Иргэн Э.Одбаярын “Odbayar Demos.mn” нэртэй пэйж хаягт “...Иргэн Э.С-г санаатайгаар дайрч, тусламж үзүүлэлгүй хэргийн газраас зугтжээ. МАН-ын гишүүн М.Б /ЕС-ын хүн/ хамаарал бүхий этгээд тус хэргийг үйлджээ...” гэсэн мэдээлэлд дурдагдсан иргэн Д-д холбогдох хэргийг Дорнод аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, иргэн Д нь 2021 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн С, Т, Ч нарыг тээврийн хэрэгслээр дайрч алахыг завдсан, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, мөн М, О, Э нарын нэр бүхий 9 иргэн бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж бусадтай зодолдсон хэрэг гарсан. Эл хэрэгт прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 /Хүнийг алах/, 20.16 дугаар зүйлийн 1 /Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлжээ.
Энэ хэргийг өмнө нь Дорнод аймгийн прокурорын газраас 2021 оны 11 дүгээр сард яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд мөн шилжүүлж байсан бөгөөд шүүхээс хэргийг хянан хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэн буцааж байжээ.