Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж байна. Энэхүү уулзалтанд 30 бизнес эрхлэгч оролцлоо.
Тэрбээр, "Засгийн газрын эхний ээлжинд вакцинжуулалт хийж, бизнес эрхлэх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьсон. Төр, хувийн хэвшлийн бичих шинэ хуудасны талаар та бүхэнтэй ярилцмаар байна. Бид нэг завинд сууж буй учир хамтарч ажиллах хэрэгтэй. Хүнсээ дотооддоо хангахад Засгийн газар дэмжлэг үзүүлэх боломжтой. Ажлын байрыг хадгалах үүднээс аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, 10 их наядын цогц хөтөлбөр хэрэгжүүлж байна. Монгол улс вакцинжуулалтаараа Азидаа эхний 10-т жагсаж байна" гэв.
“Хасу мегават” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш:
"Төрийн албан хаагчид цалингаа бүтэн авч байна. Харин бид их хэцүү байдалд байна. Эрүүл мэдээ хамгаалж, эдийн засгаа аврах 10 их наяд төгрөгийн хөтөлбөийн хэрэгжилт хангалтгүй байна. Гурван хувийн зээлийн иргэн, ААН-д олгох зээлийн дээд хэмжээ бага. Бид авч чадаагүй л байна. Халамж хавтгайрсан тул өвөө, аавынхаа мөнгөөр амьдардаг залуус олон болсон. Заавал халамж тарааж байж вакцинаа тариуллаа шүү дээ. Том компаниуд өндөр цалин өгөхөөр залуус цалин голдог болсон. Энэ төслийг шуурхайлах ажлыг төр засаг хийгээсэй. Энэ төсөл 30 жилийн дараа 22 тэрбум ам.долларын өртэй болгоно хэмээн бидний толгойг эргүүлсэн. Монголын төр ард түмнээсээ уучлал гуйх ёстой. Та бүхэн 800 сая ам.доллар зээлж, энэ төслийг эхлүүлсэн тул хүү нь бодогдоод 22 тэрбум ам.доллар болсон юм билээ. Тендерт дотоодын компаниудаа шалгаруулж биднийг ажлаар хангах хэрэгтэй байна. Энэтхэгийн зээлээр газрын тосны үйлдвэр барьж байгаа тул Энэтхэгчүүд орж ирээд хийх нь аргагүй байх. Таван толгойн цахилгаан станц гэх мэт төслүүддээ биднийг оролцуулаарай" гэлээ.
“Энержи ресурс” компанийн захирал Ч.Батцэнгэл:
"Уул уурхайн биржийг сүүлийн 10 жилийн турш ярилаа. Би энэ ажлыг дэмжинэ. Хөрөнгийн биржид тусад нь платформ үүсгэж болно. Ингэвэл синержи үүсэж, арилжааны зардал ч буурна. Иймд Хөрөнгийн биржийг өргөтгөх нь илүү үр дүнтэй. Гашуун Сухайтын төмөр зам маш их ач холбогдолтой. Та бүхэн долдугаар сард ашиглалтад оруулна гэлээ. Энэ төмөр зам өргөн царигтай. Хятадын төмөр замтай яаж холбох вэ, гэрээ хэлэлцээ нь юу болсон бэ" гэв.
“Интерактив” компанийн захирал:
"Засаглалыг сайжруулах “Цахим Монгол” хөтөлбөрийг боловсруулсан. Үүнд хувийн хэвшлүүдэд ямар боломж байгаа вэ. Бид нэгдэх боломжтой юу? Нэгдэж орлоо гэхэд хууль эрх зүйн хүрээнд унаад байдаг. Цахимжина гэхээр төрийн албан хаагчдын тоо буурна. Та бүхний гаргасан шийдлийг дунд шатны төрийн албан хаагчид зогсоодог, гацаадаг. Төр бүх ажлаа өөрсдөө хийх гээд байна уу? Технологийн компаниудтайгаа хамтран ажиллах уу? Оны эхээр программ хангамжийн компаниуд бүх нийтийн үүргийн санд татвар төлөх болчихлоо. Энэ талаар мэдээлэл өгөөч" хэмээв.