Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сумын нутагт Бичигт боомтоос Дөхөмийн уурхай руу зорчиж явсан Өвөрхангай аймгийн харьяат 31 настай иргэн А-гийн эзэмшлийн “Хово" загварын ачааны автомашин, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас Бичигт боомт руу зорчиж явсан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат 31 настай иргэн С-ын “Ланд-80" суудлын автомашинтай мөргөлдөж, бүхээгийн төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлага 10 дугаар сарын 3-ны өдөр бүртгэгджээ.
Дуудлагын дагуу, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид очиж ажиллан, автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан тус сумын харьяат 33 настай эрэгтэй Б, зорчигч 39 настай эрэгтэй С, 32 настай эрэгтэй Г нарын гурван иргэнийг автомашинаас гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн байна.