Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ "Токио-2020" олимпын наадмын нээлтийн ёслолд оролцохгүй гэдгийг Японы төр-олон нийтийн төв телевиз Эн-Эйч-Кэйгээс мэдээлэв. Мөн тус телевиз Япон улсын Засгийн газар Токио хотод онц байдал, халдвараас үүдсэн хязгаарлалт тогтоосны дараа оршин суугчид болон зочдын эрүүл мэндэд бага эрсдэл учруулах үүднээс Абэ ёслолд оролцохгүй хэмээн шийдсэн гэжээ.
Абэ нь Олимпын наадмыг Токиод зохион байгуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 2013 онд Олон улсын олимпын хорооны гишүүдэд Фүкүшима дахь цөмийн зэвсгийн гамшгийн удаан хугацаанд үргэлжилж буй үр дагавар “хяналтан дор” байгаа гэдгийг амлахын сацуу ард түмнээ “хүсэл тэмүүлэлтэй, бахархалтай, хүчтэй итгэл бүхий” үндэстэн хэмээн магтсан аж. Тэрбээр өнгөрсөн эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа бууж байсан бол түүний дараа Ерөнхий сайд болсон Ёшихидэ Суга нээлтийн ёслолд оролцох төлөвтэй байна.
Гэсэн хэдий ч Баасан гарагт болох нээлтийн ёслолыг маш нам гүм байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд 950-аас цөөн хүн буюу ихэнх нь нэр хүндтэй хүмүүс, түүний дотор дэлхийн 20 хүрэхгүй удирдагч оролцоно гэж Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа юм.
Олимпын наадмын нээлтийн ёслол нь зохион байгуулж буй улс орны хувьд томоохон үйл ажиллагаа байдаг хэдий ч Токио хотын эргэн тойрон дахь халдварын дэгдэлтийн улмаас энэ удаад үзэгчдийг оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ.
Ковид-19-ийн халдвар нийслэл Токиод ихээхэн нэмэгдээд байгаа бөгөөд цаашид огцом нэмэгдэх төлөвтэй байгаа нь эрүүл мэндийн байгууллагуудад хүндээр тусч байгаа юм. Япончуудын зөвхөн гуравны нэг нь л гэхэд дөнгөж вакцины эхний тунгаа хийлгэсэн байгаа тул Олимп нь тархалтын голомт болох магадлалтай нь гол санаа зовох асуудал болоод буй.
Б.Отгонтуяа
Эх сурвалж: https://www.cnbc.com/2021/07/22/japan-shinzo-abe-will-not-attend-olympics-opening-ceremony.html