Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болорцэцэг: Дарга нараа, сувилагч нар цалин багатай, санхүүгийн чадамжгүй гэж ялгаварладгаа БОЛЬ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 40 секунд

Өнөөдөр Сувилагчийн баярын өдөр тохиож байна. Яг энэ цаг үед Б.Болорцэцэг хэмээх энэ эмэгтэй сувилагч нарын эрхийг хамгаалахаар Төв талбайд эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэрбээр нэгдүгээр төв эмнэлэг, Монгол-Японы хамтарсан эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгуудад нийт 15 жил ажилласан туршлагатай нэгэн. Ингээд түүнтэй нийгэмд өгөх гэсэн санаа, зорилгийн талаар ярилцлаа.

-Та эрүүл мэндийн салбарт ажилласан 15 жилийн туршлагатай юм байна. Гэтэл яагаад ажлаасаа гарсан юм бэ?

-Би бага насны хүүхэдтэй. Ажлаа хийхийг хүссэн ч хүүхэд харах хүн байхгүй. Цэцэрлэгт оруулах гэтэл сугалаанд нь сонгогдоогүй. Уг нь байгууллагадаа энэ байдлаа учирлаад ажлын цагийг богиносгох санал тавьсан. Гэтэл нэг бол ажлаа хий, үгүй бол хүүхдээ хар гэдэг сонголтыг шууд бусаар тулгасан. Ингэж хэлэхээр байгууллагаа мууллаа гэх байх. Гэхдээ бодит үнэн нь энэ. Уг нь хүүхдээ хувийн цэцэрлэгт өгөх гэж үзсэн. Гэтэл сувилагч нар хэдэн цаг ажиллаад хэдэн төгрөгийн цалин авдаг билээ. Тийм цалингаар хүүхдээ хувийн цэцэрлэгт өгөх боломжгүй шүү дээ. Тэгээд л ажлаасаа гарсан.

-Та ганцаараа зогсож байгаа юм уу?

-Тийм ганцаараа ирсэн.

-Сувилагчаараа ажиллахгүй байгаа хэрнээ яагаад тэдний эрхийг хамгаалах гээд байгаа юм бол гэж зарим иргэн гайхах байх. Цаашдаа сувилагчаараа ажиллах бодол бий юу?

-Эмч хүн ажлаасаа гарлаа гээд эмч байхаа больдоггүйтэй адил зүйл. Би удахгүй эргээд сувилагчаараа ажиллана. Тэр үед намайг ямархуу нөхцөл байдал хүлээж байгаа билээ гэдгээ хүн бодно шүү дээ.

-Хүүхдүүд нь хэдэн настай бэ?

-Бага нь гурав, том нь 10 настай.

-Сувилагчаар ажиллахын юу нь сайхан бэ. Тэр дурсамж, мэдрэмжээсээ хуваалцаж болох уу?

-Анх энэ мэргэжлийг дурлаж, хайрлаж сонгоогүй. Гэвч явцын үед үнэхээр дурладаг юм билээ. Хүний амийг аврах, хүнийг өвчин зовлонгоос нь салгаад эрүүл болсон байхыг, “Баярлалаа” гээд хэлэх тэр баярын үг, нулимсыг хараад л энэ мэргэжлийг сонгосондоо үнэхээр баярладаг. Тийм ч болохоор сувилагч бүр ажлаа дурлаж хайрлаж хийдэг. Би ч тийм л байлаа. Даанч хүүхэд харах хүнгүй учир яах аргагүй ажлаасаа гарсан. Гэхдээ эргээд орно. Яг тэр үед хүүхдийг минь хэн харах билээ гээд бэрхшээл тулгарах нь тодорхой. Тиймээс хүүхэд харах үйлчилгээтэй баймаар байна гэдгийг би өнгөрсөн жилээс хойш ярьж байгаа.

Даанч үгийг минь тоох хүн олдохгүй юм.

Үгүй ядаж төрийн байгууллагууд дэргэдээ хүүхэд харах үйлчилгээтэй бол алба хаагчид сэтгэл тайван ажлаа хийнэ шүү дээ. Гэтэл цэцэрлэгт хамрагдахын тулд сугалаа сугалдаг. Азтай нь цэцэрлэгт, азгүй нь гэртээ бай гэж байгаа юм шиг ингэж болохгүй биз дээ. Ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбарт эмэгтэйчүүд голчлон ажилладаг. Монгол Улсад 13 мянга гаруй сувилагч бий. Эдгээрийн 98 орчим хувь нь эмэгтэйчүүд. Тэр дундаа 20-40 насныхан. Ард нь дандаа нялх нойтон хүүхдүүд байдаг. Тэгэхээр яг хүүхэд харах бэрхшээлтэй нүүр тулсан эмэгтэйчүүд байгаа биз дээ.

-Өөрөө энд ганцаараа зогслоо гээд ямар нэг үр дүн гарах болов уу. Юу гэж бодож байна?

-Миний хэлэх гээд байгаа зүйл бол өнөөдөр Сувилагч нарын баярын өдөр бус харин эрхээ хамгаалах учиртай өдөр юм аа. Сувилагч нар энэ өдөр эрхээ хамгаалахын төлөө дуугардаг байгаасай, өмнөө тулгарсан бэрхшээлийг нууж хаалгүй хэлдэг байгаасай гэж хүссэндээ энд зогсож байна. Магадгүй би өнөөдөр энд ганцаараа зогсож болно. Гэтэл 2023 оны яг энэ өдөр би ганцаараа биш олуулаа зогсож байхыг үгүйсгэхгүй биз дээ. Цалин нэмүүлмээр байна. Ажлын байрны дарамт их байна гэж салбар бүрийнхэн ярьдаг, хэлдэг. Гэтэл тэр дунд эмнэлгийн ажилчид барагтай дуугарч байгаагүй. Ялангуяа сувилагч нар. Тиймээс би үүний эхлэлийг тавьж, шан татахыг хүссэн. Би дахиад нэг зүйл хэлчих үү.

-Тэг тэг.

-Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг “идсэн” Капиталын Б.Ундармаагийн эд хөрөнгийг хураасан. Тэрний дунд ямар нэгэн үү, орон сууцыг иргэдэд зарсан гэсэн дээ. Гэтэл тэр байрнаас яагаад эмнэлгийн ажилчдад өгөөгүй хэрнээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ажилчдад өгсөн байна лээ. Яагаад эмнэлгийн ажилчдад өгөөгүй гэдэгт Дэмбэрэл гэнэ үү, нэг дарга нь “Эмнэлгийн ажилчид чадваргүй, чадамжгүй” гэж хэлсэн байна лээ. Юү гэсэн үг үү. Өөрөөр хэлбэл, эмч, сувилагч нарын цалин муу. Байрны урьдчилгаа 30 хувиа төлөх санхүүгийн боломжгүй. Харин яам, Тамгын газар, агентлагт ширээний ард суудаг хүмүүс бол мөнгөтэй, цалин сайтай гээд бараг хэлчихэж байгаа биз дээ. Тиймээ үнэн. Сувилагч нар гар дээрээ 500 гаруй мянга л авдаг. Тэр дарга нар шиг саяар нь авдаггүй. Гэхдээ хэрвээ байр авах уу, боломж нь байна гэвэл ямар ч сувилагч урьдчилгаа 30 хувиа цуглуулахын төлөө хичээнэ. Ядаж асуу л даа. Гэтэл шууд л дээгүүрээ хуваагаад авчихсан. Ийм баймааргүй байна.

П.Наранбаяр: Д.Сосорбарам гуайг шоолсон постууд анхаарал татав. Ямар их харанхуй вэ
П.Наранбаяр: Д.Сосорбарам гуайг шоолсон постууд анхаарал татав. Ямар их харанхуй вэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.