Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шар дарцаг” аян хэрэгжсэнээр хүүхэд авто осолд өртөх тохиолдол буурчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 36 секунд

Нийслэлийн Засаг даргын 2022 оны аравдугаар сарын 10-ны өдрийн А/1291 дүгээр захирамжаар “Анхааралтай байвал-Аюул үгүй” уриан дор “Шар дарцаг” аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “Шар дарцаг” аяныг нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 17-ны хооронд нэг сарын хугацаатай өрнүүлэх юм. Тус аяныг есөн дүүргийн ЗДТГ, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Нийтийн тээврийн газар хамтран зохион байгуулж байна. Аяныг зохион байгуулахтай холбоотойгоор НЗДТГ нь нийслэлийн ерөнхий боловсролын 400 гаруй сургуулийн захирал болон цэцэрлэгийн эрхлэгч нарыг хүлээн авч, танилцуулах уулзалтыг зохион байгуулсан.

Тус аян нь хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарахдаа дарцаг өргөж гарах дадал хэвшлийг суулгах, замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход чиглэжээ. Шар дарцгийг гэрлэн дохиогүй гарцны хажууд байрлуулснаар зам гарах гэж буй хүн дарцгийг авч, жолоочид дохио өгнө. Гарцаар гарсны дараа шар дарцгийг зориулалтын саванд буцааж хийх юм.

Энэ талаар НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс болон Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-наас хамтран мэдээлэл өгөв.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Содбаяр:

“Сүүлийн таван жилийн байдлаар манай улсын хэмжээнд зам тээврийн ослоор 196 хүүхэд амиа алдаж, 4956 хүүхэд гэмтэл авсан харамсалтай тоон мэдээ байна. НЗДТГ-аас 2021 оноос Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “Шар дарцаг” аяныг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Уг аянд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд идэвх санаачилгатай оролцсон төдийгүй орон нутагт ч дэмжин хэрэгжүүлсэн. Зам тээврийн осол бидний хайхрамжгүй, болгоомжгүй, хэнэггүй байдлаас үүдэн гардаг бөгөөд жолооч нарыг илүү хариуцлагатай байхыг цаг үе шаардаж байна. Иймд “Анхааралтай байвал-Аюул үгүй” уриан дор “Шар дарцаг” аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон. Замын хөдөлгөөнд оролцогч жолооч болон хүүхдүүдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд зөв дадал хэвшил бий болгоход эцэг, эх, асран хамгаалагч, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хариуцлага, хамтын ажиллагаа чухал юм. Аяныг хэрэгжүүлснээр ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зам, тээврийн осолд өртөх эрсдэл буурна гэж тооцож байгаа. Иймд нийгмийн хариуцлагын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч нарыг тус аянд идэвхтэй оролцож, үлгэр дуурайлал үзүүлэхийг уриалж байна” гэлээ.

Унгар Улсад ЗГ-ын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалт зарлагдлаа
Унгар Улсад ЗГ-ын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалт зарлагдлаа
 
ЧУУЛГАН: АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага хүссэн ч хоёр цагийн завсарлага өглөө
ЧУУЛГАН: АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага хүссэн ч хоёр цагийн завсарлага өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.