УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн нараас эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой тулгамдаж буй асуудлын талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэж байна. Танилцуулгыг УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хийлээ.
Тэрбээр, 2024 оны эцэст сангийн төсөв дуусаж, эмнэлгүүд цалин тавих боломжгүй, НДШ-ийн хуримтлагдсан өр төлбөртэй, нэн шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдаж, эм ханган нийлүүлэлтийн байгууллагууд өр төлбөрөөс болж нийлүүлэлтээ зогсоосон нөхцөл байдалтай байсан тул Эрүүл мэндийн сайдын багцаас хэмнэлт хийж, төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн зориулалтыг өөрчлөх зэргээр арга хэмжээ авч оныг давсан. Он гарснаас хойш сар, улирал бүрээр санхүүжилтийн хэрэгжилтэд нарийвчилсан хяналт тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд архаг өвчний тусламж үйлчилгээ голлон үзүүлдэг эмнэлгүүдийн төсөв илүү буурсан бол амь нас аврах тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн төсөв бага хэмжээгээр буурсан. Эдгээр эмнэлгүүд амь нас аврах болон эрт илрүүлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлдэг болсноор төсвөө нэмэгдүүлэх бүрэн боломжтой.
Харин өрх, сумын ЭМТ-үүдийн төсвийг бууруулаагүй буюу нийт 33 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Сумдын эмнэлгийн хувьд заавал хүн хэвтүүлэн эмчилж байж гол орлогоо олдог бус анхан шатны суурь тусламж үйлчилгээг үзүүлж, цалин урамшуулал олгодог зөв жишиг рүү чиглүүлсэн. Түүнээс биш эмийн хөнгөлөлт, эрт илрүүлгийг төсвийг бууруулаагүй. Зөвхөн эмнэлгийн тусламж, үйлчилгээ дотор архаг өвчний үеийн тусламж үйлчилгээнд тодорхой хэмжээний хязгаарлалтуудыг хийсэн гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!