Элдэв томилгоо, асуудал дагуулна гэж үзсэн шийдвэрүүдээ ард иргэдийн анхаарал сарнисан байх үеэр далимдуулаад гаргачихдаг "жишиг" шиг зүйл манайд хэдийнэ тогтчихож. Ямар сайндаа шинэ оны өмнөхөн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж буй Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг ЭМДЕГ-ын даргаар томилчихсон байх вэ дээ. Түүнийг “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгийг БНСУ-ын аж ахуйн нэгжтэй хамтарч завшиж үрэгдүүлсэн гэх хэрэгт буруутган шалгаж байгааг салбарын сайд нь бүү хэл Ерөнхий сайд ч мэдсэн л байх учиртай. Гэсэн хэдий ч ийм томилгоог хийж орхиж.
Тэгвэл энэ үйл явцад хоёр агуулгыг хөндөхөөс өөр гарц үгүй. Нэгдүгээрт, Т.Мөнхсайхан сайд "гал"-ыг өөрөөсөө түлхээд байна уу. Мэдээж С.Энхболдыг шүүхээс гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байхад бид шууд буруутай хэмээн үзэж болохгүй. Энэ ч байж болохгүй зүйл. Гэхдээ Засгийн тэргүүн нь сүүлийн жилүүдэд авлигатай хийх тэмцэл хэмээн ам хуурайгүй ярьж явахад кабинетынх нь гишүүн албан тушаалын хэрэгт холбогдоод бүр яллагдагчаар татагдаад явж байгаа хүний томилгоог мэдсээр байж оруулж ирсэн бол кабинетдаа "хасах" оноог авч ирсэн үйлдэл мөн болж таарна.
Т.Мөнхсайхан сайд "АТГ-аас С.Энхболдыг ЭМДЕГ-ын даргаар томилж болохгүй гэсэн бичиг ирээгүй. ЗГХЭГ-аас нэрийг нь Засгийн газрын хуралдаанд танилцуулсан" гэх тайлбарыг хийж харагдана лээ. Гэтэл АТГ-аас зөвхөн ашиг сонирхлын зөрчил бий эсэхийг шалгаж, өөрийн чиг үүрэгт хамаатах тайлбарыг хүргүүлэхээс бусдаар тухайн хүнийг томилж болох, болохгүй гэх бичгийг явуулдаггүй аж. Угаас эрх хэмжээнд нь байхгүй зүйл.
Нөгөө талдаа ЗГХЭГ-аас нэрийг нь танилцуулсан гэдэг ч асуудалтай. Учир нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18.4 дүгээр зүйлд агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар зургаан жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө" хэмээн заасан байдаг. Эрүүл мэндийн салбарыг төлөөлж Засагт сууж буй гишүүн нь Т.Мөнхсайхан сайд. Тэгэхээр сайдын "санал" ч туссан байдаг гэсэн үг юм.
Хоёрдугаарт, С.Энхболдын томилгоог Ерөнхий сайд яагаад дэмжив. Эсвэл ам нээх бүртээ "Авлигатай тэмцэнэ" гэж ярьж явсан Ерөнхий сайдын тэмцэл дуусчихсан юм уу. Чуулганы индэр дээрээс "Авлигын эсрэг тэмцлээс алхам ч ухрахгүй, өрөвдөхгүй, өршөөхгүй" хэмээх үгээ хэлж явсан санагдах юм. Тэгсэн атлаа “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж их хэмжээний хохирол учруулсан” гэх заалтын дагуу яллагдагчаар татагдсан хүний томилгоог дэмжээд сууж байна гэдэг ярьсан хэлсэнтэйгээ хэр нийцсэн үйлдэл вэ. Шүүхээр тогтоогоогүй ч ёс зүй, шударга ёсны зарчимд нийцэх зүйл мөн үү. Ямартай ч хуулийн хүрээнд асуудал үүсэхгүй байсан ч ёс зүй, зарчмаа бодоод үзвэл С.Энхболдыг шалгагдаад дууссаны дараа биш шалгагдаж байх явцад нь агентлагийн даргаар тавьчихсан Ерөнхий сайдын эл үйлдэл авлигатай хийх тэмцлээсээ ухарсан үйлдэл болж байна.
Начир дээрээ ЭМДЕГ ч өөрөө "ер бусын" газар. Хатуу зангараг, сахилга бат үгүйлэгдэж байгаа газар. Өмнөх удирдлага болох Л.Бямбасүрэн нь нэр бүхий эмнэлгийн удирдлагуудаас авлига авч хясан боогдуулах замаар худал бичилт хийж байсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагаас шалгагдаад явж байгаа. Гэтэл дараагийнх нь удирдлагаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хүн оччихлоо. Эсвэл үнэхээр энэ байгууллагыг удирдаад явчих чадварлаг боловсон хүчин олдохгүй байгаа юм уу гэдгийг ч асуумаар байна.
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!