Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсээ БИРЖЭЭР арилжиж эхлэх нь алсдаа ашигтай

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 59 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улс газрын доорх баялгаа цахим биржээр худалдахаар болсон. Үүний эхлэл болгож коксжих нүүрсийг энэ сарын нэгнээс нүүрсний худалдааг цахим хэлбэрээр явуулахаа Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам хэрэгжүүлэхээр болоод байгаа. Энэхүү цахим хэлбэрээр явуулах туршилтыг өнгөрсөн сарын дундуур хийж, 12,800 тонн коксжих нүүрсийг тонн тутмыг 191 ам.доллароор худалдаалсан. Энэ нь захиалагч нараас хамаарч анх санал болгосон үнээс даруй 12.2 хувиар илүү үнээр арилжсан үйл явдал болсон билээ. Эхний ээлжид коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс, зэс, цаашид бусад уул уурхайн баялгийг ийм байдлаар худалдана. Анхны албан ёсны худалдаа 1-нд эхлэх байсан ч Хятадын Хаврын баяртай давхацсан тул хойшилсон талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлсэн. Тэгвэл биржээр дамжуулах нь ямар давуу талтай, бирж гэж чухам юу болохыг хүргэе.

-Монгол Улсад итгэх итгэл нэмэгдэнэ-

Бирж гэдэг нь худалдаачин, худалдан авагч хоёрыг холбодог газар гэж ойлгож болно. Хамгийн ойлгомжтой жишээ бол зах, худалдааны төв. Худалдаачин өөрийн бүтээгдэхүүний үнийн саналаа худалдан авагчдад зарлана. Түүнтэй ижилхэн бараатай бусад худалдаачид үнээ хэлнэ. Харин олон үнийн дундаас худалдан авагч өөрт боломжтой бүтээгдэхүүнийг сонгодог газрыг бирж гэж ойлгож болох юм. Орчин цагт технологийн хөгжлийн ачаар биет бус байдлаар биржийн үйл ажиллагаа явагддаг болсон. Монгол Улс өнгөрсөн 12 дугаар сарын байдлаар 53 нүүрсний уурхай идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна гэж Ашигт малтмал, Газрын тосны газраас мэдээлсэн. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн туршилтын биржийн арилжаанд оролцож нүүрс худалдаж авахаар Хятадын 55 компани саналаа илэрхийлжээ.

Монгол Улс өмнө нь төрийн бодлогоор зохицуулж өөрийн Хөрөнгийн биржээр дамжуулан уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулж байгаагүй. Ингэж биржээр дамжуулан худалдсанаар нийгэмд байнга үүсдэг үл итгэлцлийг багасгах давуу талтай. Өөр нэг давуу тал нь гадаад орнуудад манайхаас гарч байгаа бодит үнийг мэдэж болохоос гадна Монгол Улсад итгэх итгэл нэмэгдэнэ. Төсөөлбөл, өнгөрсөн зууны эхэнд олон мянган малтай айл цөөн хэдэн малаа зарахаар боллоо гэж бодъё. Тэр айл өмнө нь малаа зарж байсан ч ганц нэгээр заавал хотын төв орж зарах хэрэгтэй байжээ. Хэрэв тэр айл өөрийн хотондоо малаа зарж эхэлбэл замын зардал болон бусад зардал гарахгүй болно. Үүнээс чухал нь Монгол Улсад итгэх итгэл олон улсад нэмэгдэнэ. Монголчууд ил тод худалдаа хийдэг болжээ. Монгол Улсаас Монголын Хөрөнгийн биржээр дамжуулж нүүрс, зэс, хүдрийн баяжмал, өөр бусад газрын баялгийг зуучлагчгүй, найдвартай худалдан авалт хийж болох юм байна гэсэн илэрхийлэл болно. Хот айл өргөжин тэлнээ гэсэн үг.

-Биржийн мэдээллийн сан бүрдэлдэх эхлэл болно-

Хөрөнгийн биржүүд ашигтай ажилладаг. Дэлхийн хөрөнгийн биржүүдээс гуравт ордог Японы Хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 2019 онд 6.7 их наяд ам.доллар байсан. Харин Монголын Хөрөнгийн биржийн үнэлгээ өнгөрсөн оны 9 дүгээр сарын байдлаар 1.5 тэрбум доллар байжээ. Японы Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа 145 жилийн түүхтэй бол манайх 32 жилийн түүхтэй. Өөрөөр хэлбэл урт хугацааны турш өөрийн гэсэн мэдээллийн сантай, баталгаатай эх сурвалжтай болсон учраас Японы Хөрөнгийн биржийн мэдээллийг дотоод, гадаадын компаниуд худалдаж авдаг. Монгол Улсын төсвийн ихэнх хувийг газрын баялаг бүрдүүлдэг боловч компаниуд гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахын тулд зах зээлийн мэдээллийг гадаадын хөрөнгийн биржүүдээс авахаас аргагүйд хүрдэг. Мэдээлэл худалдаж авахын тулд уул уурхайн компаниуд 10-20 мянган ам.доллар үүнд зарцуулдаг байна. Харин өөрийн хөрөнгийн биржээр арилжигдах нь мэдээллийн сан бүрдэлдэх эхлэл болно. Цаашид уул уурхайн бэлэн бүтээгдэхүүнээс гадна уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн, ноос, ноолуур, малын мах зэргийг ч арилжих боломж бүрдэнэ.

Олон улсад биржээр дамжуулан нээлттэй худалдаа хийдэг болсноор дотоодын ямар компаниуд, хэр хэмжээний нүүрс, зэс, алт зэрэг газрын баялаг гарч байна. Цаашлаад ямар гадаадын компаниуд, ямар үнээр худалдаж авсан бэ гэдэг ил тод болно. Ингэснээр манай нийгэмд бослого, тэмцэл болтлоо өргөжиж, Засгийн газраа буулгах дээрээ тулсан тийм хүнд нөхцөл байдал руу түлхэхгүй. Баялгаа зөөж гаргаад хэсэг хүмүүс баяжиж байна гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй хардлага сэрдлэг үгүй болох боломжтой. Биржийн үйл ажиллагааг нэн даруй эхлүүлж, өргөтгөх шаардлагатай байгаа юм.

Э.Мишээл

Дэлхийн нийт хүн амыг үхэлд хүргэж буй найман гол шалтгааны ЗУРГАА нь ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭНЭЭС үүдэлтэй байдаг
Дэлхийн нийт хүн амыг үхэлд хүргэж буй найман гол шалтгааны ЗУРГАА нь ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭНЭЭС үүдэлтэй байдаг
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.