
Монгол залуус ид хийж бүтээх насаа БНСУ-д хар ажил хийж өнгөрүүлдэг. Ямар ч мэргэжилтэй, өндөр боловсролтой байсан хамаагүй боломж л олдвол Солонгост ажиллаж, ахуй амьдралаа дээшлүүлэх зорилго тавьдаг болсон гэхэд хол зөрөхгүй. Үүнийг тоон мэдээллүүд тод гэрчилнэ. Хамгийн сүүлд авсан албан бус мэдээллээр манай улсын 54 мянган иргэн БНСУ-д оршин сууж байгаагаас 17 мянга нь хууль бусаар буюу хараар ажилладаг гэсэн мэдээлэл байна. Товчхондоо бол гэрээгээр болон аялал, ажлын шугамаар солонгост очоод тэндээ харласан тохиолдол олон байдаг.
Гэтэл сүүлийн жилүүдэд эмчилгээний виз мэдүүлж БНСУ-д очоод харлах тохиолдол нэмэгджээ. Тодруулж хэлбэл, хөнгөн өвчнөөр виз мэдүүлж очоод хэсэг хугацаанд эмчилгээ хийлгэж байгаад харладаг тохиолдол нэмэгдсэн байна. Эх орондоо амьдрах боломж хомс, цалин хөлс хангалтгүй, татварын дарамт их гээд зугтаах шалтгаан олон. Гэвч өвчин зовлондоо шаналж, өдөр хоногийг амь тэмцэн өнгөрүүлж байгаа хүмүүсийн боломжийг хулгайлж, эмчилгээний визээр оччихоод харлах нь олон асуудлыг араасаа дагуулдаг байна.
Хамгийн энгийн ганцхан жишээ бол эмчилгээний виз шинээр мэдүүлж байгаа болон визээ сунгуулах гэж байгаа хүмүүс "Танайхан эмчилгээний визээр ирчхээд харлачихдаг" гэх үгтэй нүүр тулж, арга мухарддаг болоод багагүй хугацааг үджээ.
"ХӨНГӨН ХЭЛБЭРИЙН ОНОШООР ОЧООД ХАРЛАЧИХДАГ. ТЭР ХҮМҮҮСЭЭС БОЛЖ ЭМЧИЛГЭЭНИЙ ВИЗНИЙ ХӨНГӨЛӨЛТ АВАХ, ВИЗЭЭ СУНГУУЛАХАД ХҮНДРЭЛТЭЙ БОЛЖ БАЙНА"
Үүний тод жишээ иргэн Б.Бадамцэцэг. Тэрбээр охиныхоо эрүүл мэндийн төлөө гурван жилийн турш БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа. Түүнд охиныхоо эмчилгээний зардлыг олохоос эхлээд эмчилгээний визээ сунгах, хөнгөлөлт эдлэх гэх маш олон асуудал тулгамддаг гэдгийг бидэнд учирлав. Бид түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Таны охин ямар оношоор БНСУ-д эмчлүүлж байгаа вэ?
-Миний охин Б.Цэрэнлхам одоо 3 настай. 2022 оны долоодугаар сард тархины хүчил төрөгчийн гүн дутагдалтай гэж оношлогдон БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийн эмнэлэгт эмчлүүлэхээр очсон. Өдгөө гурав дахь жилдээ эмчлүүлж байна. Одоо ганцхан түнх солих хагалгаа л үлдсэн. Хагалгааны зардалд 25-50 сая вон шаардлагатай учраас хагалгаандаа орох гээд хандивын аян өрнүүлж байгаа.
-Таны хувьд БНСУ-д эмчилгээний визээр очоод гурав дах жилдээ охиноо эмчлүүлж байгаа юм байна. Эмчилгээний визээр очоод харладаг тохиолдол их байдаг учраас визээ сунгуулах болон шинээр авахад шалгуур чангарч, нөхцөл байдал хүнд байгаа гэсэн мэдээлэл байна. Танд ийм асуудал тулгардаг уу?
-Солонгос улс руу явахад /С-3-3/ гээд эмчилгээний виз гардаг. Энэ визээр гараад очиход G1 ангилалтай болж хувирдаг. Үүнийг зургаан сараар сунгаад явдаг журамтай. Гэтэл хөнгөн хэлбэрийн өвчлөлтэй хүмүүс эмчилгээний визээр очоод хууль зөрчиж харладаг. Энэ нь хүнд өвчинтэй тэмцэж, хүний нутагт зовж байгаа хүмүүст визээ сунгуулах болон хөнгөлөлт авахад хаалт болж байна. Манай улсыг хариуцсан Immigration-ий дарга дээр орж уулзахад, "Танай улсаас эмчилгээний визээр ирсэн хүмүүс харлах тохиолдол их байдаг учраас ямар ч боломж байхгүй" гэдэг хариуг хэлсэн. Өөрөө явсан одоо боллоо гэж бодох бус өвдөж, зовоод арга мухардсан хүмүүсээ бодолцож, суугаа орныхоо хуулийг ягштал биелүүлмээр байна. Хүний нутагт өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэх амар биш учраас арга буюу харлаж байгаа хүмүүс ч байгаа. Гэхдээ зөвхөн өөрийгөө бодсон аминч үзлээр асуудалд хандмааргүй байна. Дараа дараагийн хүмүүсийнхээ явах замд хаалт босгомооргүй байна.
-Эмчилгээний зардал өндөр учраас арга буюу харлаж байгаа хүмүүс ч байгаа гэлээ. Та тэнд 3 жил болсон. Таны эргэн тойронд тийм хүмүүс байна уу?
-Миний эргэн тойронд ч тийм хүмүүс байна. Гэхдээ би өнөөдөр энд нэрийг нь хэлэхгүй. Өндөр үнэтэй эмчилгээний зардлаа төлж чадахгүй арга буюу харласан хүмүүс ч байгаа. Виз сунгуулах бүрт 20 сая вон дансанд байх ёстой гэдэг. Өдөр бүр өндөр үнэтэй эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст тэр их мөнгө хаанаас байх вэ. Яг энэ шалтгаанаар харладаг. Эмчилгээний визний материалын босгыг маш өндөр тавьдаг. Үүнд тэнд очоод харладаг байдал нөлөөлдөг. Манай улсад ч гэсэн хүмүүс хуурамчаар виз мэдүүлж орж ирээд харлаад байвал бид ч гэсэн арга хэмжээ авна биз дээ. Чанга байхад яагаад харлаад байгаа юм бэ гэж гайхах байх. Хөнгөн хэлбэрийн оношоор очоод харлачихдаг. Эмчилгээнийхээ зардлыг олж чадахгүй арга буюу харлаж байгаа нь ч байгаа. Тэр хүмүүсээс болж эмчилгээний визний хөнгөлөлт авах, визээ сунгуулахад маш хүндрэлтэй болж байна.
-Эмчилгээний зардлын асуудал хэцүү учраас арга буюу харладаг хүмүүс олон байдаг гэлээ. Та 3 жил болсон. Яаж болгоод байдаг юм бэ. Охин нь өдөр бүр 230-280 мянган төгрөгийн нөхөн сэргээх эмчилгээг хийлгэдэг гэсэн. Эмчилгээний визтэй учраас ажил хийх боломж байдаггүй байх?
-Намайг харддаг. "Яаж танайх төлөөд байдаг юм. Яаж болгоод байдаг юм бэ" гэдэг. Би бусад хүмүүсийг боломжийг хулгайлж, хууль зөрчихгүйн тулд байдаг чадлаараа хичээсэн. Монгол түмнээсээ болон ах дүү хамаатан саднаасаа тусламж авсан. Зарим хүмүүс намайг хараад таних байх. Би боорцог хийгээд, тараг бүрээд, хайлмаг хайлаад Монгол таун дээр зардаг. Монгол хүний идэх дуртай зүйлийг хийвэл монгол хүн авна. Солонгост хүнд зориулсан юм хийгээд зарвал би хууль зөрчинө. Тиймээс зөвхөн монголчууддаа зориулсан зүйлийг хийж зардаг. Тэрнийхээ хүчинд би хүүхдийнхээ эмчилгээг ч таслалгүй өнөөдрийг хүрсэн. Одоо түнх солиулах хагалгааныхаа зардлыг олох гээд хөл хүрэх газар хүртлээ явж байна. Монголын эрүүл мэндийн тогтолцоо хүнд байна. Бодлого боловсруулахгүй байна. Боловсрол өнөөдөр зээлтэй байна. Эрүүл мэндийн салбарт байхгүй. Тусламж өгөхгүй ээ. Эмчилгээний зардлын чинь 50 хувийг өгч чадахгүй гэж байгаа бол зээлтэй болго л доо. Харлаад алга болчихно гэж айж байгаа бол визний зөрчилгүй эмчилгээнийхээ визээр байгаа, тууштай эмчилгээгээ хийлгэж байгаа айлууддаа зээл олго л доо. Үүнийг бодлогоор шийдэхгүй бол банк бид нартай харьцахгүй байна шүү дээ. Хүүхэд нь өвдчихсөн. Ажил хийдэггүй. Төлбөрийн чадваргүй гээд тоож ч харахгүй. Зээл аваад хүүхдээ эмчлүүлчихвэл ажил хийгээд зээлээ төлөх боломж байгаа шүү дээ. Гэтэл бидэнд ямар ч гарц алга. Нэг ч шийдэл алга. Тиймээс гарц гараасай гэж бодож байна. Бид нарт өнөөдөр зөв бодлого зөв дүрэм зөв хэлэлцээр хэрэгтэй байна. Хүний нутагт очоод арга мухардсан хүмүүсээ эргэж нэг хармаар байна. Тэнд амьдрал үнэхээр амар биш байна.
Бид эмчилгээний визээр БНСУ-д очоод харласан тохиолдол хэд байдаг. Ямар асуудал тулгарч байна. Ямар шийдэл хэрэгтэй вэ гэдгийг тодруулахаар ГХЯ, ЭМЯ, Элчин сайдын яам гээд холбогдох байгууллагуудтай нь холбогдож мэдээлэл авах гэсэн боловч "Манайх мэдэхгүй. Манайд тийм мэдээлэл байхгүй" гэх яг адилхан хариулттай нүүр тулав.
Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭМЧИЛГЭЭНИЙ ВИЗНИЙ ШАЛГУУРЫГ ЗӨӨЛРҮҮЛЭХ АСУУДАЛ ЯРИГДАЖ БАЙГАА Ч ОЧООД ХАРЛАЖ БАЙГАА ИРГЭДТЭЙ ХОЛБООГООР АСУУДАЛ ҮҮСЭЖ БАЙНА
Тиймээс бид Монгол-Солонгосын парламентын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй уулзаж, нөхцөл байдлын талаар тодрууллаа.

Тэрбээр, "Монгол-Солонгосын парламентын бүлгээс Монголчуудын визтэй холбоотой болон оршин суух, суралцах, эрүүл мэндийн чиглэлийн асуудлуудыг хөндөж байгаа. Эрүүл мэндтэй холбоотой асуудал дээр БНСУ-ын элчин сайдын яамнаас мэдээлэл авахад өнгөрсөн жил 3000 хүн виз авсан гэдэг мэдээллийг өгсөн. Үүний 500 нь цахимаар, 2500 нь биечлэн авсан байсан. Өнгөрсөн жилийн хугацаанд нийт 20 мянган монгол иргэн БНСУ-д эмчилгээ хийлгэсэн. Энэ бол нийт тоо. Ажлын, аяллын гээд бүх төрлийн визээр очоод эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан иргэдийн тоо. Эмчилгээний визээр очоод харлаж байгаа асуудал бол тодорхой хэмжээнд хөндөгдөж байгаа. Тийм учраас БНСУ-ын Элчин сайдын яамнаас арга хэмжээ авч байгаа зүйлүүд ч байгаа. Өмнө нь нэг өвчтэй хүнийг 2 хүн дагаж явж болдог байсан бол одоо 1 өвчтөнийг 1 асран хамгаалагч дагалдаж явна гэх мэтээр визний нөхцөлүүдийг тавьж байна. Товчхондоо бол визний нөхцөл чангарч байгаа процессууд бол байна.
Цаашдаа эрүүл мэндийн чиглэлд хөнгөлөлт болон шалгууруудыг зөөлрүүлэх байдлаар виз олголтууд явагдана гээд байгаа боловч нөгөө талдаа очоод харлаж байгаа иргэдтэй холбоотой асуудлаас үүдээд дараа дараагийн хүмүүст асуудал үүсээд байгаа зүйлүүд байна.
Эрүүл мэндийн чиглэл дээр бас нэг яригдаж байгаа асуудал нь тэнд эмнэлэгт ажиллаж байгаа монгол орчуулагчдын авч байгаа дундын зуучлалын мөнгөтэй холбоотой асуудал. Энийг бол монголчууд бас их хөндөж байгаа. Энэ нь юу вэ гэхээр бид нар эмнэлэг дээрээ очдог эмнэлгээсээ тодорхой хэмжээний хямдралыг авдаг. Гэтэл зарим эмнэлгүүд хямдрал өгөх боломжгүй тэр хямдралыг дундын зуучлагч нар буюу орчуулагч хийж байгаа танай монголчууд авчихсан гэдэг асуудлыг ярьдаг. Жишээлбэл, 100 сая төгрөг хагалгааны зардалд гарлаа гэж тооцоход багадаа 10-15 сая төгрөгийг дундын зуучлагчид авдаг гэсэн мэдээллүүдийг бид нарт ирүүлж байгаа. Улирлын чанартай ажилтан зуучлал дээр дундын агентын асуудал яригдаад байсан. Гэтэл эрүүл мэндийн асуудал дээр дундын зуучлалын асуудал бас хөндөгдөж байна. Бас л тэнд ядарсан монголчуудаараа мөнгө хийж байгаа процессууд яваад байна. Тэгэхээр цаашдаа манай гадаад харилцааны яам БНСУ-ын талтай ярилцаж тодорхой болгох хэрэгтэй байгаа. Үүн дээр манай Монгол-Солонгосын парламентын бүлэг ажиллахаас өөр аргагүй байдалтай байна. Монгол иргэд маань эх оронтой. Тэнд хууль зөрчиж, хил гаалиар нэвтрэхэд асуудал үүсгээгүй байхад хүлээж авч байгаа нөхцөл байдал маш хүнд байдаг. Монгол Улс иргэдээ ингэж доромжлуулаад байж болохгүй" гэлээ.
Энэ удаад бид эмчилгээний визээр БНСУ-д очоод харлах тохиолдол байдаг. Үүнээс болоод өвдөж зовоод тус улсыг зорих гэж байгаа иргэд шинээр виз авахад хүндрэл үүсэж байгаа асуудлыг хөндлөө. Монголд эмчлэгдэх боломжгүй гэх хариуг эрүүл мэндийн байгууллагаас сонсож, арга мухардсан иргэдэд хамгийн ойрхон, хамгийн боломжийн үнэтэйгээр очиж эмчлүүлэх боломжтой улсуудын нэг нь БНСУ байдаг. Гэтэл энэ боломжийг нь тэднээс хулгайлж, эмчилгээний визээр оччихоод хууль зөрчиж харлаж байгаа хүмүүс олон байгаа нь харамсалтай. Эмчилгээний зардал, эмнэлгийн төлбөрийн дарамт гээд хүний нутагт амаргүй замыг туулж, арга буюу харлаж байгаа хүмүүс байгаа ч тэднийг зөвтгөх аргагүй. Монголчууд эмчилгээний визээр ирэхээрээ хууль зөрчиж харладаг гэх ойлголт гаарч, тохиолдлууд нэмэгдэх тусам дараагийн очих хүмүүсийн туулах зам уртсаж, тавигдах шаардлага нэмэгдэнэ. Энэ бол төрөөс шийдэл нэхэх бус хувь хүний ухамсартай холбоотой асуудал. Тиймээс өөрөө л болж байвал бол оо гэсэн аминч үзлээсээ алхам ухарч, өвдөж зовсон нэгнийхээ урагшлах замд хаалт босгохгүй байхыг хүсье.