Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны анхны сонсгол зохион байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Уг сонсгол нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан билээ. Ингэхдээ Хөгжлийн банкнаас зээл авсан 60 компанийн зээлийн зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Өмнө та бүхэнд сонсголоос "зугтсан" албан тушаалтан, улс төрчдийн мэдээллийг задлан хүргэсэн бол энэ удаад зээл авсан 60 компани зээлээ хэрхэн зориулалт бусаар зарцуулсан талаар мэдээллийг шинжээчийн дүгнэлтэд үндэслэн цувралаар бэлтгэн хүргэж байна.
НЭМЭЛТ ТАЙЛБАР: ХБ-наас авсан нийт зээлээс зөвхөн шинжээчийн зориулалт бус, гэрчээс тодруулах шаардлагатай хэмээн танилцуулсан зарцуулалтыг тусгасан болно.
Сонсголд гэрчээр дуудагдсан ч ирээгүй албан тушаалтан, улс төрчдийн талаар бэлтгэсэн өмнөх нийтлэлийг энд дарж унших боломжтой.
-АЧЛАЛ ТРЕЙД ХХК: ХХБ дахь бизнесийн гурван зээлээ хаасан-
Тус компани нь 50 хувийг УИХ-ын гишүүн асан М.Билэгт эзэмшдэг бөгөөд тэрбээр сонсголд гэрчээр оролцсон юм. Шинжээчийн дүгнэлтээр "Ачлал Трейд" ХХК-ийн ХБ-ны нийт санхүүжилтээс өөрийн компанийн нэр дээрх зээл хаахаас гадна хувийн дансаар гүйлгээ хийсэн нь зориулалт бус зарцуулалт гэж шинжээч үзсэн юм.
-"БЭРЭН ГРУПП" ХХК: Б.Мөнхтөр ХБ-наас авсан зээлээсээ казино тоглосон уу-
Эл компанийн Ерөнхий захирал Б.Мөнхтөрийн хувийн данс руу шилжсэн мөнгөөс Макао чөлөөт бүс дэх казиногийн АТМ-аас их хэмжээний мөнгө авсан гэх мэдээллийг сонголын үеэр хурал даргалагч өгсөн билээ. Б.Мөнхтөр өөрөө үгүйсгэсэн боловч Макаогийн казинод түүний нэр дээрх данснаас 130 гаруй сая төгрөгийн зарлагын баримтыг ил болгосон юм.
-Б.Ундармаагийн хамаарал бүхий “Монгол мах экспо“ ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлээ 100 хувь зориулалт бусаар зарцуулсан гэж шинжээч дүгнэв-
"Монгол мах экспо" ХХК 2017 онд нь Хөгжлийн банкаас 37 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий зээлийн гэрээг 6 жилийн хугацаатайгаар байгуулсан байдаг. Гэвч эл зээлд шинжээчийн дүгнэлтээр зээлийг 100 хувийн зориулалт бусаар ашигласан гэж гарсан юм. "Монгол мах экспо" ХХК-ийн үүсгэн байгуулагч, хамаарал бүхий этгээдийг тогтооход Капитал банкны үүсгэн байгуулагч гүйцэтгэх удирдлага хамаарал бүхий этгээд гэдэг нь нотлогдсон юм. Ингэхдээ эл компани нь Хөгжлийн банкнаас нэг удаагийн гүйлгээгээр "М М Эй" компанийн Капитал банк дахь дансанд 21.3 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна. Үүнийгээ УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн төрсөн эгч, дүү болон түүний ээжийн байршуулсан нь тогтоогдсон юм. Түүнчлэн "Монгол мах экспо" компанийн зүгээс Хөгжлийн банкинд гаргаж өгсөн тайланг хуурамчаар бүрдүүлсэн гэх шинжээчийн дүгнэлт гарсанг шинжээч танилцуулсан юм.
-ЗЭСТ ӨНДӨР ХХК: 3 тэрбум төгрөгөөр хадгаламж барьцаалсан зээлээ хаасан-
"Зэст өндөр" ХХК нийт 3 тэрбум 944.5 сая төгрөгийг зориулалтын бусаар ашигласан болохыг шинжээч танилцуулсан. Тодруулбал, 2019 оны наймдугаар сарын 21-ний өдөр Заг инженеринг компаниас гурван тэрбум 113.7 сая төгрөгийг “Гэрээний дагуу хадгаламж хаав” гэсэн утгатайгаар шилжүүлэн авч, улмаар хадгаламж барьцаалсан зээлээ хаасан болохыг шинжээчид хэлж буй юм.
-МЭИК ХХК: Хөгжлийн банкнаас авсан 7.2 тэрбум төгрөгөөс 4 орчим тэрбум төгрөгийг бусад барилгын санхүүжилтэд зарцуулсан-
"Монгол эм импекс концерн" ХХК 7.2 тэрбум төгрөгийг таван жилийн хугацаатай зээлэх гэрээг Хөгжлийн банктай байгуулжээ. 2022 оны УИХ-ын ажлын хэсэг очиж шалгахад төсөлд дурдагдсан үйлдвэр баригдаагүй гэдгийг тогтоосон байдаг. Харин Хөгжлийн банкнаас авсан 7.2 тэрбум төгрөгөөс 4 орчим тэрбум төгрөгийг бусад барилгын санхүүжилтэд зарцуулсан нь дансны хуулгаар нотлогдсон юм.
Ташрамд дурьдахад, тус компанийн 90 хувийг УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий "Бишрэлт Групп" ХХК, иргэн Б.Болормаа 10 хувийг эзэмшдэг байна.
-МОНГОЛ ДРАЙ МИЛК ХХК: Э.Эрдэнэбилэг, Ц.Урантөгс, Б.Сайнзаяа гэх иргэдийн дансаар бэлэн зарлага хийсэн-
-ГАЗ ИМПОРТ ХХК: 90 сая төгрөгийг хувь иргэний буюу Бат-Эрдэнийн ХХБ дахь дансанд шилжүүлсэн-
Хаягдал батерейг дахин боловсруулах үйлдвэр байгуулах төслийг санхүүжүүлэхээр 223.6 сая иений зээл авснаас хувьцаа эзэмшигч Мягмардорж 1.7 тэрбум төгрөгийг харилцах данснаас бэлнээр гаргаж авсан нь зориулалт нотлогдохгүй байна гэж шинжээч үзсэн.
-МОН ЛАА ХХК ХБ-наас авсан зээлээ гадаад руу гүйлгээ хийсэн тул зарцуулалтыг бүрэн хянах боломжгүй болжээ-
Сонсголд тус компанийн захирал Д.Энхсайханыг гэрчээр дуудсан боловч биечлэн ирж оролцоогүй юм.
-“Эйч энд эйч ремикон” ХХК: 92.6 хувийг бэлэн зарлага гаргасан тул шинжээч дүгнэх боломжгүй, гэрчээс тодруулах шаардлагатай гэж үзэв-
-ЭНСАДА ИСТЕРН ХХК: 0.8 сая ам.долларыг зориулалт тодорхойгүй иргэний данс руу шилжүүлсэн-
-“Салхитын мөнгөний орд“-ын захирал асан Т.Мөнхбаяр Хөгжлийн банкнаас авсан зээлийн 1.7 тэрбумаар өөрийн зээлээ төлсөн-
"Империал Гоулд Майнинг" ХХК Хөгжлийн банкнаас 2019 онд 16 тэрбум төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Ингэхдээ шинжээч Хөгжлийн банкнаас авсан нийт санхүүжилтийн 7.4 тэрбум төгрөгийг зориулалт бусаар ашигласан гэж дүгнэсэн юм.
Эл компанийн хувьцаа эзэмшигч Т.Мөнхбаяр нь “Салхитын мөнгөний орд"-ын захирлаар ажиллаж байсан. Хамаарал бүхий байдлаар авч үзэхэд, Т.Мөнхбаяр нь идэвхтэй хувьцаа эзэмшигч бөгөөд эл зээл олгогдохоос хэдэн сарын өмнө Улсын бүртгэлээс өөрийн идэвхтэй хувьцааг хасуулсан аж.
2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр буюу Хөгжлийн банкнаас "Империал Гоулд Майнинг" ХХК-д зээл олгогдсоны маргааш буюу "МТК" ХХК-иас "Т.Мөнхбаяраас зээл хаав" 1.7 тэрбум төгрөгийн гүйлгээ гарсан байдаг.
-Шарын гол ХХК-ийн ТУЗ-ын даргаар ТЕГ-ын дарга асан Гэрэлийн охин Г.Хулан ажилладаг ба эл компани ББСБ-ын данс руу 4 тэрбум төгрөг шилжүүлжээ-
"Шарын гол" ХХК нь "Буянтын хөндрийн адаг" алтны шороон ордыг ашиглах төсөлд 264 сая иений зээлийг авсан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр "Шарын гол ХХК нь Хөгжлийн банкны санхүүжилт болон "Говь Краван" ХК-иас шилжүүлсэн нийт 4 тэрбум 39 сая төгрөг болон өөрийн хөрөнгөөс нэмж 9.5 тэрбум төгрөгийг зээлийн эргэн төлөлт нэртэйгээр "Хэрлэн Онон туул" ББСБ-д шилжүүлсэн нь тогтоогдсон юм. Хөгжлийн банкны эх үүсвэрээс ББСБ-ын данс руу мөнгө орсон нь мөнгө угаалтын түгээмэл шинж учраас чухалчилж авч үзэх хэрэгтэй" гэх байр суурийг хурал даргалагч илэрхийлсэн билээ.
"Шарын гол" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ТЕГ-ын дарга асан Гэрэлийн охин Г.Хулан ажилладаг.
-ЭРД ХУЛ ХХК: 289.2 сая төгрөгийн зориулалт БҮРЭН БУС-
-“Эрэл“ компанийн ХБ-наас авсан зээлээс 1.8 сая ам.доллар нь Б.Эрдэнэбатын төрсөн хүүгийн дансаар бэлнээр гарчээ-
"Эрэл" ХХК Хөгжлийн банкнаас "Байшин үйлдвэрлэх комбинат төсөл" хэрэгжүүлэхээр гурван удаагийн зээл авсан бөгөөд нийт санхүүжилтээс 8.6 сая ам.долларыг бэлнээр гаргуулан авчээ. Нэгдүгээрт, 14 сая ам.долларын зээлээс 4.3 сая ам.долларыг кассаар зарлагадсан бөгөөд "Эрэл" ХХК-ийн барилгын хийц үйлдвэр тамгатайгаар н.Нарангэрэл, н.Уянга нарын хүмүүс 3.1 сая ам.долларыг 15 удаагийн гүйлгээгээр бэлнээр, тус компанийн нягтлан бодогч н.Алтанчимэг 1.2 сая ам.долларыг бэлнээр, Эрдэнэбатын хүү Жаргалангийн 4 удаагийн хадгаламжийн дансаар 1.8 сая ам.долларыг бэлнээр гаргуулан авсан байна.
-БАРМОН ХХК: ХБ-наас авсан зээлээсээ хувьцаа эзэмшигчийнхээ данс руу 9.6 тэрбум төгрөгийг шилжүүлж, бэлэн зарлагын гүйлгээ хийсэн-
-БОЛОР ШҮР ХХК: Зарцуулалтыг бүрэн нягтлах боломжгүй байна гэж шинжээч дүгнэв-
-“Эгийн голын цахилгаан станц“ ТӨХХК ХБ-наас авсан 29,9 тэрбумын зээлийн 314 сая төгрөгийг бэлэг дурсгалын зориулалтаар ЗАРЦУУЛЖЭЭ-
"Эгийн голын усан цахилгаан станц" ТӨХК-д олгосон 29.9 тэрбум төгрөгийн зээлээс 314.4 сая төгрөгийг байгаль хамгаалах "Тул" санд 2014 оны тавдугаар сарын 9-нд бэлэг дурсгалын зориулалтаар шилжүүлсэн нь Эгийн голын усан цахилгаан станц төслийн нэгжийн худалдаа хөгжлийн банк дахь хуулгаар нотлогджээ. Мөн 1 тэрбум 256.2 сая төгрөгийг гэрээ байгуулснаас долоо хоногийн дараа "Хоган Ловеллс Монголиа" гадаадын хөрөнгө оруулалттай хувь нийлүүлсэн хуулийн нөхөрлөлд хуулийн зөвлөх үйлчилгээний төлбөрт төлсөн байна. Гэвч тухайн нөхөрлөл нь хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр улсын бүртгэлд бүртгүүлээгүй, гэрчилгээ нь гараагүй байсан аж.
-МОДУН ХХК: Хувьцаа эзэмшигчийн данс руу 842 сая төгрөгийн гүйлгээ хийгдэж, бэлэн зарлагадсан-
-"Дэд бүтэц инженеринг” ХХК: Нябо Уранчимэг 70 сая төгрөг кассаар болон өөрийн дансанд шилжүүлэн авсан-
Үргэлжлэл бий...