батлагдсан "Алт 2" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Шинжээчийн эл дүгнэлттэй компанийн удирдлагууд санал нийлэхгүй гэх байр суурийг сонсголын үеэр илэрхийлсэн юм.
-Түгээмэл түмэн хишигтэн ХХК: 0.2 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигч Г.Буяндэлгэр бэлнээр гарган авсан-
НЭМЭЛТ: "Түгээмэл түмэн хишигтэн" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийг хэлэлцэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан А.Сүхбатыг гэрчээр дуудсан боловч "Зээлийн асуудалд хамааралгүй учраас оролцох шаардлагагүй" гэх хариуг ирүүлсэн юм.
-Монгол микрон кашмер ХХК: 2.6 тэрбум төгрөг гадаад руу тоног төхөөрөмжийн зардал гүйлгээгээр шилжүүлсэн-
-Геологийн төв лаборатори ТӨҮГ: 379.9 сая төгрөгийг ХБ-наас шилжүүлсэн-
-Комплант ХХК: 117.8 сая төгрөгийг ББСБ руу шилжүүлсэн-
Зориулалт бүрэн бус гэж шинжээч дүгнэж, зарим гүйлгээг гэрчээс тодруулах шаардлагатай гэж үзсэн.
-Макс рөүд ХХК: Зээл гэрээнд заасны дагуу зарцуулагдсан гэж шинжээч үзэв-
-Петролуем продакшн ХХК: Хувьцаа эзэмшигч Ц.Отгонбаатар 80 сая төгрөгөөр зээл хааж, 280 сая төгрөгөөр бэлэн зарлага гаргасан-