Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянзүрх дүүрэг анх удаа төрийн байгууллагуудын дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-ийн зөвлөгөөнийг зохион байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 6 секунд

Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг бол Баянзүрх. Тэр ч утгаараа хүүхдийн тусламжийн 108 дугаарт ирсэн гурван дуудлагын нэг нь манай дүүргийнх гэх харамсалтай судалгаа бий. Тэгвэл хүүхдийн эрхийн тухай холбогдох хууль, тогтоомжуудын дагуу Баянзүрх дүүргийн төрийн байгууллагуудад “Эцэг эхийн зөвлөл”-ийг байгуулсан. Одоогоор 90 гаруй байгууллага энэхүү арга хэмжээнд нэгдэн зөвлөл байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

Нийслэлийн дүүргүүдээс анх удаа төрийн байгууллагын дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-ийн зөвлөгөөнийг санаачлан Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр байгууллагууд сайн туршлагаа хуваалцаж, алдаа дутагдлаа ярилцаж, хүүхэд хамгааллын бодлогын талаар мэдлэгээ нэмэгдүүлэх юм.

Байгууллагууд өөрийн ажил үйлчилгээ болон ажилтан албан хаагчдаараа дамжуулан гэр бүлийн орчин, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг бий болгох, хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход энэхүү арга хэмжээ нь үр дүнгээ өгсөөр байна. “Эцэг эхийн зөвлөл” байгуулсан төрийн байгууллагуудаас цөөнгүй байгууллага амжилттай үйл ажиллагаа явуулж, сайн үр дүнг үзүүлээд байгаа талаар зохион байгуулагчид хэллээ. Тухайлбал, 136 дугаар цэцэрлэгийн “Эцэг эхийн зөвлөл” хүүхэд хамгааллын орчныг бий болгож, ажилтан албан хаагчдын хүүхдүүдэд зориулсан өдөр өнжүүлэхийг ажиллуулж, мөн хүүхдийн эрхийн талаар сургалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байгаа аж.

Тус зөвлөгөөнийг нээж Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан хэлсэн үгэндээ “Нийслэл хотод үйлдэгдэж буй 4 гэмт хэргийн нэг нь Баянзүрх дүүрэгт байдаг. Мөн 2022 оны гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийн тоо өмнөх онтой харьцуулахад 25 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байна. Эдгээр тоог буулгахын тулд бид асуудал гарсан хойно бус асуудал гарахаас өмнө урьдчилан сэргийлэхийн төлөө Гэмт хэргээс сэргийлэх салбар зөвлөл ажиллаж байна. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд байгууллага тус бүр дээр байгаа “Эцэг эхийн зөвлөл”-ийн идэвх санаачилга чухал байна” хэмээн хэллээ.

Тус арга хэмжээнд “Эцэг эхийн зөвлөл” байгуулсан төрийн байгууллагуудын төлөөлөл болон “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Баянзүрх орон нутгийн хөтөлбөрийн хамт олон, Баянзүрх дүүргийн Соёлын ордон, Монголын сайн дурынханы төв зэрэг байгууллагын төлөөлөл оролцож байна хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Туул гол дагуух тохижилтын ажил дууслаа
Туул гол дагуух тохижилтын ажил дууслаа
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нэгдсэн менежментийн тогтолцооны олон улсын ISO стандартуудыг амжилттай хэрэгжүүлж байгааг баталгаажууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.