Франц Улсын зарим эрдэмтдийн үзэж байгаагаар тус улсад коронавирус халдварын өөр нэг хувилбар шинээр тогтоогдсон байна. Мутантын омог нь 46 мутацитай бөгөөд анхны вирусээс илүү вакцинд тэсвэртэй, халдварлах чадвартай гэж үзэж байгаа юм.
Одоогоор Марсель хотын ойролцоо шинэ хувилбарын 12 тохиолдол илэрсэн бөгөөд эхний хувилбарыг Африкийн Камерун Улсад аялалаар явсан хүнтэй холбон тайлбарлаж байгаа аж.
Уг омгийг арванхоёрдугаар сарын 10-нд IHU Mediterranee Infection-ийн эрдэмтэд илрүүлсэн боловч түүнээс хойш тохиолдлууд батлагдаагүй байна.
Шинэ гэгдэж буй хувилбарыг бусад улсуудад хараахан илрүүлээгүй бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судалж буй хувилбар гэж тэмдэглээгүй байгааг цохон дурдаж байна.
Уг омгийг илрүүлсэн нэгжийн ахлагч, профессор Филипп Колсон "Бидэнд Марселийн газарзүйн бүсэд энэ шинэ хувилбарын хэд хэдэн тохиолдол бий. Бид үүнийг "IHU хувилбар" гэж нэрлэсэн" гэж хэлжээ.
Эх сурвалж: dailymail.co.uk