Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Асуудлыг технологиор шийдэхүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 27 секунд

-“Дижитал хот”-ын талаар онцлох ойлголтууд-

Аж үйлдвэржилтийн эринд ноёрхож байсан аналог технологийн үе төгсөж, мэдээлэл харилцаа, өндөр технологийн дэвшлийн зуунд бид амьдарч байна. Одоогоос 50 жилийн тэртээ мөрөөдөж л болох байсан эд зүйл, үйлчилгээ, дэвшлүүд бидний өдөр тутмын амьдралд нэвтэрч, салшгүй нэгэн хэсэг нь болжээ. Үүний дүнд нь хүмүүс цаг заваа хэмнэж, амьдралаа хялбарчилж, шаардлагатай үйлчилгээгээ дэлгэцээс авдаг болов. Технологийн дэвшил амьдралыг ийнхүү хялбарчлаад зогсохгүй, нийгэм, эдийн засаг, хотжилтын өмнө тулгамдаж буй асуудлыг ч шийдэлцэж байна. Тухайлбал, нийтийн тээвэр, боловсрол, эрүүл мэнд болон төрийн үйлчилгээг авахад тулгарч буй олон асуудлыг технологийн дэвшлээр шийдэх “Ухаалаг хот” концепцийг дэлхийн цөөнгүй орон хэрэгжүүлж буй. Монгол Улсын нийслэл Улаанбаатарт ч “Дижитал хот” төсөл хэрэгжиж, салбар бүрд мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай орчин, нөхцөл бүрдүүлэхийг зорьж байгаа юм.

ХЯЛБАР, ТУХТАЙ, АЮУЛГҮЙ - ДИЖИТАЛ ХОТЫГ ЦОГЦЛООХ ШАЛТГААН

Нийтийн тээвэр, боловсрол, эрүүл мэнд болон төрийн үйлчилгээг авахад тулгарч буй олон асуудлыг технологийн дэвшлээр шийдэх “Ухаалаг хот” концепцийг дэлхийн цөөнгүй орон хэрэгжүүлж буй. Өөрөөр хэлбэл, мэдээлэл харилцааны технологи, зүйлсийн интернэт, их өгөгдлийг аливаа хот, бүсийн эдийн засаг, нийгэм, экологи, хот төлөвлөлтөд хамаарах шийдвэр гаргахдаа ашиглаж, тайван, тухтай, хүндээ ч, нийгэмд ч, байгаль орчинд ч ээлтэй болгохыг хэлнэ. Хүн амын өсөлт, хотжилтыг зогсоох аргагүй тул нийтэд ээлтэй хотын концепц ирээдүйд ч хүчээ авна гэж судлаачид үздэг.

1.6 сая хүн амьдран суудаг Улаанбаатарын хувьд ч тулгамдаж буй олон асуудлыг цахим шилжилт, технологийн шийдлийн ачаар шийдэхийг зорьж буй. Энэ хүрээнд 2022-2024 онд Улаанбаатар хотын цахим шилжилтийг мэдээлэл технологийн үндэсний тэргүүлэгч 70 гаруй аж ахуйн нэгжийн 1000 гаруй монгол инженертэй хамтран хэрэгжүүлэх томоохон төслүүдийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцуулсан билээ.

Төрийн үйлчилгээг цахимжуулах, хялбарчлах, хотын иргэдийн аюулгүй байдлыг хангах, ая тухтай, таатай орчныг бүрдүүлэх зэрэгт технологийн дэвшлийг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлснээр авлига, хүнд суртлыг бууруулж, төрийн үйлчилгээг ил тод болгохоос гадна иргэдийн цаг, зардал мөнгийг хэмнэнэ. Мөн иргэн төвтэй буюу оршин суугчдадаа ээлтэй, тэдний оролцоог дэмждэг хотыг цогцлооход хувь нэмэр оруулах юм.

ГУРВАН БҮЛЭГ, ЗУРГААН ЗОРИЛТ БУЮУ ЮУГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ

Улаанбаатар хотын “Дижитал шилжилт”-ийн төлөвлөгөөг олон улсын жишиг, өөрийн орны онцлог, иргэдийн соёл уламжлал, байгаль орчны эрс тэс уур амьсгал, төрийн байгуулалтын онцлогт тулгуурлан гаргасан. Энэ нь Цахим засаглал, Зам, тээврийн нэгдсэн ухаалаг систем, Аюулгүй хот гэсэн гурван дэд бүлгээс бүрдэж буй. Ингэхдээ:

  • Замын хөдөлгөөний менежментийг сайжруулах
  • Боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Төрийн албаны хяналт, хариуцлагыг сайжруулах
  • Хөрөнгө оруулалт, төсвийг нэмэгдүүлэх
  • Авлига, хүнд суртлыг бууруулах
  • Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх гэсэн зургаан зорилттойгоор боловсруулан, хэрэгжүүлж эхлээд байна.

Ингэхийн тулд салбар хоорондын уялдааг хангах, мэдээллийг нэгтгэн төвлөрүүлэх, дэд бүтцийг бий болгох нь чухал гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар онцолж байна. “Улаанбаатарыг дижитал хот болгох хүрээнд 27 багц асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, боловсрол, эрүүл мэнд, зам тээвэр, төрийн болон захиргааны үйлчилгээний мэдээллийг нэгтгэн, илүү хялбар, иргэдэд ээлтэй шийдлийг нэвтрүүлэхэд ашиглах тухай эхний ээлжид бид ярьж байна. Нийтийн тээврийн хэрэгсэл хэзээ хаана явж байгааг харах, замын хөдөлгөөнийг ухаалгаар зохицуулах, хүүхдэд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлэх, бизнес эрхэлж буй иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох гээд нийслэлийн иргэдийн ая тух, аюулгүй байдлыг хангахад энэ төсөл, энэ цахим шилжилтийн утга учир оршино” хэмээн тэрбээр мэдэгдсэн.

ҮНДЭСНИЙ КОМПАНИУД НЭГДЭНЭ

Иргэдэд ээлтэй, дижитал хотыг бий болгоход мэдээллийн технологийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг үндэсний хэмжээний 70 гаруй компани нэгдэн ажиллаж байна. Тэр дундаа технологийн салбарын “аварга” тоглогчид болох “Amazon”, “Google”, “Apple”, “Samsung” зэрэг компаниудад ажилладаг монгол залуус зэрэг 1000 гаруй инженер гар бие оролцож буй.

“Хиймэл оюун ухаан, үүлэн технологи, үндэсний орон зайн мэдээллийн систем зэрэг технологийн дэвшилтэт шийдлүүдийг ашиглан Улаанбаатарыг дижитал хот болгоход монгол залуус гар бие оролцож байна. Үндэсний компаниуд, монгол инженерүүдэд өөрийн гэсэн онцлог, ур чадвар бий. Энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эко системийг бий болгоход бид энэ чадваруудаа нэгтгэх болно” гэж “Ай Си Ти Групп” компанийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн ярилаа. Ингэснээр гаднын компани, мэргэжилтнүүдээс хараат бусаар цахим шилжилтийг хийх, цаашдын засвар үйлчилгээ, хөгжүүлэлтийг монголчууд бие даан хийх боломж бүрдэж байгааг тэрбээр мөн өгүүлсэн юм.

ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН ХУРДАСГУУР

Дижитал хотыг нэг өдрийн дотор бүтээчихгүй. Цахим шилжилт гэдэг өргөн агуулгатай, олон хүчин зүйлээс шалтгаална. Нийслэл Улаанбаатарт цахим шилжилт хийх бодлогын шийдлүүдийг 2016 оноос гаргаж эхэлжээ. Түүнээс хойш хийж, хэрэгжүүлсэн ажлын дүнд төрийн үйлчилгээг хялбар авах, авлига, хүнд суртлыг бууруулах чиглэлд өөр эерэг өөрчлөлт гарч буй. Түүнчлэн иргэдийн цаг зав, өртөг зардлыг хэмнэж, цаасны хэрэглээ буурсан зэргийг ч дурдаж болно.

Өдгөө Улаанбаатар цахим шилжилтийг хийх хоёр дахь үе шат дээрээ явж буй. Өөрөөр хэлбэл, дижитал хот болох суурь бааз, ТЭЗҮ-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд амжилттай хийснээр дараачийн шатанд хүрэх, бодитой үр дүн авчрах цагийг ойртуулах юм.

Ингэснээр хотод тулгамдаж буй асуудлуудыг дэлхийн бусад хотын адилаар шийдээд зогсохгүй үндэсний хэмжээнд цахим шилжилтийг түргэсгэнэ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

НОБГ: Айл өрхийн галлагаа нэмэгдсэнээр гал түймрийн дуудлага нэмэгдэж байна
НОБГ: Айл өрхийн галлагаа нэмэгдсэнээр гал түймрийн дуудлага нэмэгдэж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.