Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: Нийслэлчүүдийн шатахууны төлөөх урт шөнийн адал явдал

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
12 минут 24 секунд

...Эгч ээ, хоёр гуравхан литр бензин байсан ч өгч болох уу хэмээн жиндүү салхитай шөнөөр дэмий л колонкын эрхлэгчийг “эргүүлдэх” бүсгүй. Үүний өмнө дугаарлаж байсан ШТС нь нөөц дууслаа хэмээгээд үүдээ барьсан тул хоёр цаг дугаарлан зогссоны “хэрэг” гарсангүй дээ хэмээнэ. Энэ бол нэг нь дуусахад нөгөө шатахуун түгээх станцруу зүглэхээс өөр сонголтгүй болсон нийслэлчүүдийн шатахууны төлөөх урт шөнийн адал явдлын нэгээхэн хэсэг.

Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хот дөрөв хоногийн шатахууны нөөцтэй хэмээн иргэдийн нүдийг орой дээр нь гаргаснаас хойш нийслэлчүүд өдөр шөнийн алинд ч шатахууны эрэлд морддог болсон гэхэд хилсдэхгүй. Тэр тусмаа, шөнийн цагаар шатахуун түгээх станц руу бензин худалдан авахаар дугаарлах автомашинуудын уртаас урт цуваа үүсэж буй. Тэгвэл нийслэлд шатахууны төлөөх “тэмцэл” шөнийн цагаар хэрхэн өрнөж буйг бид сурвалжиллаа.

21:00 минут. Нарны гүүр орчмын шатахуун түгээх станцуудад дугаарласан автомашинууд авто замын нэгдүгээр эгнээг эзэлжээ. Бид “Шунхлай” компанийн ШТС-аар очиход 40-50 орчим тооны автомашин бензин авахаар дугаарласан байлаа. Хоёр түгээгч зогсоо зайгүй хоёр тийш холхиж, шатахуунаа хийж байв. Тэднээс шатахууныг ямар зохицуулалттайгаар худалдаалж байгаа талаар тодруулахад “АИ92, дизель түлшийг л худалдаалж байгаа. Иргэдэд ч, байгууллагуудад ч 30 мянган төгрөгийг хязгаарлалтайгаар өгч байгаа ба картаар болон бэлэн мөнгөөр ч тооцоо хийж байна. Нийлүүлэлт хэзээ хэвийн болохыг бид хэлж мэдэхгүй. Дөрвөн тонн ирснийг нь шахаж дуусаад л дараагийн орлого ирэхийг хүлээнэ” гэсэн юм.

Дугаарлан зогсох машинууд нэмэгдэнэ үү л гэхээс хасагдах нь үгүй. Энэ байдлыг харах зуурт дугаарлан зогсох жолооч нараас шатахууны асуудал, нөхцөл байдал, энд хэр удаан дугаарлаж байгааг тодруулсан юм.

“Өчигдөр дөрвөн цаг шахуу дугаарласан ч бензин авч чадаагүй”

Иргэн М.Должинсүрэн “Өчигдөр 16-р хорооллын колонкоор очиж, дөрвөн цаг шахуу дугаарласан ч бензин нь дууссан гэсэн учраас авч чадаагүй. Тэгэхээр нь өглөөний 06.00 цагт очиж гурван цаг дугаарлаж байж 30 мянган төгрөгт шатахуун авсан. Энд хоёр түгээгч нэг зэрэг ажиллаж байгаа учраас өчигдрийнхөөс арай хурдан урагшилж байна. Ирээд цаг гаруй хугацаанд л дугаарлалаа. Удсан ч гэсэн шатахуун нь нийлүүлэлтээр ирж л байвал хүлээхээс өөр яахав” хэмээв.

“Бүхэл бүтэн улс байна даа. Нөөцөө хангалттай хэмжээнд хангаагүй гэдэг ч байж боломгүй зүйл”

No description available.

Иргэн Б.Доржсүрэн “Нэг цаг гаруй л дугаарлалаа. Өдөр нь ажилтай байдаг учраас орой цагаар л бензинээ хайж таарлаа. 30 мянган төгрөгийн хязгаарлалт тогтоосон гэж сонслоо. Өгч л байвал 30 мянга байсан ч авна шүү дээ. Хөдөө, орон нутаг руу зорчиж буй хүмүүс л хэцүү болов уу. Зарим колонкууд хэрэглэгчийн тусгай карттай байхыг шаардаад байдаг. Бүхэл бүтэн улс байна даа. Нөөцөө хангалттай хэмжээнд нь хангаагүй нь байж боломгүй зүйл. Муугаар ярихад, янз бүрийн асуудал үүсвэл энэ улс орон чинь шатахуунгүй гээд техник хүчээ хөдөлгөж чадахгүйд хүрэх юм уу. Манай дээдчүүл ажиллаж чадахгүй байна уу даа гэж харж байна” гэлээ.

“Гэрээтдээ дүүргэж өгдөггүй. Адилхан л 30 мянган төгрөгийн хязгаарлалттайгаар хийж өгдөг”

21:20 минут. М-Ойл шатахуун түгээх станцын үүд хэсэгт очиход цөөхөн хэдээс нэг нэгээр нь л оруулж шатахуун шахаж байв. Энд гэрээт компанийн машинуудад л өгч байгаа аж. Өөр бусдаар гуйгаад ч, зовлон жаргалаа яриад ирсэн хүн бүрт өгөх боломжгүй гэдгийг тус колонкын эрхлэгч н.Хорол-Эрдэнэ хэлж байв. Түүнээс шатахуунаа ямар зохицуулалттайгаар өгч байгаа талаар тодруулахад “Иргэдэд өгөх боломжгүй. Арав хоногийн дараагаас л нийлүүлэлт хэвийн болох болов уу. Хүмүүс гэрээтдээ дүүргэж өгч байна гэж ташаа ойлгоод байна. Тийм биш. Гэрээт нэг машиндаа 30 мянган төгрөгийн дүнд л бензин хийж байгаа.

Манайд ирж байгаа “орлого” байхгүй. Сүүлд Даваа гарагт 12 мянган литр ирсэн. Өдөрт дунджаар 3000-4500 литрийн түгээлт хийдэг. Сүүлийн хоёр өдөрт иргэдэд 8 мянган литрийн бензинийг мөнгөн дүнгийн хязгаарлалтгүйгээр олгосон. Бензин багасаж, хий сорох хэмжээндээ хүрчихлээ гэсэн учраас цаанаасаа иргэдэд хийх түгээлтээ зогсоо гэсэн. Тиймээс өнөөдрөөс гэрээт байгууллагууддаа олгож байгаа юм. Гэрээт нэг байгууллагын машины 30 хувьд нь бензин өгч байна. Ингэхдээ адилхан л 30 мянган төгрөгийн хязгаарлалттайгаар гэсэн үг” гэсэн юм.

“Ээжийнхээ 49 хоногт очих гэтэл бензин байдаггүй ээ...”

Колонкын эрхлэгчид жаргал, зовлонгоо яриад ч нэмэр алга даа гэсээр нэгэн иргэн зогсов. Тэрбээр “Хөдөөнөөс өчигдөр шөнө орж ирсэн. Бид улаан цайм золиослогдож буй хүмүүс. Би л гэхэд ээжийнхээ 49 хоногт явах гэтэл бензин байхгүй. Арга ядахдаа учир байдлаа хэлээд л зогсож байна даа” гэж байлаа. АМГТГ-аас орон нутагт шатахууны 16 хоногийн нөөц байгаа талаар мэдээлсэн. Гэвч хөдөө орон нутгаас орж ирсэн иргэд нийслэлээс буцахад энэ мэт асуудалтай нүүр тулж, шатахуунтай, шатахуунгүйн дунд “хэлмэгдэж” байна.

21:45 цаг. Цааш явсаар МТ шатахуун түгээх өөр нэгэн салбарт очиход зөвхөн МТ карт, мөнгөн талоноор өгч байв. Энэ талаар ч мэдээлэлгүйгээс цагаа гарздан дугаарлах иргэд ч их байлаа. Энд иргэдийн хөл хөдөлгөөн ч их байна. Тэд ч амандаа “бензин, карт” хэмээн үгийг л давтан давтан хэлнэ.

Хэрэглэгчийн карт, талонтой нь хожиж, бэлэн мөнгө, банкны карттай нь хохирч үлдэх шив

No description available.

22:00 цаг. Амгалан дахь “Петровис” салбар. Энд ачаалал дээд цэгтээ. Ингэхдээ Петровисын карт, талоноор 30 мянган төгрөгийн дүнгийн хязгаарлалттай олгож байв. Банкны карт, бэлэн мөнгөтэй бол дугаарлаад бүр хэрэггүй гэнэ. Бидний очсон таван ШТС-ын гурав нь зөвхөн тус компанийн хэрэглэгчийн тусгай карт, мөнгөн дүнгийн талон. Гэтэл иргэд карт байтугай талоныг нь ч хаанаас авах эсэхээ мэдэхгүй дэмий л бэлэн мөнгө, картаар тооцоо хийж болох уу хэмээн асууцгаана. Дайны хажуугаар дажин гэгчээр компаниуд талон, картаа хязгаарлалт тогтооход ашиглачихлаа.

Түгээгч “Ланд-200-гаас хойш оочер тасаллаа. Байгаа бензин нь хүрэх эсэхийг мэдэхгүй байна” гэсээр алхаж байв. Өчигдөр шөнө 20.00 цагт нийлүүлэлт ирсэн ч өглөөнөөс хойш олгосоор 25 тонн шатахуун одоо дууссан аж. Оочер тасалж байгааг сонссон иргэд “2-3 цаг дугаарлаж байхад”, “Шар асчихсан байхад түрээд харих юм уу”, “Юмыг яаж мэдэх вэ, хүлээгээд дугаарлаж л байя”, “Ядаж 10 мянгад бензин өгчихөөч” хэмээн үг хаяна. Тэр байтугай колонкуудад оочир дайрах, мөнгөөр үйлчлэхгүй гэхэд уурлаж уцаарласнаас маргаан үүсэх энүүхэнд байгааг түгээгч хэлж байв.

“Эндээ хоночихоод өглөө 20 мянгад ч болтугай бензинээ авчихаад ажил руугаа явна аа...”

No description available.

22:15 цаг. “NЕS OIL” компанийн шатахуун түгээх станцад очиход оройн 19.00 цагт хаасан талаар түгээгч хэлж байв. Гэвч тус колонкын үүдэнд хонохоор шийдсэн иргэд машинаа унтраан, нэгдүгээр эгнээнд цуваа үүсгэн зогссон байлаа. Тэдний нэг бол иргэн Батбаатар. Сод Монгол ШТС-д гурван цаг дугааарласан ч бензин авч чадаагүй гэнэ. Тэрбээр “Яахаа мэдэхгүй л зогсож байна. Ажил тараад л дугаарласан юм. Шар гэрэл анивччихсан. Гэр хүртэл бензин хүрэхгүй юм чинь эндээс өглөө бензин авчихаад л явья гэж бодоод хонохоор шийдээд байж байна. Хоёр өдрийн өмнө 20 мянгад бензин авахдаа хоёр цаг дугаарласан. Хоночихоод өглөө 20 мянгад ч болтугай бензинээ авчихмаар л байна” гэсэн юм.

Харин тус колонкын түгээгч “Шөнө орлого ирнэ. Өглөө бензинээ түгээж эхэлнэ. Өдрийн цагаар ирээд аваарай гэхэд өөдөөс хононо гэсэн зүйл яриад байгаа юм. Аль болох олонд хүнд л шатахуун өгөх гээд 20 мянган төгрөгийн лимит тогтоогоод байгаа юм шүү дээ. Энд зогсож байгаа жолооч нар ухамсаргүй байна. Галын аюултай бүсэд машинаасаа бууж ирээд тамхи татаад, ишээ задгай хаячих юм. Энэ чинь маш эрсдэлтэй шүү дээ” гэлээ.

Шатахууны төлөөх “тэмцэл” цөөн өдрийнх байгаасай

Шөнийн 00 цагийн орчимд “Мон Суль” ХХК-иас бүх салбараараа ямар нэгэн хязгаарлалтгүйгээр шатахуун олгоно гэх нийтлэлийн дараахан тус компанийн шатахуун түгээх станцуудад ачаалал эрс нэмэгдсэн байлаа. Жолооч нар энэ байдалд нааштай хандсан хэдий боловч шатахууны нөөц бодит байдал дээр үнэхээр хомстсон уу аль эсвэл импортлогч компаниуд бага хуваарилж энэ нөхцөл байдлыг үүсгэв үү гэдэгт хардлага үүсч байгаа талаар хэлж байсан юм.

Шатахууны төлөө “тэмцэлдэж” буй нийслэлчүүдийн нийтлэг дүр зураг адил. Нөгөөтэйгүүр, жолооч нар нь 20-30 мянгад бензин авахын тулд багадаа 2-3 цаг, зарим нь шатахуун түгээх станцуудын үүдэнд хонон өнжиж байна. Цар тахлын үетэй зэрэгцэн хоёр их гүрнээс ямар төвшинд хараат байна вэ гэдгээ ч харуулчихлаа. ОХУ шатахууны нийлүүлэлтээ багасгаж байхад, АМГТГ-аас нь нөөц хангалттай бий гэсээр өнөөдөр үүссэн нөхцөл байдал нь бодитоороо ийм л байна. Өчигдөр ОХУ, БНХАУ-аас ойрын өдрүүдэд шатахууны нийлүүлэлт хийхээр болсон талаар бид мэдээлсэн. Гэсэн хэдий ч иргэд энэ талаар мэдээллийг аваагүй байгаагаас өнөөдөр шөнө ч шатахуун түгээх станцуудыг “хөл даржээ”. Шатахууны төлөөх “тэмцэл” цөөн өдрийнх байгаасай.

No description available.

No description available.

“Богдхан төмөр зам“, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцад аллергитсан ах нарын “БОЙКОТ“
“Богдхан төмөр зам“, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцад аллергитсан ах нарын “БОЙКОТ“
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.