Өчигдөр сувилагч нар Төрийн ордонд чуулж, өмнөө тулгамдаж буй асуудлыг хэлэлцэнгээ зарим нь энгэрээ мялааж, цэцгийн баглаан дунд бараг л төөрч байгаа харагдав. Гэвч нэгэн сувилагч нүдэндээ доголон нулимс, сэтгэлдээ уйтгар гуниг, шанан тээн өвчиндөө шаналаж буй хүүгийнхээ зургийг тэврэн Төрийн ордны зүг саравчлан зогсоно.
Түүнийг Ж.Шинэтуяа гэдэг бөгөөд 17 дахь жилдээ ажилаж буй сувилагч хэмээх баатар. Цар тахал нүүрлэсэн дэлхий нийтэд нүүрлэсэн цагаас тэрбээр улаан бүсэд тусгаарлагдан ажилласан.
Гэртээ харьж үр хүүхэддээ анхаарал хандуулъя гэвч түмэн олныхоо эрүүл мэндийн сахин хамгаална гэсэн төрийн өмнө өгсөн тангарагтаа үнэнч байх ёстой. Тэр тангаргаас Монгол хэмээх улсынх нь ирээдүй хамаарах учир өөрийн биеийг гаргууд гаргахаас аргагүй.
Яг ийм мөчид балчир үр нь өвчиндөө шаналж гэртээ хэвтэж байгаа.
Тэрбээр энэ талаараа "Улаан бүсэд 10 хоног тусгаарлагдаж ажилладаг байлаа. Бараг нойргүй шахуу олон хоногоор ажиллаж байгаа хэрнээ бие бараг ядардаггүй. Яагаад гэвэл, ээлжээ хурдхан шиг дуусгачихаад хүүгээ эмнэлэгт үзүүлэх юм шүү гэж бодохоор л өөрийн эрхгүй хүч ордог байсан. Даанч хүүгээ үзүүлж харуулж чадаагүй.
Учир нь коронагийн үед гэртээ хаяа л очино. Очсон ч нойр аваад л буцаад гарна. Заримдаа ч бараг хувцсаа солих гэж очдог байлаа. Ингэж явсаар цаг алдсан даа. Магадгүй надаас өөр ээж байсан бол "Ажил ямар хамаа байна.
Бусдын амь нас надад хамаагүй" гэх байсан байх. Гэтэл би тэгж бодоогүй тэнэг хүн дээ. Хүүгээ ийм хүнд өвчтэй гэж ч бодоогүй. Өвдсөн гэхээр нь удахгүй эмнэлэг орноо гээд л яваад байсан. Гэтэл өнгөрсөн 2021 оны сүүлчээр эмнэлэгт үзүүлтэл ясны хорт хавдартай гэсэн онош гарсан. Тэнгэр нураад л ирэх шиг болсон.
Юу хийх, яах учраа олдоггүй юм билээ. Их уйлснаа санадаг. Уйлаад л байсан. Тэгээд ухаан ороод хүү рүүгээ хартал хүү минь маш гунигтай харцаар алсын бараа ширтэж суусан. Яг тэгэхэд л "Би юу хийгээд байна аа. Хүүгийнхээ төлөө тэмцэх ёстой байтал уйлж унжиж суух гэж" бодсон" хэмээсэн юм.
ХАРИУ НЭХЭЭГҮЙ ХАЙРЫН ЭЗЭН
Хүү Г.Гандөл нь морин хуур тоглодог. Анги хамт олонтойгоо найрсаг харилцаатай, эгэл жирийн монгол хүү. Тэр том болоод хүссэн мэргэжлээ эзэмшиж, аав ээжийгээ гадаадад аялуулахыг хүсдэг. Бас хөөрхөн дүү нараа дагуулаад морь унаж, хамтдаа загасчлахыг хүсдэг гээд түүний хүсэл мөрөөдөл хязгааргүй.
Гэвч.... Гэвч өдөр хоног өнгөрөх тутам хөл нь янгинаж өвдөх нь олширч тэр хэрээрээ "Хөлгүй болчихвол яаанаа" гэдэг айдас атгахан зүрхэнд нь зүү шивэх мэт өвдөлтийг мэдрүүлнэ. Тэр өдөр бүр яс янгинаж өвдөх өвдөлттэйгээ тэмцэж байгаа. Гэхдээ уйлдаггүй. Уйлвал ээж нь шанална.
Учир нь, "Би бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж чадсан мөртлөө төрсөн хүүгээ хамгаалж чадсангүй арчаагүй хүн" гээд ээж нь өөрийгөө буруутгасан болохоор тэр. Тиймээс өвдөлтөө аль чадлаараа нааж, нулимсаа дотогш залгидаг. Гэхдээ нэг удаа баригдсан. Өвдөлт шөнийн цагаар улам ихэсдэг.
Өвчин намдаах эмийг хэчнээн олноор нь угаагаад ч өвчин нь намдахгүй, улам хүчтэй өвдөх үед өөрийн эрхгүй ёолж, уйлжээ. Энэ үед ээж нь өрөөнд орж ирээд "Миний хүү, өвдөлт нь намжихгүй байна уу. Эмч дуудъя" гэхэд нь "Үгүй ээ, ээж ээ. Би уйлаагүй. Жаахан л өвдөж байна" гээд нулимсаа шударсан байдаг.
Тэр ээжийгээ ийм л хариу нэхээгүй хайраар хайрладаг.
Муу зүйл тохиовол ээж минь л битгий зовж, шаналаасай гэж хүснэ. Ээж минь байвал надад өөр хүсэх юм алга гэж залбирна. Ээж минь, ээж минь гэсэн түүний чин хүсэл хязгааргүй. Ийм л хайрын эзэн болсон хүү өнөөдөр таниас тусламж хүсэж байна. Тэрбээр хэдхэн хоногийн дараа Энэтхэг рүү ниснэ. Сайхан сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэгээр эхний ээлжийн үзлэг, оношлогооны 50 орчим саяыг нь төлсөн байна. Одоо 40 гаруй сая төгрөг цугларсан.
Гэхдээ төлбөр бүрдэх яагаа ч үгүй. Учир нь хүүгийн хөлийг, амь насыг аврахад 900 сая төгрөг шаардлагатай.
Магад танд түүнд хандивлах 100 төгрөг байхгүй байж болно. Тэгвэл энэ нийтлэлийг бусдад түгээж буян болоорой гэж чин сэтгэлээсэй хүсье. Магад та Г.Гандөл хүү болон түүний ээжид чин сэтгэлийн дэмжлэг өгөхийг хүсвэл Сүхбаатарын талбайг зориод очоорой. Тэнд түүний ээж торойгоод сууж байгаа шүү.
ХАНДИВЫН ДАНС 5029838013
ХОЛБОО БАРИХ УТАС
ААВ ГАНЗАМ 8860-9182
ЭЭЖ ШИНЭТУЯА 8895-9182
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ