Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Богдхан төмөр зам“, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцад аллергитсан ах нарын “БОЙКОТ“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
12 минут 31 секунд

Жижиг улсын зовлонг улсаараа мэдэрсэн гурав хоногийг үдлээ. Аливаа юм учир шалтгаантай. Учир гэдэг жанцантай гэгчээр хоёр хөрш маань биднийг өнгөрсөн хэд хоногт хөөрхөн шоглосон чинь маниус золтой л дампуурчихсангүй. Оросууд биднийг бензинээр “боосон” нь зүгээр нэг үйлдвэрийн засвартай холбоотой гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Хэрэв үүнд итгэсэн бол бид гэнэн биш тэнэг гэсэн үг шүү.

Г.Ёндон сайдын хэлснээр Ангарскийн нефть, химийн үйлдвэр 9 дүгээр сард засвар хийсэн тул 17 мянган тонн шатахуун нийлүүлнэ гэж мэдэгдээд, энэ сарын 16-ныг хүртэл 7400 тонн шатахуун нийлүүлчихээд “дахиж өгөхгүй” гэдэг бичиг өгөөд мурьчихсан. Үлдсэн 10 орчим мянган тонн шатахуунаа авна гэж итгэж байсан Монголын төр, импортлогчид ах нарынхаа “ухсан нүхэнд” хэсэгтээ дамартлаа. Өмнө нь энэ Ангарскийн нефть, химийн үйлдвэрийг бараг жил болгон л засч сэлбэсээр ирсэн. Засварынх нь үед манайх хэзээ ч ингэж хошин байдалд орж байгаагүй. Оросууд гэрээнийхээ дагуу нийлүүлнэ гэсэн шатахуунаа нийлүүлсээр л ирсэн. Магадгүй хэмжээ нь буурдаг байсан ч, өнөөдрийнх шиг хомстож байсангүй.

Тэгвэл эндээс Оросууд яагаад бидний шатахууны “судас”-ыг атгаж, өөрсдийгөө мэдрүүлэв гэдэг асуулт урган гарна. Одоогийн байдлаар таамаглаж буйгаар Оросуудын уурлуулсан үндсэн хоёр том шалтгаан, дагалдаж цухалзсан хуучин нэг панчаан маягийн шалтгааныг нэрлэж болохоор байна. Одоо уг гурван асуудлыг тус тусад нь сийрүүлэн, асуудал бүрээр нь задалж бодоцгооё.

“Богдхан төмөр зам” Оросуудын ИГЗААРЫГ хамгийн ихээр хөдөлгөсөн

Оросуудын игзаарыг хөдөлгөсөн хамгийн том асуудал нь Засгийн газраас барьж буй ТӨМӨР ЗАМЫН БОДЛОГО. Товчхондоо харилцааны хувьд “хүйтрээд” буй Орос, Монголын төмөр замын асуудлын гол цөм нь “Богдхан төмөр зам”-ын бүтээн байгуулалт юм. Мааньт өртөөнөөс Богдхан уулыг дайрч Рашаант өртөө хүртэл 135.8 км үргэлжлэх уг төмөр зам манай улсын хувьд стратегийн өндөр ач холбогдолтой. Хөшгийн хөндийн нисэх буудлыг түшиглэн байгуулах тээвэр, ложисткийн нэг гол зангилаа болох төмөр замын тээврийг ингэж холбосноор Улаанбаатар хотоор дайран гарах ачаа барааны 60 гаруй хувь энэ зам руу шилжих тооцооллыг гаргаад буй. Чухамдаа энэ ашигтай үзүүлэлт л Оросуудын дургүйг хүргэсэн хэрэг. Тэд наанаа Л.Халтар сайдыг ил далдаар “чимхээд” байгаа ч, цаагуураа Засгийн газарт л шахалт үзүүлээд буй юм. Энэ бухимдлаа ах нар тайлах гэж “УБТЗ” ХНН-ын даргыг томилох ажлыг хүндрүүлж, үнийн тарифаа нэм гэж шахаж, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулах зорилгоор авсан МОНП-1, МОНП-2 зээлийн өрийг цэгцэл хэмээн гэдийчихсэн. “УБТЗ”-ын даргад санал болгосон Ц.Хүрэлбаатар, Б.Даваасүрэн, Г.Сэрээнэндорж нарын хэнийг нь ч хүлээж аваагүй. Харин ч удирдлагын багт одоо ажиллаж буй 23 хүнийхээ тоог нэмж, нийтдээ 90 хүнийг удирдлагын багт оруулна гэж тулгасан.

Угтаа бол хүмүүс нь болохгүй дээ биш Л.Халтар сайд Оросын талын үндсэн хүслийг биелүүлэхгүй байгаатай холбоотой зүйл. 2006 оноос хойш Орос хүн тавигдаагүй “УБТЗ”-ын даргад дүрмийн дагуу заавал Орос хүн тавина гэж тэд зүтгэхгүй байгаа. Гол нь төмөр замын асуудлаар Оросыг алгасч Япон тэргүүтэй гуравдагч орнуудыг оролцуулахгүй байх. Үнийн тарифыг шинэчилж, эргэж харахыг л хүсээд буй. Дээр нь нэмээд “Богдхан төмөр зам”-ын ажилд Оросын тал оролцох санал гаргасныг нь манайхан хүлээж аваагүй. Асуудал хурцдаж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тангаргаа өргөж ч амжаагүй байхад “Оросын төмөр замууд” /РЖД/ -ийн ТУЗ-ийн дарга Олег Белозеровоос хоёр орны төмөр замтай холбоотой баахан гомдол, тулгалтуудыг бичсэн захидлыг ирүүлсэн. Энэ захидлаа өмнө нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү бас илгээж байсан гэдэг. Байдал хурцдаад ирэхээр нь Засгийн газраас “Богдхан төмөр зам”-ын төсөлд Оросын талыг оруулъя, хамтарсан үйл ажиллагаагаа энэ төсөл дээр ч хадгалж үлдэх саналыг тавьсан ч эхнээсээ өөрсдийг нь түшээгүйд Оросын тал бухимдаж уг бүтээн байгуулалтад орохгүй байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Тэр ч байтугай төмөр замын холбоосны асуудлыг дээр санал зөрж ч мэдэхээр нөхцөл байдал үүсээд байгаа аж.

Ийнхүү төмөр зам, тэр дундаа “Богдхан төмөр зам”-ын бүтээн байгуулалтаас шалтгаалж Оросын тал төмөр замын асуудлууд дээрээ гэдийж байгаад улмаар шатахуун өгдөг крантаа хааж дарамтлав бололтой. Энэ бол хамгийн том хоёр шалтгааны нэг.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд Хятадуудтай хамтарсанд Оросын тал дургүйцсэн

Хойд ах нарыг уурлуулж, шатахуунаараа “бооход” хүргэсэн хоёр дахь шалтгаан нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг Хятадын талтай хамтарч эхлүүлэхээр болсон явдал. Баруун аймгуудын цахилгааны асуудлыг өөрсдөөсөө хараат байлгасаар ирсэн Оросууд уг усан цахилгаан станцыг барихад угаасаа таагүй хандаж ирсэн. Гэтэл “ядрахад яр гэгчээр” Хятадын талаас зээл авч барихаар болж, Хятадын төрийн өмчит компаниуд 271 сая ам.долларын төсөвт өртгөөр тендерт нь шалгарчихсан. Үүнийг нь харсан ах нар утгаараа уурлаж, шатахуунаа хэсэг “түгжиж” тайтгарахаас өөр аргагүй байдалд хүрсэн байх. Манай улсын эрчим хүчний шугам, сүлжээ суурь бааз моралын элэгдэлд орсон. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй цахилгааны хэрэглээг дийлэхээ болиод удаж буй. Уг сиймхий дээр нь Оросууд бас л “тоглолт” хийж баруун аймгуудад эрчим хүч нийлүүлүүлдэг юм. Олон жил хойдуудын нөлөөнд автаж зогсонги байдалд ороод байсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг Засгийн газар зориглон хөдөлгөсөн. Ингэснээр олон жил faild-сэн Ховд гол дээр байгуулагдах 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцтай болно. Дахиад гадна, дотны явуулгад өртчихгүй л бол 61 сарын дараа манай тал тууз хайчлах байх. Нэгэнт засвар авахааргүй болсон, хэрэглээгээ дийлэхгүй болсон манай эрчим хүчний асуудлыг томоохон усан цахилгаан станцууд л шийднэ гэж мэргэжлийн хүмүүс байнга ярьдаг.

Энэ сарын 17-нд талууд гэрээнд гарын үсэг зурсны дараахан 2021 оны 09 дүгээр сарын 20, 21, 22-ны өдрүүдийн 06.00 цагаас 20.00 цаг хүртэл ОХУ-ын ФСК-ЕЭС компаниас 220/110/35 кВ-ын Чадан дэд станцаас тэжээгддэг цахилгаан дамжуулах агаарын шугамд урсгал засварын ажил хийнэ гээд манай руу нийлүүлдэг байсан эрчим хүчээ “тасалчихсан”. Ингэснээр Увс, Баян-Өлгий болон усан цахилгаан станцтай болох гээд байгаа Ховдынхон таг харанхуйрав. За, ингээд геополитикийн том төслөө Оросуудын эрх ашигт нийцүүлээгүй тул баруун аймгуудыг цахилгаангүй гурав хонуулж, монголчуудыг бензингүй болгосон хоёр дахь том шалтгаан байсан гэж дүгнэж байна.

Төв цэвэрлэх байгууламжийн ажил...

Гурав дахь шалтгаан нь төв цэвэрлэх байгууламжийг мөн л Хятадын талтай хамтарч шинэчлэх ажлыг эхлүүлсэнд дургүйцэж байсан аж. Олон жилийн турш өмхий үнэртээ дасал болох шахсан нийслэлчүүдийг эвгүй үнэрээс нь салгах төслийн ажил эд үргэлжилж буй. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 311 дүгээр тогтоолын дагуу Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэр гарсан

Барилга хот байгуулалтын яам нь төслийн гүйцэтгэгчээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Чайна тисижу сивил инженеринг” групп ба “Бээжин констракшн инженеринг” группүүдын консорциумыг сонгон шалгаруулж түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулан төслийг хэрэгжүүлж буй. Гэхдээ энэ асуудалд Оросууд “Богтхан төмөр зам”, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц шиг шууд аллергийтаагүй. Ил далдаар гомдлын бор шувуу нисгээд л өнгөрсөн. Энэ удаад Оросууд шинэ үүссэн хоёр асуудал дээр үүнийг нэмээд нийтдээ гурван том асуудал дээр гомдоод байгаа юм.

Төр бензиний үнийг хянадаг “үлгэрийн баатрын” хувцсаа тайлж хаях цаг болжээ

Ийнхүү хэд хэдэн шалтгааны улмаас нийслэлчүүд бензингүй, баруун аймгийнхан тоггүй гурав хоногийг өнгөрүүллээ. Улсынхаа эрх ашгийг урдаа тавьж том төслүүдийг хөдөлгөснийхөө хариуд хоёр хөршүүдээсээ их, бага дарамт үзэж буйг нь ойлгох ч бусдын хараат байдлаасаа гарахад нэн даруй анхаарах хэрэгтэй гэдгийг өнгөрсөн гурав хоног хангалттай ойлгууллаа.

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр хоёул нэгэн зэрэг ОХУ-тай харилцаа хамгийн муу байгаа АНУ-д нэгэн зэрэг айлчлал хийж буйг ч ах нар зүгээр хараад суугаагүй байх. Ерөнхийлөгчийн хувьд НҮБ-ийн чухал уулзалтад орж буй. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар өөр улсад хийсэн айлчлалынхаа маршрутааас хазайж Америкт алимны мод үзэж яваа нь ямар учиртайг Оросууд байтугай бид ч ойлгохгүй байгаа. Тиймээс дарга нар гадаа харилцаа, геополитикийн асуудлаа сайтар тооцож үзэж байх нь нэн чухал гэдгийг сануулах нь зүйтэй.

Нефть, хүнсний хэрэглээгээ хоёр хөршдөө даатгаад өөрсдөө 10 хүний 8 нь халамж аваад амар жаргадаг улсын гор гарч золтой л явгарчихсангүй. Азаар хэлэлцээр амжилттай болж ах нарын “крантыг” нээлгэхээр болов бололтой. Гэхдээ зовлон дуусах болоогүй. Оросууд шатахуунаа өгөх гэж хөөрхөн “уяхаа” сайн мэднэ. Тэрийг нь тээвэрлэж ирэх гэж манайхан мунгинана. Энэ үед нөгөө хэдэн компаниуд маань үнээ нэмээд амжина. Үнэ нэмэгдэх ч одоо лөөлөө болсон. Бензинтэй л болж байвал бусад асуудлыг нь чөтгөр аваг. Цаашдаа харин төр бензиний үнэ хянадаг үлгэрийн баатрынхаа хувцсыг яаралтай тайлах цаг иржээ. Тэгэхгүй бол шатахуун импортлогчид нь дампуурч, сайн ах нар чинь та нарыг чангалж байна гээд маниусыг давхар чангалаад амьдрал бусниулах нь байна.

Г.Лхагвадорж

Цусны хорт хавдраар өвдсөн реппер Lil Thug E-д туслах хандивын аян өрнүүлж байна
Цусны хорт хавдраар өвдсөн реппер Lil Thug E-д туслах хандивын аян өрнүүлж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.