Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёр улсын коронавирусаас хэрхэн сэргийлж буйг харьцуулсан Америк иргэн Хятадыг илүү аюулгүй гэж үзжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
5 минут 34 секунд

Хонгконгийн нисэх онгоцны буудал. Хоёрдугаар сарын 22. Зургийн эх сурвалж: BusinessInsider

Түлхүүр мэдээлэл:

  • Коронавирусын анхны дэгдэлтийн үеэр Хубэй мужид зорчоод эх орондоо буцсан иргэн, хоёр улс хэрхэн сэргийлж, арга хэмжээ авч байгааг харьцуулан харжээ.
  • Тэрээр Хятадыг өмнө нь  SARS өвчинтэй тэмцэж байсан туршлагатай тул юу хийхээ сайн мэдэж байсан гэж үзсэн байна.
  • Харин АНУ-д буцаж ирэхэд ямар арга хэмжээ авахаа ч мэдэхгүй, албаны хүмүүс яах ёстойгоо өөрсдөө ч сайн ойлгохгүй байгаа нь ажиглагдсан гэжээ.
  • Тухайн иргэн болон түүний гэр бүл Хятадыг илүү аюулгүй гэж үзэн, буцахыг хүссэн байна.

АНУ-ын Калифорни мужийн оршин суугч, 36 настай иргэн нэгдүгээр сарын 25-нд коронавирусын дэгдэлт болсон Ухань хотоос баруун өмнө зүгт 1000 миль зайд орших Хятадын Юньнань мужийн Кунминг хотод очсон байна. Түүнийг очих үед Хятадад Ковид-19 вирусын 217 тохиолдол бүртгэгдээд байжээ. Тиймээс тус иргэн өөрийн аюулгүй байдлыг бодон халдварын голомтоос холдож, хоёрдугаар сарын 2-нд эх орондоо буцан, өөрийгөө тусгаарлажээ.

Харин тэр энэ хугацаанд Америк, Хятад хоёр улсын Засгийн газар 94000 гаруй хүн халдварлаж, 3200 гаруй хүний аминд хүрсэн Ковид-19 вируст хичнээн эрс тэс ялгаатай хандаж буйг ажигласан байна. Тэрээр Business Insider сайтад өгсөн ярилцлагадаа Хятадын албаны хүмүүс дэгдэлтийн байдал тун ноцтой болсныг ойлгож, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг сайтар авч байсан. Харин эх орондоо буцаж ирэх үед Сан Франциско хотын нисэх онгоцны буудлын эмх замбараагүй байдлаас л өөрийнх нь улс хичнээн болхи хандаж байгааг анзаарсан гэжээ. Мөн Хятадын иргэд 2003 онд тархаж, ард иргэдийг цочроосон амьсгалын замын цочмог хам шинж буюу SARS вирусын үеийг туулсан туршлагатай тул одоо вирусын эсрэг өөрийгөө хэрхэн бэлдэхээ мэддэг болсон нь харагдаж байсан хэмээн ярьсан байна.

Түүнийг онгоцонд суухад Cathay Pacific Airways компанийн онгоцны үйлчлэгчид бүгд амны хаалт зүүсэн байсан бөгөөд Кунминг хотын нисэх онгоцны буудалд очиход хэт ягаан туяаны термометрээр зорчигчдыг бүтэн биеийн үзлэг, шинжилгээнд хамруулах зэргээр сайтар арга хэмжээ авч байжээ.

Харин эх орондоо буцаж ирэхэд тэс өөр хандлага, байр суурь угтан авсан байна.

Тэрээр Сан Францискогийн нисэх онгоцны буудал дээр буугаад цочролд оржээ. Түүнийг газардахад онгоцны буудал дээр Хятадаас ирж буй тэдний халууныг хэмжих эмч ч байгаагүй аж. Тэр бүү хэл онгоцны буудлынхан юу хийж байгаагаа өөрсдөө ч мэдэхгүй байгаа нь тодорхой харагдсан байна. Энэ талаар нисэх онгоцны буудлын нэгэн ажилтан дэгдэлт гэнэт нэмэгдсэн тул ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй, эмх замбараагүй байдалтай байгаагаа өөрөө ч хүлээн зөвшөөрсөн байна.

Угтаа өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран вирусын голомтоос ирсэн хүмүүсийг Засгийн газрын зүгээс тусгаарлаж, шинжилгээний хариу сөрөг гарах хүртэл хорио цээрийн дэглэмд байлгах ёстой. Гэтэл АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс тэднийг гэртээ үлдэж, 14 хоног өөрийгөө тусгаарлах аман зөвлөмж л өгсөн бана. Мөн тэднийг өөрсдийгөө тусгаарлаж байх үед Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс нэг ч холбогдоогүй бөгөөд хорио цээрийн эцэст аюулгүй гэдгийг батлах ямар ч баримт бичиг, маягт бөглүүлээгүй байна.

Тэрбээр хоёрдугаар сарын 17-нд өөрийгөө тусгаарласан хорио цээрийн дэглэмээ дуусгасан боловч тухайн үед вирусын халдварын тохиолдол АНУ-д шинээр бүртгэгдсэн байсан юм. Тиймээс тэрээр дахин санаа зовниж, түүний гэр бүл Америк, Хятадад байсан өөрсдийн туршлага дээрээ үндэслэн Хятадыг илүү аюулгүй гэж үзэн буцахыг хүсчээ.

Тухайн иргэн нэрээ нууцлан Business Insider сайтад өгсөн ярилцлагадаа “Коронавирусын анхны дэгдэлтийн үеэр Хятадад байсан хүний хувьд эх орондоо эргэн ирээд нөхцөл байдал ямар байгааг харахад өөрийн эрүүл мэнддээ Хятадад байснаас 100 дахин их санаа зовж байна” гэжээ.

Мөн тэрээр "Дэлхийн хамгийн баян улсын иргэдийн хувьд бид вирусын эсрэг өөрсдийгөө илүү сайн бэлдэх хэрэгтэй" гэжээ.

Дэвсгэр мэдээлэл: АНУ-д коронавирусын халдвар бүртгэгдсэн анхны тохиолдол нэгдүгээр сарын сүүлээр бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар тус улсад 12 хүн ковид-19 вирусын улмаас нас бараад байна.

Эх сурвалж: Business Insider

Х.Үүрийнтуяа

2020 оны УИХ-ын сонгуулийн тухай юу мэдэх хэрэгтэй вэ
2020 оны УИХ-ын сонгуулийн тухай юу мэдэх хэрэгтэй вэ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.