БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа Монгол охиныг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд нь хорьсон ноцтой хэрэг гараад буй. Өнгөрсөн долдугаар сард гарсан уг хэргийн талаар БНСУ-ын MBC телевиз олон нийтэд мэдээлснээр уг хэрэг олон нийтэд ил болоод байгаа юм.
Тэгвэл уг асуудлаар Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа мэдээлэл өглөө. Тэрбээр "БНСУ-ын Өмнөд Кёнсан мужийн Ёнсан хотын нэгэн дунд сургуулийн монгол сурагч охиныг дээд ангийн Солонгос сурагч охид зодсон талаарх мэдээлэл энэ сарын 1-нээс БНСУ-ын хэвлэлээр цацагдаж эхэлсэн. Энэ хэрэгтэй холбогдуулан БНСУ-ын Пусанд хотод суугаа Консулын газраас яаралтай арга хэмжээ аван ажиллаж байна.
Энэ хэрэг 2021 оны долдугаар сарын 3-нд гарсан. Маргааш нь буюу 4-ний өдөр охины ар гэрийнхэн Ёнсан хотын цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлт нээн хэргийг шалгаж байна. Уг хэрэгт дөрвөн сурагч холбогдсон. Харин хоёр нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэсэн шалтгаанаар аравдугаар сарын эхээр хэргийг нь хаасан. Харин хоёр сурагчийн хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Хохирогч охины гэрийнхэн давж заалдахаа мэдэгдсэн. Консулын газар хохирогч охины асуудалд анхаарал тавьж ажиллана" гэв.