“Тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг (LRT)-ний шугам тавих" төслийн талаар Засгийн газар тооцоо судалгаа хийж, зээлийн батлан даалт гаргах боломжтой гэж үзсэн. Үүнийг Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо дэмжиж, улмаар Төсвийн байнгын хороо дэмжих эсэхээ хэлэлцэж, УИХ-аар хэлэлцүүлэх байсан. Гэтэл Төсвийн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэлгүй, сугалан авч үлджээ.
Үүнийг эсэргүүцэн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Нийслэл хотын түгжрэл бол улсын асуудал гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн. Нийслэлийн хөгжлийг шийдэхийн тулд түгжрэлтэй бид дайн зарласан. Энэ дайнд бид ялагдаж байна. Үүнийг ялах хэд хэдэн шийдлийн нэг нь нийтийн тээврийн хэрэгсэл, авто зам. Тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэргийг барьж байгуулахыг Ерөнхий сайд дэмжсэн. Сангийн яам тооцоогоо хийж, өрийн тааз, нөхцөл байдалтай уялдуулан Түр хороон дээр тайлбараа хийсэн. Гэтэл Төсвийн байнгын хороон дээр хэдэн дарга яриад аваад үлдсэн. Гурван тэрбум хэмнэх гэж ядаж байхад гурван их наядын асуудал ярилаа гэх. Бидний зовлон, бэрхшээл түгжрэл мөн юмуу, биш юмуу гэж асуумаар байна. Түгжрэлийг мөнгөгүй, эсвэл бага мөнгөөр шийдэж болохгүй. Төсвийн байнгын хороонд нийслэлээс сонгогдсон дөрвөн гишүүн байдаг. Том мөнгөөр том асуудал шийднэ. Ярихаар хойш тавиад байдаг. Одоо бид юу хийх вэ. УИХ дахь МАН-ын бүлэг, эрх баригч улс төрийн хүчин түгжрэлийг шийдэхийн тулд хэдэн автобус оруулж ирээд болчих юм уу. Түр хороо Байнгын хорооны эрх мэдэлтэй. Түр хороо л асуудал шийдсэн юм шиг байна лээ гэдэг байдлаар хандаж болохгүй. Түгжрэлтэй холбоотой асуудлыг шийдэхгүй бол иргэдийн эсэргүүцэлтэй тулгарна. Би ч гэсэн ард түмний төлөөлөгч болохоос хэн нэгний албат биш. Түгжрэлээ шийдэж чадахгүй, энд дайнд ялагдсанаас ард түмэнтэйгээ хамт УИХ дотор асуудал шийдэхгүй байгаа хүмүүсийн эсрэг тэмцэх нь бидний хамгийн чухал үүрэг. Би мануухай болж суухгүй, хувийнхаа асуудлыг яриагүй. Түгжрэл Монголын нэг номерын асуудал биш юм бол үүнийг шийдэхгүй байж болно. Энийг шийдье гэж байгаа бол автобус оруулж ирээд болчих юм биш. Яагаад Монголыг хорлодог ийм улсууд байдаг юм. Улаанбаатараас өөр газраас сонгогдсон болохоор Улаанбаатарын эсрэг ингэж ажилладаг юм уу. Улаанбаатарын хөгжлийг гацаагч, хязгаарлагч хүчин зүйл нь Монголын төрд байгаа тодорхой албан тушаалтнууд. Алхам тутамдаа ил, далд байдлаар гацаадаг. Хэмнэж байгаа нэрээр ард түмнийхээ эсрэг, хөгжлийн асуудлыг гацааж байгаа нь бодлого мөн юмуу. Ерөнхий сайдын бодлогыг унагаж байгаа нь бодлого мөн үү. Засгийн газрын оруулж ирсэн тогтоолын төслийг сугалж авч үлдэж байгаа нь бодлого мөн юм уу гэдгийг намын зарим хүнээс асуумаар байна. Түүхийн өмнө хариуцлагын хүлээнэ шүү. Өнөөдрийн хуралдааны тэмдэглэлийг олон жил гаргаж тавина байх гэж бодож байна.
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг “Төсвийн тодотголыг дагалдан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хоёр төсөлд Засгийн газрын баталгаа гаргая гэдэг тогтоолын төслийг оруулж ирсэн. Хөнгөн галт тэрэгний баталгаа дээр хуулийн хүрээнд 50 хувь буюу 510 саяд Засгийн газрын баталгаа гаргах бололцоо байна гэдэг байдлаар төслийг оруулж ирсэн хэмээсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Үнэхээр харамсалтай байна. Тавдугаар сард ажил эхлэх гээд хүмүүс хүлээж байна. Энэ жил хийхгүй бол 2023 он болно. Үнэхээр урам хугарч байна. Энэ бол хэдхэн хүний асуудал биш. Одоо хийж чадахгүй бол худлаа болно" гэлээ.