ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ: Гуравдугаар сарын 1-нээс хойш хурдан морины уралдаан зохион байгуулвал НАСАНД ХҮРСЭН хүн унана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 57 секунд

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын хуралдаанаар хаврын морин уралдааныг хориглосон 57 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг нь тухайн аймаг, орон нутгийн удирдлагад нь өгөхөөр болсон.

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Хэрэв хаврын морины уралдааныг гуравдугаар сараас хойш аймаг орон нутагт зохион байгуулвал заавал 12-оос дээш насны хүүхэд байх ёстой" гэдгийг мэдэгдсэн.

Гэвч нөгөө талдаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/122 дугаар тушаалаар насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг баталсан. Үүний 2.1.14.2-т жил бүрийн тавдугаар сарын 1-ээс арваннэгдүгээр сарын 1-ны хугацаанд насанд хүрээгүй хүнээр хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулахыг хориглоно гэж заасан байдаг.

Тэгэхээр гуравдугаар сарын 1-нээс аймаг, орон нутгууд уралдаан зохион байгуулсан тохиолдолд 18-аас дээш насны хүнээр морио унуулахаар байна.

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр албажиж гараагүй гэж ойлгосон

Энэ талаар ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан "Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/122 дугаар тушаал хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тэгэхээр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр албажиж гараагүй гэж ойлгосон. Сайд нь зөвхөн амаар мэдэгдсэн байгаа. Албажиж гарсны дараа нөхцөл байдал тодорхой болох байх. Гэхдээ үүнээс үл хамаарч А/122 дугаар тушаал хэвээрээ байгаа шүү" гэдгийг онцлов. ХЭҮК-ын зүгээс ЗГ хүүхдийн дээд ашиг сонирхлын зарчмаас ухралт хийж буйд туйлын харамсаж буйг мэдэгдээд дээрх тогтоолыг хүчингүй болгохыг шаардсан юм.

Хэрэв хаврын уралдаанд 12 наснаас дээш настай хүүхдээр хурдан морь унуулна гэж Засгийн газар шийдвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/122 дугаар тушаалд өөрчлөлт оруулах шаардлага үүснэ.

Тодруулбал, "тавдугаар сарын 1-ээс арваннэгдүгээр сарын 1-ны хугацаанд насанд хүрээгүй хүнээр хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулахыг хориглоно" гэж заасан энэ хугацааг өөрчлөх тохиолдолд иргэдэд нээлттэй мэдээлж, 30 хоногийн хугацаанд санал авах зохицуулалттай аж. Улмаар өөрчилсөн тушаалаа ХЗДХЯ-нд хүргүүлж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний улсын бүртгэлд бүртгүүлснээр албажих юм байна.

МЕТРО ХОТ: Сургууль, цэцэрлэгт амны хаалт зүүхийг шаардъя
МЕТРО ХОТ: Сургууль, цэцэрлэгт амны хаалт зүүхийг шаардъя
 
Улаанбаатарт -14 хэм хүйтэн, үүлшинэ
Улаанбаатарт -14 хэм хүйтэн, үүлшинэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!