Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр болж байна. Тус барилдаанд зодоглохоор ирсэн Даян аварга Н.Батсуурийг бүртгээгүйн улмаас багахан маргаан дэгджээ. Тодруулбал, Даян аврага Н.Батсуурь өчигдөр цахим хуудастаа "маргааш зодоглоно" хэмээн бичиж байсан ч өнөөдөр зодоглож чадаагүй тул тэрбээр “Май, энэ малгайгаа ав та нар” хэмээсээр Бөхийн өргөөг орхин явсан нь бөх сонирхогчдыг талцуулаад байна.
Тэгвэл аль талын буруу вэ. МҮБХ юу. Эсвэл бүртгэлээ хийлгээгүй барилдахаар ирсэн байж болзошгүй Н.Батсуурь аваргын буруу юу?
Бид аль аль талын байр суурийг сонсох гэсэн боловч хариу мэдээлэл өгөх хүмүүс утсаа авсангүй. Харин үүнд олон нийт ямар дүгнэлт хийж байгааг хүргэе.
Олон нийтийн үзэж буйгаар аль аль тал нь буруутай аж. Тодруулбал
1. Бүртгэлээс хоцорсон мөртлөө барилдах гэж дайрсан нь Батсуурийн буруу хэмээн үзэж байгаа бол нөгөө талдаа
2. Ерөнхийлөгчийн цомын барилдааны үеэр бүртгүүлээгүй хэдий ч гэнэт шуугиулан гарч ирсэн Ц.Содномдоржийг барилдуулсан байж өнөөдөр Н.Батсуурийг барилдуулахгүй байх шийдвэр нь бөхчүүддээ хоёр өөр ялгаварлалттай хандсан Монголын Үндэсний Бөхийн холбооны буруу хэмээн дүгнэж байгаа юм байна.
Харин Н.Батсуурь аваргын сүүлд өөрийн цахим хуудастаа оруулсан "Бүртгэлгүй ирнэ гэж байхгүй шүү" хэмээн бичсэн МҮБХ-ны албан ёсны цахим хуудастай бичсэн захидлын он сар өдрийг харвал МҮБХ хамгийн сүүлийн барилдааны бүртгэлийг нь бүртгээгүй байх магадлалтай харагдаж байна.
Эндээс харахад үнэхээр бүртгэхгүй байх шалтгаантай байсан бол МҮБХ түүнийгээ тайлбарлах хэрэгтэй. Харин допингтой холбоотой барилдуулаагүй бол Н.Батсуурь хууль дүрмээ үл "огоорон" бөх сонирхогч олон нийтийн өмнө цол эрэмбээрээ далайлгасан энэ үйлдлээ зогсоох хэрэгтэй.
Юутай ч бөх сонирхогчдыг талцуулаад буй уг үйлдэлд МҮБХ-ноос албан ёсоор тайлбар хийх болов уу хэмээн олон нийт хүлээж байна.