Тавдугаар сарын 22-ноос хөдөө, орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэн. Үүнтэй холбоотойгоор НОК-ын 1800-1200 тусгай дугаарт түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгчээ.
-Хөдөө, орон нутаг руу зорчиход ямар бичиг баримт шаардлагатай вэ?
-Хот болон хөдөө, орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журамд энэ талаар заасан. Коронавирус халдварын эсрэг бүрэн тунд хамрагдаад 14 хоногийн хугацаа өнгөрснийг нотлох баримт буюу дархлаажуулалтын гэрчилгээ шаардлагатай. Мөн сүүлийн дөрвөн сарын хугацаанд халдвар авч, эдгэсэн хүмүүс эрүүл мэндийн байгууллагаас магадалгаа бичиг авах бөгөөд иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг батлах бусад бичиг баримтыг цахим болон цаасан хэлбэрээр биедээ заавал авч явна.
-Вакцинд хамрагдаагүй иргэд хөдөө, орон нутаг руу явахад ямар бичиг баримт шаардах вэ?
-Хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй, эсвэл вакцины бүрэн тунд хамрагдаагүй, хамрагдсан ч 14 хоног хүрээгүй иргэдийн хувьд PCR шинжилгээний /72 цагийн хугацаатай/ сөрөг хариу, түргэвчилсэн шинжилгээний /48 цагийн хугацаатай/ сөрөг хариуг үндэслэн, хөдөө, орон нутаг руу зорчуулна.