Засгийн газрын хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын амралтыг эхлүүлэх асуудлыг хэлэлцлээ. Шийдвэрийг ирэх даваа гарагт эцэслэнэ. Урьдчилсан тооцооллоор:
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага нь жил бүрийн есдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл хичээллэдэг. Цар тахлын нөхцөл байдал, томуугийн улирал эхэлж байгаатай холбоотойгоор 2021 оны 12 дугаар сарын 10-наас хоёрдугаар сарын 3-ны өдрийг дуустал хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоохоор төлөвлөв.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ
Ерөнхий боловсролын сургуулиуд хуваарийн дагуу 12 дугаар сарын 18-ны өдрөөс нэгдүгээр улирлын амралт эхлэх ёстой. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан сүүлийн долоо хоног /12 дугаар сарын 13-17/-ийн хичээлийг 100 хувь цахим хэлбэрт шилжүүллээ. Ингэснээр сурагчид 12 дугаар сарын 18-наас ирэх хоёрдугаар сарын 3-ныг хүртэл амрах юм.
ДЭЭД БОЛОВСРОЛ
Дээд боловсролын байгууллагуудын тухайд 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хичээллээд амарна. Амарсан өдрөөс эхлэн зарим шалгалтыг цахимаар өгнө. Биечилж өгөх шаардлагатай шалгалтыг хоёрдугаар сарын эхэнд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: БШУЯ