Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шивээхүрэн-Сэхээ боомтын 6.9 км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулснаар хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 10 сая тонноор нэмэгдэнэ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 11 секунд

Монгол Улсын Шивээхүрэн боомтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сэхээ боомттой холбох 6.9 км төмөр замын бүтээн байгуулалт дууслаа. Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох нь Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж байна.

Шивээхүрэн-Сэхээ боомтын 6.9 км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулснаар Нарийнсухайтын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэн экспортод гаргах шинэ хилийн гарц нээгдэж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 10 сая тонноор нэмэгдэнэ. Тээврийн өртөг буурч, хүрээлэн буй орчин ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл сайжрах, экспортыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүллээ. Монгол Улсын төмөр замын тээврийн салбарыг хөгжүүлэх, дотоодын төмөр замын сүлжээг нэмэгдүүлэх, хилийн боомтын шинэ гарц бий болгох, уул, уурхай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын барилгын ажил 1 жилийн хугацаанд өөрийн хөрөнгө оруулалтаар “Нарийн сухайтын төмөр зам” ХХК гүйцэтгэн дуусгасан.

Шивээхүрэн төмөр замын төсөл нь дэлгэмэл уртаар 19.2 км, өртөөний зам зам, дохиолол төвлөрүүлэлтийн байгууламж, эрчим хүч, ус хангамж, барилга, шилжүүлэн ачих байгууламж гэсэн цогц суурь бүтэц бөгөөд өнөөдрийн байдлаар төмөр зам, барилга байгууламжууд баригдсан, төсөл 3 дугаар улиралд бүрэн хэмжээнд дуусахаар байна. Шивээхүрэн нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг стратегийн ач холбогдолтой боомт юм. Тус боомтоор жилд дунджаар 10-18 сая тонн эрдэс баялаг, уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж байна. Энэхүү хүчин чадлыг өсгөх боломж нь төмөр замын тээвэр бөгөөд хүчин чадал өсөж, 30-35 сая.тонн болгон боомтын хүчин чадлыг өсгөх нэмэгдүүлэх боломжтой.

Энэхүү төмөр зам нь 1435 мм-ийн царигтай, галт тэрэг хүлээн авах, явуулах 5 салбар зам бүхий дэлгэмэл урт нь 19,3 км төмөр замтай, ачилт буулгалтын 4 салаа зам бүхий чингэлэгтэй ачааг авто машинаас буулгах, вагонд шилжүүлэн ачих, хоосон чингэлгийг буцаан авто машинд ачих чингэлэг өргөгч ажиллах зориулалтын даацын тайлбай бүхий терминалтай. ”Нарийн сухайт төмөр зам” ХХК нь бүтээн байгуулалтыг дуусган “Шивээхүрэн төмөр зам” ХХК-д хүлээлгэн өгснөөр, “Шивээхүрэн төмөр зам” ХХК нь бүтээн байгуулалтын дараагийн үе шат болох тээврийн үйл ажиллагааг эрхлэн явуулна.

ЗГ: Уруйн үер болон гол, мөрний үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна
ЗГ: Уруйн үер болон гол, мөрний үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.