Өдөр тутамдаа хэрэглэдэг ууттай боорцог өнөөдөр тансаг хэрэглээ болжээ. Хэдхэн сарын өмнө 6500 төгрөг байсан нэг килограмм ч хүрэхгүй ууттай боорцог 9000 төгрөг болтол үнэ нь тэнгэрт хадав. Ганц ч хонохгүй хэдхэн ширхэг боорцог авах уу эсвэл хоногийн хоолны атга мах аа авах уу? гэх сонголтгүй сонголттой алхам тутамд л нүүр тулж байна. Угтаа бол нарийн боовны түүхий эд нь гурил болов ч элсэн чихэр, маргарин, ургамлын тос гээд дотооддоо үйлдвэрлэдэггүй импортын бүтээгдэхүүн өч төчнөөн орсон байх нь орц найрлагыг нь харахад л ил. Энэ мэт хүнс, гэр ахуйн барааны үнийн өсөлтийг бид хэрэглээний үнийн индекс буюу инфляциар хэмжиж, энэ нь импортын өсөлтөөр илэрхийлэгдэж цаана нь валютын ханш ДАРАМТ болсоор удлаа. Хүмүүс ч төгрөг цаас болсныг гайхаж шагширсаар одоо ердийн л үзэгдэл шиг дасцгааж, гар дээр авч буй хэдэн төгрөг нь инфляц, ханшийн өсөлтийн чимээгүй татварт шингэх болов.
СҮҮЛИЙН 10 ЖИЛД ТӨГРӨГИЙН ЭСРЭГ АМ.ДОЛЛАРЫН ХАНШ НЭГ ДАХИН НУГАРЧ, АМЬЖИРГАА ДОРОЙТОВ
Арван жилийн өмнө буюу 2015 онд ам.долларын ханш 1955 төгрөгтэй байсан бол нэг дахин нугарч 3595 төгрөгтэй тэнцэж Монгол төгрөгийн дархлаа унасаар байна. Энэ хэрээр төгрөг үнэгүйдэж худалдан авах чадвар муудаж байгааг илтгэнэ. Ам.долларын ханш чангарсаар оны төгсгөлд 4000 төгрөгтэй тэнцэх магадлалтай гэх таамаг ч өрнөж буй. Харин Монголбанкны зүгээс валютын ханш тогтвортой байна гэх хүлээлттэй байгааг мэдээлж байсан юм. Ам.долларын ханш чангарч байгаа нь инфляц өсөх дохио болдог. Энэ нь үнийн дарамтанд иргэд өртөж амьжиргааны түвшин буурна гэсэн үг. Ирэх жилүүдэд Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй мега төслүүд импортыг өдөөж үүнийг дагаад ам.долларын ханш өсөх магадлал өндөр болохыг эдийн засагчид тоть шиг давтаж, сануулсаар удлаа. Одоо ч бас...
ДЭЛХИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАГНАТ УОРРЕН БАФФЕТЫН МОНГОЛЧУУДАД ХЭЛСЭН ХАТУУН ҮНЭНИЙ ЦААДАХ ГАШУУН ЗӨВЛӨГӨӨ!
Саяхан дэлхийн тэрбумтан, хөрөнгө оруулалтын магнат Уоррен Баффет Монгол Улсыг ханшаа тогтворжуулахыг зөвлөсөн нь төрийн эрхийг баригчдад төдийгүй төвбанканд томоохон сануулга боллоо. АНУ-ын Небраска мужийн Омаха хотод “Berkshire hathaway” компанийн хөрөнгө оруулагчдын нэгдсэн хурлын үеэр монгол залуусын төлөөлөл түүнээс “Гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд Монголын Засгийн газар юу хийх ёстой вэ” гэсэн асуултад тэрбээр “Валютын ханшийг урт хугацаанд тогтвортой байлгаж, үнэ цэн бий болгох нь чухал. Өндөр инфляцтай, валютын ханш тогтворгүй улсад хэн ч хөрөнгө оруулж, эрсдэл хүлээхгүй. Бизнест ээлтэй орчин бүрдүүлэх, валютын ханшийг тогтворжуулахад анхаарах нь олон талын үр өгөөжтэй" гэж хариулсан юм. Алдарт хөрөнгө оруулагчийн хэлсэн энэ үг өнөөдөр Монголын улс төр, эдийн засгийн томоохон эмгэнэл болчихоод байгаа нь гашуун үнэн.
Нэг үеэ бодвол манай улсад хөрөнгө оруулалтын салбар хөгжиж байгаа гадны зах зээл дээр хувьцаа, бонд боломж бүрдсэн ч Хөгжлийн нэгдсэн бодлого шийдвэргүй "Алсын хараагүй" үрэлгэн төсөвтэй данхар төрийн гайгаар хэзээнээс л ханш нь тогворгүй явж ирсэн нь өнөөгийн улс төр, эдийн засгийн том алдаа нь болж байна.
Энэ нь хэзээнээс л төлбөрийн тэнцлийн алдагдлаар илэрсээр байна, байхыг ч үгүйсгэхгүй биз ээ. Учир нь сэтэрхий зүү, хадаас ч өөрсдөө үйлдвэрлэх чадалгүй улсын зовлон нь үргэлж импорт, инфляцын өсөлтөөс хараат бус байх боломжгүй. 2023 онд нүүрсний үнийн өсөлт, өндөр орлогыг дагаад эдийн засагт ногоон гэрэл асаж төлбөрийн тэнцэл сүүлийн 15 жилд анх удаа ашигтай гарч байв. Алдалдал нь хоёр тэрбум ам.доллароор хэмжигддэг байсан бол 2023 онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь ханшийн эрсдлийг хааж байлаа. Харамсалтай нь, ханшийн эсрэг Монгол төгрөгийн дархлаа удаан тогтсонгүй. 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл 622 сая ам.долларын ашигтай гарсан ч өмнөх оныхоос 55 хувиар буурч урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 2.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарч байлаа.
Ялангуяа үндэсний мөнгөн тэмдэгт нь тогворгүй, цаг үргэлж гадаад валютын эсрэг савладаг шалтгаан нь зайлшгүй импорттой уялдна. Өнөөдөр бид хэрэглээний саван вока, гутал, хувцаснаас авхуулаад хөл дүүжлэх унаа, барилгын материал, уул уурхайн тоног төхөөрөмж гээд бүгдийг нь импортоор худалдан авч байна.
ЦАР ТАХЛААС ХОЙШ ИМПОРТОД ЗАРЦУУЛДАГ МӨНГӨН ДҮН ХОЁР ОРОНТОЙ ТООГ ЗААЖ, 3 САРЫН ХУГАЦААНД 2.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН БАРАА ХУДАЛДАН АВЧЭЭ
Статистик харвал, цар тахлаас хойш буюу 2020 оноос хойш манай улсын импорт гэрлийн хурдаар өсжээ. Жишээ нь, 2020 онд 5.3 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолж байсан бол энэ дүн 2023 онд 15.8 тэрбум ам.долларт хүрч хоёр оронтой тоо руу оров. Хэдий 2024 онд 11.6 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдан авсан нь өнгөрсөн жилээс буурсан дүнтэй ч энэ онд импортын өсөлт улаан гэрэл анивчуулсаар байна. Зөвхөн энэ оны гурван сарын байдлаар манай улс 2.4 тэрбум ам.долларын бараа импортолсон нь 133.4 сая ам.доллароор өссөн дүн болохыг Үндэсний статистикийн хороо тайлагнажээ.
Өөрөөр хэлбэл, импортын худалдан авалт нэмэгдэхийн хэрээр төгрөг гадагшаа валютаар урсаж энэ хэмжээгээр валютын нөөц дундрах, улмаар ханш савлах шалтгааны нэг болж байгааг захын нохой ч андахгүй боллоо. Гэтэл импортын өсөлтийн шалтгааныг муу л бол хар захын хойд овоохой гэгчээр өнөөх л иргэд рүүгээ бурууг тохож аялал жуулчлал, автомашин руу чихэх зуур төсвийн үрэлгэн зарлага, Засгийн газрын 14 мега төсөл, Улаанбаатар хотын 24 мега төсөл зэрэг "үлгэр"-ийн үр бүтээлгүй төслөөр дамжин импортоор төгрөгөө гадагш урсгаж байгаа нь нэгэнт нууц биш.
ТӨР ДАНХАЙЖ ИРГЭД БҮСЭЭ ЧАНГАЛАВ
Энэ онд төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 хувийн ашигтай байхаар төсөлд тусгасан. Хэл ам таталсан 2025 оны төсөв ийнхүү таналт хийгдсээр ингэж батлагдсан юм. Жишээ дурдвал, 2016 онд төсвийн зардал 9.4 их наяд төгрөг байсан бол 2024 онд 27.3 их наяд төгрөг болж томорсон байна.
Өөрөөр хэлбэл, төр импортоор дамжин инфляц үйлдвэрлэж ханш чангарах шалтгаан нь болж байгаагаа анзаарах ч сөхөөгүй алдаагаа иргэддээ тохсоор. Задарсан төрийн ачааны хүндийг ядарсан иргэд нь үнийн өсөлтөөр бүсээ чангалсаар...
Эдийн засагч Н.Энхбаяр төсвийн тэлэлт ханшид хэрхэн нөлөөлж байгааг Их хурлын танхимд сууж буй төрийн албан хаагч нар мэдэхгүй байгааг хатуу шүүмжилсэн. Тэрбээр "Төсвийг тэлэхээр ханшид яаж нөлөөлөх вэ гэхээр тухайн танхимд сууж байгаа төрийн албан хаагч үнэн худал нь мэдэгдэхгүй "гайгүй ээ" гэсэн хариулт өгдөг. Үнэндээ сөрөг нөлөөтэй, гайтай байж байдаг. Ямар ч судалгаагүй таамаг хариулт өгдөг байж болохгүй. Бодлого гаргаж буй тогтолцоо алдаатай, хийдээд яаруу сандруу байгаа учраас бидний өмнө нь гаргасан бодлогууд алдаатай байна.
Мөн төгрөгийн ханш жил бүр унаж буй шалтгааныг эдийн засагч Д.Ангар хэлсэн үгэндээ "Зээлийн хүү!!. Монгол Улс хэт өндөр зээлийн хүүтэй учир үйлдвэрлэлийн төслүүд хөгждөггүй. Дотооддоо үйлдвэрлэл байхгүй болохоор импорт хийнэ. Импортоор валют гадагшилж байдаг. Ингээд улс валютгүй болж төгрөг жил бүр ханшаа алддаг" гэсэн юм. Уул уурхайн салбар нь эдийн засгийг нуруундаа үүрч, тэр дундаа нүүрсний экспорт төсвийн орлогыг бүрдүүлэхэд гол хөшүүрэг болсон манай улсын хувьд гадаад валютын чухал хэрэгсэл нь ам.долларын ханш. Атал сүүлийн 20 жилийн хугацаанд тогтвортой байсан түүх байхгүй. Төгрөгийн эсрэг ам.долларын ханш үргэлж суларсаар байгааг харвал хөрөнгө оруулалтын аварга загас Уоррен Баффетын хэлсэн шиг ханшаа тогтворжуулах зайлшгүй шаардлага бий. Түүний "тухайн улс бизнест ээлтэй, валютын асуудлыг сайн мэддэг байвал энэ нь иргэддээ сайнаар нөлөөлнө, ялангуяа байгалийн баялагтай бол" гэж Засгийн газарт хаягласан үг оргүй биш. Алт, зэс, нүүрс, лити зэрэг газрын ховор элементээр дэлхийд гайхагдах арвин нөөцтэй, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд 34 жилийн нүүрийг үзэж байгаа атал өнөөдөр нэг ч үйлдвэргүй, эдийн засаг нь ганцхан түүхий эдээс хамааралтай, экспорт, импорт нь нэг улсаас хараат "хөгжиж" буй Монгол Улсыг гаднынхан "алтан дээр суусан гуйлгачид" гэж хочлох нь аргагүй биз. Харамсалтай нь төрийн эрхийг барьж буй бодлого боловсруулагчдад ханшаа тогтворжуулах УХАМСАР ч алга, УХААН ч дутаж байгаа бололтой.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!