Амиа алдсан алба хаагчийн асуудлаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян мэдээлэл хийлээ. Тэрбээр "ОБЕГ бол хуулийн хэрэгжилтийг хангуулах, хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг болзошгүй гамшгаас хамгаалах, авран хамгаалах, урьдчилан сэргийлэх хариуцлагатай үүргийг гүйцэтгэдэг алба. Хуулийн хүрээнд үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрийг хэрэгжилтийг зохион байгуулж байна. Гамшгаас хамгаалах өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт цаг наргүй ажиллаж байна.
Албан хаагчдын ажлын онцлог бий. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт албан үүргээ гүйцэтгэхдээ шаардлагатай тохиолдолд хуулийн дагуу уртасгасан цагаар ажиллах хуулийн зохицуулалттай. Хүйтний улирал ирсэнтэй холбогдуулан ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг хийсэн.
Харамсалтай нь, энэ сарын 3-ны өдөр аяны хүрээнд суурилуулсан Улиастайн эрэгдэг уулзварт байрлуулах самбарын хуулгыг буулгах явцад БЗД-ийн 63 дугаар ангийн албан хаагч М золгүйгээр амиа алдсан. Энэ самбар цагдаагийн байгууллагатай хамааралгүй. Сурталчилгааны зориулалттай самбар. Юуны өмнө ОБЕГ-ын удирдлага, нийт бие бүрэлдэхүүний өмнөөс гэргий болон талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, уучлал хүсч байна.
Энэ асуудалтай холбогдуулан Шадар сайдын өгсөн үүргийн дагуу хяналт шалгалт хийсэн. Холбогдох зарим нэг албан тушаалтнууд цагдаагийн байгууллагад хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ хариуцлага алдсан албан тушаалтнуудад захиргааны шугамаар хариуцлага тооцно. Тухайн үед үүрэг чиглэл өгсөн БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга болон 63 дугаар ангийн захирагчийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. НОБГ-ын даргад сахилгын шийтгэл ногдуулсан. Самбар буулгах явцад алдаа гаргасан албан хаагчдыг цагдаагийн байгууллага шалгаж, үүрэгт нь ажлаас нь түдгэлзүүлсэн байгаа. Ар гэрийнхэнд нь гамшгаас хамгаалах хуулийн дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор ажиллаж байна" гэлээ.