Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө нэг гэрийн зургаан хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Уг асуудалтай холбогдуулан ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл өчигдөр /2025.02.07/ "Шахмал түлшний асуудлыг цагдаагийн байгууллага, АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна."Тавантолгой түлш" ХХК-ийн үе, үеийн удирдлагууд буюу 2018-2024 он хүртэлх албан тушаалтнуудыг шалгаж байгаа" талаар мэдээлэв.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” ХХК байгуулагдсан. Тэгвэл 2018-2024 он хүртэл тус компанийн удирдлагаар М.Ганбаатар, Ц.Даваацэрэн нар ажиллаж байсан юм.
М.Ганбаатарын хувьд 2018 оны тавдугаар сард Засгийн газрын шийдвэрээр “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд тэрбээр 2018-2021 он хүртэл ажилласан.
2025 оны хоёрдугаар сарын 4-нд болсон утааны сонсголын үеэр М.Ганбаатарыг ажиллах хугацаанд санхүүгийн тайлангаар нийт 6.8 тэрбумын зөрчил илэрсэн талаар шинжээч мэдээлж байв. Одоо тэрбээр Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа.
2022-2023 онд “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирлаар Ц.Даваацэрэн ажилласан.
Түүнийг ажиллах хугацаанд санхүүгийн тайланд 10 тэрбумын зөрчил илэрсэн гэх.
Ц.Даваацэрэн нь АН-ыг эрх барьж байх үе буюу 2012-2016 онд "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар ажиллаж байв. Тэрбээр тэтгэвэртээ суухаар албан тушаалаасаа чөлөөгдөгдсөн. Түүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байсан. Мөн түүнийг 2019 оны есдүгээр сард хойшлуулшгүй ажиллагаа явуулж, баривчилж байсан билээ. Энэ хэрэг хэрхсэн нь тодорхойгүй байна.
Ц.Эрдэнэбаяр нь “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр 2024 оны 12 сараас хойш ажиллаж байна.