Х.Баттулгын үед тэглэсэн тэтгэврийн зээл 5 жилийн дараа “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг ДАМПУУРЛАА зарлахад хүргэжээ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 34 секунд

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед ахмадын тэтгэврийн зээлийг тэглэсний гороор өнөөдөр “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг дефолт зарлахад хүргэлээ. Тодруулбал, 2020 онд ҮАБЗ /Үндэсний аюулгүй байдлын зөвлөл/ хуралдаж санал нэгдэн ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн байдаг. Ингэхдээ нийт гурван бонд гаргаж, нэг их наяд 141 тэрбум төгрөгийг босгох замаар нийт 230 мянган ахмадын зургаа сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс тэглэж, зээлгүй ахмадуудад сая төгрөг олгож байв.

Тухайн үед Салхитын мөнгөний ордын ирээдүйд олох орлогыг барьцаалж, Хөгжлийн банкаар 500 орчим тэрбум төгрөгийн баталгаа гаргуулж дээрх тэтгэврийн зээлийг тэглэх замаар бонд босгосон байдаг. Тэгвэл Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиг үүргийг “Эрдэнэс Силвер Ресурс” компани хариуцаж буй.

Одоо тус компани 850 тэрбум төгрөгийн өртэй ч үүнийг эргүүлэн төлөх чадваргүй дефолт зарлахдаа тулж мөнгөний "нөөцгүй" болжээ. Иймд Засгийн газар түрдээ "гал унтраах" байдлаар баталгаа гаргаад байгааг "Эрдэнэс Монгол" нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт хэлэв.

Тэрбээр "Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар тодорхой шийдвэр гарсан. Үүн дээр, одоо их наяд гаруй төгрөгийн өр үүссэнийг “Эрдэнэс Силвер Ресурс” компани үйл ажиллагааны орлогоосоо барагдуулж байна. Одоо 930 тэрбумаас энэ жил 80 тэрбумыг төлсөн. Тэгэхээр 850 тэрбумын өрийн үлдэгдэлтэй байгаа.

Компанийн мөнгөний нөөц дуусаж байгаа учраас өрөө эргүүлэн төлж дийлэхгүй нөхцөл үүссэн. Энэ компани дээр бид тодорхой шинэ төслүүдийг, алтны хоёр, гурван төслийг хэрэгжүүлээд явахаар төлөвлөгөөт ажил хэрэгжиж байна. Гэхдээ энэ нь өөрөө хугацаа шаардах болж байгаа юм.

Гэтэл гаргасан бондын хугацаа дуусаж байгаа тул энэ он дуустал Засгийн газар баталгаа гаргаж өгөх шийдвэр гаргаж нэг ёсондоо энэ асуудал түрдээ дефолт болж дампуурал зарлах эрсдэлгүй боллоо.

Ямартай ч Засгийн газар үүн дээр шийдвэрээ гаргасан бөгөөд өр тэглэгдээгүй хэвээрээ байгаа гэж ойлгож байна" гэлээ. Тэгвэл Засгийн газрын баталгаа хэр хугацаанд үргэлжлэх вэ, түүнээс цааш шинэ төслүүдээ эхлүүлж өрөө тэглэх боломжтой юу гэх гэх асуултад "Төслүүд хэрэгжвэл урт хугацаандаа өрөө төлөх бололцоотой гэж үзэж байгаа. Богино хугацаанд төлөх боломжгүй учраас л ийм шийдвэр гаргаж байна гэсэн үг" гэх тайлбар мэдээллийг өгсөн юм.

Харин ахмадын зээлийн тэтгэврийг тэглэх шийдвэрт нэр нь яригдаж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Би өр тэглээгүй" гэж "гүрийв". Тэрбээр "Өр тэглэсэн хүн нь би биш. Тухайн үед У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар бид нар Салхитын мөнгөний ордоор ахмадуудаа өрнөөс нь гаргаж болох юм байна гэдэгт нэгдэж хийсэн. Улсын ажил ингэж л явдаг. Бид хэт намчирхаад байна" гэсэн тайлбар өгсөн билээ. Эргэн сануулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2019-2020 онд шилжих шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ "Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна" гэж хэлсэн нь өнөөдөр ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тодхон баримт болж үлджээ.

Х.Баттулга П.Сайнзоригийг “ДИССЛЭВ“
Х.Баттулга П.Сайнзоригийг “ДИССЛЭВ“
 
Ж.Чинбүрэн: Унтах гэж орондоо ороод сэрдэггүй ийм аймшигтай осол болохоос сэргийлж, иргэд хариуцлагатай сэрэмжтэй байхыг хүсье
Ж.Чинбүрэн: Унтах гэж орондоо ороод сэрдэггүй ийм аймшигтай осол болохоос сэргийлж, иргэд хариуцлагатай сэрэмжтэй байхыг хүсье
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!