Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

25 тэрбумаар төрд ЗООРЬ шахах асуудлыг ЗГ-ын хуралд оруулж, Ерөнхий сайдынхаа гараар “могой бариулсан“ САЙД ХЭН БЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 26 секунд

Одоогоос хэдэн жилийн өмнө төрийн өмчит компаниудад бэлгэвч шахдаг байсныг нь сонсоод пүү паа гэдэг байсан. Гэтэл одоо бүр цагаандаа гарч Ерөнхий сайдынхаа гараар дамжуулж зоорь шахдаг болжээ.

Эрсдэлтэй гэх дүгнэлт аваад төрийн баахан мөнгөний өрөнд уначихаад буй Чингис хаан банк асуудлаа шийдэхгүй бол Капиталын араас ороход ойрхон байна. Нийгмийн даатгалын санд тус банк 100 орчим тэрбум төгрөгийн өртэй. Үүнийг барагдуулахаар төрийн байгууллагууд ажиллаж байгаа.

Гэтэл уг өр барагдуулах ажлын хажуугаар зарим сайд, дарга нар дажин үүсгэж төрд байж боломгүй шахаа хийхээр завдаж буй нь өнгөрсөн долоо хоногт “гэрэл цохисон”. Тодруулбал, Чингис хаан банкнаас төр өрөндөө хүнсний зориулалттай зоорийг нь 25 тэрбум төгрөгөөр үнэлж авахаар болсон явдал юм. Зоорь авч болно гэхдээ бодит үнэлгээнээсээ хэд дахин өссөн үнэлгээгээр төрд шахах нь утгагүй.

Тэгвэл үүнтэй холбогдуулан хоёр асуудалд анхаарал хандуулах ёстой. Нэгдүгээрт, энэ зоорийн зах зээлийн бодит үнэлгээ. Өөрөөр хэлбэл, төр 25 тэрбумаар худалдаж авах гээд байгаа уг зоорийг хэдэн жилийн өмнөх ЗУРГААХАН тэрбум төгрөгөөр үнэлж байсан гэх баримтууд хэвлэлээр дэлгэгдэв. Өөрөөр хэлбэл бодит үнэлгээг нь заавал нарийвчлах ёстой байна.

Хоёрт, энэ тэнэг том шахааг хэн, хэн зохион байгуулан гүйцэтгэж, удирдав. 6 тэрбумын өртөгтэй гэх зоорийн шахааг 25 тэрбум болтол далийтал шахаж буй адал балмад опперацийг хэн хийв гэдэг бол энэ үйл явдлын хамгийн том асуулт. Тэр хүн энэ адал балмад шахаагаа тэмдэглэлээр оруулж Ерөнхий сайдаар алх цохиулан эцэст нь буруутан болгож үлдээж дөнгөжээ. Хэрвээ үнэлгээ нь 25 тэрбумдаа хүрэхгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ алх цохисноороо нэлээд баалуулан. Ерөнхийдөө буруудна. Яагаад гэвэл ЗГ-ын хурлаас уг асуудлыг шийдсэн тул. Тогтоолоор оруулж ирсэн бол яамдаас санал авах ёстой. Гэвч тэр замаар биш тэмдэглэл байдлаар яамдаас санал авахгүйгээр оруулж ирсэн нь бас бодлоготой үйлдэл.

Тиймээс 2021 оны 11 дүгээр сарын 3-ны хуралдаанд уг асуудлыг тэмдэглэлээр оруулж, Ерөнхий сайдынхаа толгойг “эргүүлж” алх цохиулсан нөхрийг л олох хэрэгтэй. Гишүүн бус байхдаа 33 тэрбум төгрөгийг зээл Хөгжлийн банкнаас авсныхаа “төлбөрт” өнөөдөр зарим хүмүүс улс төрөөс бүр мөсөн явах дээрээ тулж байхад 25 тэрбумын шахааг төрд хийчихсэн нөхдүүдийг уснаас хуурай гаргаж хэрхэвч болохгүй. Шударга ёс талаасаа ч энэ бол байж боломгүй үйлдэл.

Ер нь иймэрхүү төрлийн шахааг ганцаараа бус хоёр, гурваараа “гуялаж” хийдэг жишигтэй. Тиймээс асуудал оруулсан сайдаас гадна цаана нь өөр хэн байна вэ гэдгийг ч бас улс төрийн өнцгөөс харах нь зүйтэй. Ер нь Нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт Чингис хаан банкнаас авсан 25 тэрбум төгрөгийн хүнсний зориулалттай зоорийг авах асуудлыг оруулах Засгийн газрын гишүүн эрхлэх асуудлынхаа цар хүрээгээр тун цөөхөн.

Мөн тус банктай холбоотой улс төрийн хамаарлуудыг нь ч гэсэн бодолцох нь зүйтэй. Тус банкны хувьцаа эзэмшигчийн нөхөр Б.Батхүү нь МАН-ын бага хурлын гишүүн. Энэ хүнтэй УИХ-ын дарга, Сангийн сайдаас эхлээд хэд хэдэн улстөрчид найз нөхөд, гэр бүлийн дундын компанитай гэх мэдээллүүд улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж байна. Одоо ч сүүлдээ шахаа хүртэл утгаа алдаж дээ.

Г.Лхагвадорж

“Би улаан бүсэд бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж чадсан хэрнээ төрсөн хүүгээ хамгаалж чадаагүй “АРЧААГҮЙ“ ЭЭЖ
“Би улаан бүсэд бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж чадсан хэрнээ төрсөн хүүгээ хамгаалж чадаагүй “АРЧААГҮЙ“ ЭЭЖ
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.