НДЕГ-ын дарга Д.Зоригтийг албан өрөөндөө мөрийтэй тоглож байгаад баригдсан. Улмаар өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Тэгвэл уг мэдээллийг ХНХЯ-ын сайд Д.Сарангэрэл үгүйсгэсэн. Тэрбээр "НДЕГ-ын дарга Д.Зоригтийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаагүй" гэлээ.
Тэгвэл уг асуудалд НДЕГ-ын дарга Д.Зоригт сэтгүүлчдэд тайлбар өглөө.
-Таныг ажлын байрандаа мөрийтэй тоглоод үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн гэсэн мэдээлэл цацагдаад байна?
-Би энэ 7 хоногт ажлын байрандаа очоогүй. Европын холбооноос зохион байгуулж буй 3 өдрийн семинарт оролцоод, сая тэндээсээ сайдад дуудагдаад ирж байна. Яагаад ийм гомдол өгснийг мэдэхгүй байна. Ер нь ажлын байрандаа архи уух, мөрийтэй тоглох хориотой гэдгийг та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Би ажлын байрандаа мөрийтэй тоглоогүй.
-Ер нь мөрийтэй тоглодог уу?
-Би тоглодоггүй. Тэр талын мэдлэг ч байхгүй. Ер нь мөрийтэй тоглоомын дүрэм журмыг ч мэдэхгүй. Ямар учиртай ийм мэдээлэл гарсныг мэдэхгүй байна.
-Таныг үүрэгт ажлаас тань чөлөөлсөн гэсэн мэдээлэл байна?
-Чөлөөлөөгүй. Би одоо ажил руугаа явж байна. Би сая л энэ тухай мэдээллийг сонслоо.