АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ОХУ-ын цэргүүдтэй хамтран “Сэлэнгэ” зэвсэгт хүчний хамтарсан бэлтгэл сургуулиалтыг Ховд аймагт зохион байгуулахаар цэрэг, техник хэрэгсэл орж ирсэн мэдээлэлд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "ОХУ Украинтай дайтаж байгаа. Монгол Улс бол дайтаж байгаа аль нэг улсын талд ордоггүй бодлоготой улс. Хуучин Монголд хээрийн сургуулилт хийдэг байсан. Гэхдээ энэ өөр зорилготой байсан. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааг дэмжих зорилготой хийгддэг байсан хээрийн сургуулилт. Эл хээрийн сургуулилтад оролцогч нар нь дайн бүхий нэг талд орж байгаагүй улсууд байсан. Одоо нөхцөл байдал өөр. ОХУ дайтаад хүчирхийллийг үйлдэж үүнийхээ төлөө олон улсын санкцд орчихсон байгаа улс. Гэтэл энэ бодлоготой нь зэрэгцээд хээрийн сургуулилт хийх гээд явж байгаа нь буруу ойлголт өгнө.
Манай Үндсэн хууль гадны улсын цэргийг улсдаа байрлуулах, дамжин өнгөрөхийг хориглодог зарчимтай. Дайтагч аль нэг улсын талд байгаагаа харуулах гэж байна. НҮБ дээр түдгэлзсэн байр суурь биш болж хувирч байна" гэв.