“Харбин 2025” Азийн өвлийн спортын есдүгээр наадмын нээлтийн ёслол өнөөдөр Улаанбаатарын цагаар 20.00 цагаас эхэлнэ.
Өнөөдөр өглөө Азийн өвлийн наадмын шорт-трекийн тэмцээн эхэллээ. Энэ төрөлд Монгол Улсаас дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор ОУХМ Б.Гэрэлтуяа, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнх-Эрдэнэ, М.Борхүү нар өрсөлдөж байна.
Азийн өвлийн наадмын Монголын багийн тугч Б.Гэрэлтуяа өнөөдөр эмэгтэйчүүдийн 500м, 1000м, 1500 метрийн зайн урьдчилсан гараанд уралдлаа. Өнгөрсөн жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, энэ оны эхэнд дэлхийн оюутны универсиад наадамд амжилттай оролцсон Б.Гэрэлтуяа 1500 метрийн зайд урьдчилсан 3-р гараанд зам дээр гарсан юм. Тэрбээр 2:38.674 секундын амжилтаар Хятадын Тайваний Чан Ван-Тинг, БНЭУ-ын Сравана Мөрти Сай Сахана нарыг ардаа орхиж 3-р байр эзэллээ. Улмаар хагас шигшээд өрсөлдөх эрхээ авсан юм.
Сонирхуулахад түүнтэй хамт энэ гараанд БНСУ-ын алдартай шорт трекийн тамирчин, өвлийн олимпын наадмын 3 алт, 2 мөнгөн медальт, ДАШТ-ээс 16 алтан медаль хүртсэн Чой Мин Жон уралдсан байна. Хагас шигшээ уралдаан Бямба гарагт болно.
ОУХМ Б.Гэрэлтуяагийн хувьд хагас шигшээд БНСУ-ын 3 тамирчин, Тайланд, Казахстаны тамирчидтай уралдана. Хэрвээ эхний 2 байрт орж чадвал шигшээ уралдаанд оролцох эрхтэй болно.
Б.Гэрэлтуяа өнөөдөр 500 метрийн зайд дараагийн шатанд шалгарч чадаагүй ч 1000 метрийн зайн төрөлд мөн шилдэг 16-д үлдлээ. Энэ зайн уралдаан 2 хоногийн дараа буюу Ням гарагт үргэлжлэх юм.
Өнөөдөр Монголын шорт трекийн тамирчдаас Э.Мөнх-Эрдэнэ 500 метрийн зайд /44.610/ секунд, Г.Мөнх-Эрдэнэ 1500 метрийн зайд /2.33.000 /амжилтаар Монгол Улсын дээд амжилтыг шинэчилжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!