БНХАУ-ын талаас Монголын нүүрсний хоёр дахь боомт болох Шивээхүрэн боомтын нүүрс экспортыг энэ сарын 25-аас эргэн сэргээхээр болсон талаар албаны эх сурвалж мэдээлэв. Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 47 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагаандэл-Уул боомт болон Дорноговь аймгийн Ханги боомтуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан, холбогдох арга хэмжээг авсан байна. Энэ талаараа өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Тодруулбал,
-Шивээхүрэн боомт дээр хийгдэж буй PCR оношлогооний 2 лабораторийг ашиглалтад оруулж, энэ сардаа багтаан үйл ажиллагааг нь нээнэ.
-Өмнөговь аймгийн Номгон, Хүрмэн сумын 300 орчим иргэдтэй Хүрмэн сумын Жанжин багт уулзалт хийсэн. Иргэдийн зүгээс байгаль орчин бохирдож, экологийн тэнцвэрт байдал алдагдаж, бэлчээр талхлагдан, эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжгүй болно гэж үзэж байна гэдгийг Засгийн газарт танилцуулсан.
-Гашуунсухайт боомтын гаалийн хяналтын бүс буюу нүүрс ачих, буулгах идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 28 талбайд 4,6 сая тонн нүүрсний овоолго байна. Үүний 50 хувийг экспортолсон тохиолдолд шинэ борлуулалт хийх талаар худалдан авагч талтай тохиролцсон. БНХАУ-ын халдвар хамгааллын дэглэмээ чанд сахь гэдгийг хэлж байгаа. Бид боомт дээрх халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж, боомтоор нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоог 04 дүгээр сарын 17-ны өдөр 40 автомашинаар нэмэгдүүлж 280 болгосон.
-Ханги боомт одоогийн байдлаар ажлын 5 өдөр, 08 цагаас 17 цагийн хооронд ажиллаж байгааг ажлын 6 өдөр болгох мөн ажлын цагийг уртасгах хүсэлтийг БНХАУ-ын талд дипломат харилцааны шугамаар тавьжээ.