УИХ-ын чуулганаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулийг 2020 онд баталсан. Энэ онд өөрчлөлт орж байна. Нэг жил болоод өөрчлөлт орж байгаа нь бид ямар хууль баталж байгааг харуулж байна. Хөгжлийн бодлого, төлөвлөлт өнгөрсөн 30 жилийн хугацаанд маш муу явж ирсэн. 2015 онд Тогтвортой хөгжил-2030 баримт бичгийг баталж, мөрдөж байгаа. Үүний биелэлт тааруу байгаа. Бид хэтэрхий өөдрөгөөр бодсон уу, эсвэл бид ажиллаж чадахгүй байна уу.
Дундаж давхаргыг бий болох зорилт биелсэнгүй. Тэгш бус байдал бий болсон. Монгол Улсын ирээдүйн хөгжлийн загвар тодорхой бус байна. Энэ хуулийг баталснаар хөгжлийн загварыг боловсруулах уу" гэж асуулаа.
УИХ-ын гишүүн С.Чинзориг "Бид сүүлийн 30 жил хөгжлийн бодлогогүй, түүнийг хариуцсан бүтэцгүй явж ирсэн. Түүнийхээ горыг ч амсаж байна. 1995 онд монголчуудын 35 хувь нь ядуу гэж байсан. Өнөөдөр 29.7 хувь нь ядуу байна. Үүнийг хоёр шалтгаантай гэж үзэж байгаа. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгдсэн бүтэцгүй байна. Намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрийг дөрвөн жилээр баталдаг. Монгол Улсын хөгжлийг дөрвөн жилийн циклээр харж ирсэн.
Иймээс бид Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгдсэн бүтцийн байгууллагатай болох гэж байна. Төлөвлөлтөд суурилсан төлөвлөлтийн зарчим болон нэгдсэн тайлан гэсэн хоёр зарчим хуульд оруулж байгаа. Таван жилээр дунд хугацааны хөгжлийн зорилтыг тодорхойлж байна" гэв.