УИХ-ын чуулганаар Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах гэж байна. Зарим улс төрчид олон нийтийн бухимдал дээр дөрөөлөн зээлийн хүү бууруулах нэрийдлээр гадны захиалгаар Хятадын банк оруулж ирэхээр шалавлаж байгаа бололтой.
Өчигдрийн УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж “Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль Bank of China-гийн лоббигоор орж ирж байгаа. Үүнд нь зарим нэг гишүүд байна.” гэж хэлэв.
Гадны хөрөнгө оруулалтын банк оруулж ирэх замаар хөрөнгө оруулалт татаж, санхүүгийн зах зээлд өрсөлдөөн бий болгож, хүртээмж нэмэгдэх сайн талтай боловч одоогийн яригдаж буй хуулийн төсөл нь өндөр шаардлага, шалгууртай хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааны хүрээнд гэхээс илүүтэй арилжааны банкуудын нийтлэг ажил, үйлчилгээг эрхлэхээр тусгажээ. Иргэдэд хүртээлгүй, уул уурхайн томоохон лицензүүдийг барьцаалж, Монголын баялгийг барьцаалж, үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулахуйц уг хуулийн төслийг батлуулах сонирхол хэнд байна вэ.