Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Үүл: МАНАН байгуулчихсан хүмүүст намайг шүүмжлэх эрх ч байхгүй. Би Улаанбаатарынхаа төлөө албан тушаалтай, тушаалгүй сайн дураараа зүтгэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
12 минут 7 секунд

Хотын дарга асан Э.Бат-Үүл нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын зөвлөхөөр ажиллахаар болсон гэх мэдээлэл гарсан даруйдаа багагүй "хэрүүлийн алим" дэгдээв. Хоёрхон хоногийн дотор тэрбээр намынхаа нөхдөөс ч багагүй зэмлэлийг хүртээд амжив. Тэгвэл бид түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та өнгөрөгч амралтын өдрүүдээр Шуурхай штабын хуралд биечлэн оролцсон байсан. Голчлон ямар чиглэлээр ярилцаж, санал зөвлөлдөв?

-Өнгөрөгч амралтын өдрүүдэд хуралдсан Шуурхай штабын хуралдаанаар нийслэл хотод хэрэгжүүлэх гэж байгаа мега төслүүд түүний уялдаа холбоог хэрхэн хангах талаар ярилцсан.

-Таныг шуурхай штабын зөвлөхөөр ажиллахаар болсонд олон нийт бараг л хоёр хуваагдах шахуу "мэтгэлцлээ". Танд зөвлөхөөр ажиллах санал хэрхэн ирсэн юм бэ?

-Хотын бүтээн байгуулалтын ажил хариуцсан зөвлөл гэх үү хороо гэх үү бүтэц байгуулагдсан юм билээ. Энэ зөвлөлд Хотын даргаар ажиллаж байсан хүний хувьд орж санаа оноогоо хэлээч гэдэг хүсэлтийг хотын бүтээн байгуулалт хариуцсан орлогч Даваадалай болон Ерөнхий сайд нараас тавьсан. Үүнийх нь дагуу би тухайн зөвлөлийнх нь гишүүн болсон. Тухайн зөвлөл нь яг ямар статустай явахыг нь би сайн хэлж мэдэхгүй байна. Ажлын уялдаа холбоог сайжруулах талаас нь санал зөвлөгөөгөө өгөөд явна л гэж ойлгосон.

-Намын зарим нөхдийн тань зүгээс нэлээд шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлж харагдана лээ. Намаасаа урвалаа, үзэл суртлаасаа ухарлаа гэх мэтээр. Та үүнийг юу гэж харав?

-Манай намын зүгээс намайг шүүмжилсэн гэж би бодохгүй байгаа. Яагаад гэвэл МАН-тайгаа хамтраад МАНАН байгуулчихсан шүү дээ. Тийм хүмүүст намайг шүүмжлэх эрх ч байхгүй. Би зүгээр л сайн дураараа оролцож байгаа. Улаанбаатар бол миний өсөж төрсөн хот. Улаанбаатарынхаа төлөө би албан тушаалтай, тушаалгүй сайн дураараа зүтгэнэ.

-Ажлынхаа уялдаа холбоог хангаж, бүх төлөвлөлтөө нарийн хийх ёстой. Тэгэхгүй бол Улаанбаатар хот баахан дутуу барьсан мега төслүүдийн ХОГИЙН ОВООЛГО болох вий-

-Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулаад байгаа шүү дээ. Та Хотын даргын үүргийг хашиж байсан хүний хувьд тус хөгжлийн төлөвлөгөөтэй танилцав уу?

-Өмнө 2030 он хүртэлх хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэж гарч байсан юм. Энэ ерөнхий төлөвлөгөөг тодорхой шалтгааны улмаас хэрэгжүүлээгүй. 2016 оноос МАН хотын эрхийг авснаас хойш энэ төлөвлөгөөг бүгдийг нь зогсоосон. Үүнтэй зэрэгцэн ковид үргэлжилсэн. Хамгийн гол нь 2030 он хүртэл хөгжүүлэх хотын ерөнхий төлөвлөгөөг зогсоосноос болоод хамтарч ажиллаж байсан Японы тал манайхныг маш хариуцлагагүй байна гээд итгэл алдарсан. Ингээд л тухайн 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө хэрэгжих нөхцөлгүй болсон. Хамгийн гол түншлэгч нь Японы тал байсан шүү дээ. Төлөвлөгөөгөө дураараа зогсоочихсон байхад арга ч үгүй. Одоо 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг гаргаж ирж байна. Үүнийг урьдчилсан байдлаар харахад, мега төслүүдийн уялдаа холбоо надад тийм ч сайн харагдахгүй байгаа юм. Ерөнхий төлөвлөгөө гэдгийг дутуу ойлгоод байна.

Хотын ерөнхий төлөвлөгөө гэдэг бол машиныг бүтээдэг зураг төсөлтэй адилхан шүү дээ. Жишээлбэл, ямар нэгэн машин хийхээр боллоо гэхэд дугуй, хроп, эх бие нь ямар байх уу гээд бүгд өөр хоорондоо уялдаа холбоотой байна биз дээ. Тэрнээс биш моторыг нь хропоос нь салгаад хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр хотын төлөвлөгөө гэдэг бол яг л энэ. Өөр хоорондоо уялдаатай байж бүтдэг.

Өөрөөр хэлбэл, цахилгааны станц нь дулааны шугамтайгаа яаж холбогдох юм, цахилгаан станцын түгээлтийн шугам нь замтайгаа яаж холбогдох юм үргэлжлүүлээд суурьшлын бүстэйгээ яаж холбогдох юм гэх мэтчилэн. Өөр хооронд нь хэлхэж холбосон мега төслүүдийн зураглал сайн харагдахгүй байгаа юм. Наадуул чинь хоорондоо холбогдохгүй байна шүү дээ гэдгийг нь ч хэлсэн. Тэгэхгүй бол түгжрэлийг бууруулахын тулд хурдны зам барьж байна гэж буруу ойлгуулаад байна шүү дээ. Гэтэл хурдны зам дээр суурилсан ерөнхий төлөвлөгөөний шинэ зарчим руу шилжчихээд байна.

-Таны үед боловсруулсан байсан 2030 он хүртэлх хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө одоогийн ерөнхий төлөвлөгөө хоёрын ялгаа нь юу байв?

-Бидний үед их багтаамжтай нийтийн тээврийн сүлжээн дээр суурилсан ерөнхий төлөвлөлт хийчихсэн байхгүй юу. Гэтэл одоогийн боловсруулчхаад байгаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь хурдны зам дээр суурилсан төлөвлөлт хийгээд ирсэн байна. Тэгэхээр одоогийн нөхцөлд их багтаамжтай нийтийн тээвэрт суурилсан ерөнхий төлөвлөлт нь туслах шинж рүү орчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, зарчмын өөрчлөлт хийчхээд байгаа хэрэг. Тэгвэл энэ зарчмын өөрчлөлт чинь өөр хоорондоо хэр уялдаатай юм бэ гэдэгт л би асуудал дэвшүүлж, саналаа хэлсэн.

-Олон мега төслүүд гараанаас гарахаар хүлээгдэж байна. Тэгэхээр таны харж буй өнцөг уялдаа холбоотой, нэгдсэн зохион байгуулалт басхүү дэс дараалалтай явах аж. Тухайлбал, уялдаагаа хангахын тулд яаж ажиллах хэрэгтэй гэж харж байна. Магадгүй уялдааг хангаж чадаагүйгээс үүсэх эрсдэл нь юу вэ?

-Уялдаагаа хангах гээд шуурхай штаб байгуулаад байна. Шуурхай штаб, Улаанбаатар хотын захиргаа гээд бид нийтээрээ нэг зүйлд санаа зовох ёстой.

Дутуу тооцсон, уялдаа холбоогүй ажил хийгээд гацаанд орвол Улаанбаатар хот баахан дутуу барьсан мега төслүүдийн хогийн овоолго болох аюултай.

Дутуу замтай тэгсэн хэр нь Богд уулаа нүхлээд хаячихсан сууж байхыг үгүйсгэхгүй. Газар доогуур метро хийнэ гээд бас нүхлээд хаячихсан сууж байвал яах билээ бид. Тэгвэл аюул болно биз дээ. Улаанбаатар хот маш хүнд байдалд орно шүү дээ.

Улаанбаатар байтугай маш туршлагатай Германд хүртэл онгоцны буудлаа барьж чадахгүй аюул болсон шүү дээ. Ганцхан нисэх онгоцны буудлын төслийг хэрэгжүүлж чадаагүйгээс маш хүнд байдалд орж байсан.

Хөрөнгө мөнгөө, давагдашгүй хүчин зүйлээ буруу тооцчихсон байвал хүнд байдалд орно. Дарханы зам чинь сунжраад хэсэгтээ хүндэрсэн биз дээ. Үүнтэй л адил шүү дээ.

-Эхэлчихсэн хэр нь дуусдаггүй юу?

-Тэгнэ шүү дээ. Дарханы зам шиг бөөн ашиглалтад ороогүй хурдны замуудтай болчихвол баларна биз дээ. Тиймээс үүнд л анхаарах ёстой. Үүний тулд төсөв хөрөнгө нь тодорхой, уялдаа холбоо нь сайн байх ёстой. Хөөрөөд энд тэнд баахан төсөл эхлүүлчхэж болохгүй л гээд байгаа юм.

-Таны өмнөх ярианд ч гарлаа. 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг зогсоосноос болж түншлэгч Японы тал итгэл алдарсан гэж. Тэгвэл хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг яаж олж авах вэ. Магадгүй үүний гаргалгаа нь “Дэд бүтцийн бүтээн байгуулалтын тухай” хууль санаачлан батлуулах явдал мөн үү?

-Тийм. Хамгийн гол нь УИХ-аар хуульчлах ёстой. Ядахдаа хуульчихсан байвал хуулиа хэрэгжүүлэх нь гэж горьдож эхэлнэ биз дээ. Тухайн хуульдаа эдгээр төслүүдийг хэрэгжүүлээгүй тохиолдолд хэн, ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг ч тодорхой суулгаж өгөх нь зөв. Ажлаа дутуу хаяад явчихвал яах юм. Жишээлбэл, метроны нүх ухаж байна гээд Улаанбаатар хотын газрыг сэндийлээд зогсчихвол яана. Бусад улс орны туршлагыг харах нь ч зөв. Бусад улс оронд олон мега төслийг нэгэн зэрэг хэрэгжүүлэхээс татгалзаж, үе шаттай явдаг.

-Хурдны замтайгаа нийтийн тээврээ өрсөлдүүлээд байвал утгагүй биз дээ-

-Төсөв хөрөнгөө баталгаатай болгоод, ажлынхаа уялдаа холбоог хангаад явлаа гэхэд эдгээр мега төслүүдийн хэрэгжих боломжийг хэрхэн харж байна. Эсвэл бид бүх мега төслөө нэг дор эхлүүлэхээсээ урьтаад дэс дараалалтайгаар үргэлжлүүлэх ёстой юм уу?

-Цаг хугацааны хувьд цувуулж, дараалалтай явуулах ёстой. Олон зэрэг юманд уначихаж болохгүй. Жишээлбэл, Богд уулаа нүхэлж шинээр байгуулах хоттой холбох гэж байгаа бол эхлээд энэ ажлаа хийх ёстой. Учир нь Улаанбаатарыг тэлэх шинэ орон зайг л бий болгох гээд байна шүү дээ. Тэгвэл үүний гол зангилаа асуудлаа шийдэх ёстой шүү дээ. Гарц нь бий болоогүй байхад баахан хурдны замыг авааччихвал мухардана биз дээ. Тэгээд энэ хурдын замууд чинь нийтийн тээвэртэйгээ яаж холбогдох юм. Метро барьчихсан. Жишээлбэл, хурдны зам дагуу трамбай бий болгочихвол хүмүүс хурдны замаараа л давхина биз дээ. Машинтай юм чинь. Тэгэхээр нийтийн тээврийг ямар ч үр ашиггүй, орлого багатай хэсгийн л хэрэглээ болчихоно шүү дээ. Энэ мэт зүйлийг бодолцох хэрэгтэй. Ер нь их оврын нийтийн тээврийг хөгжүүлж байж түгжрэлийг бууруулна гэх шийдэл рүү олон улс шилжчихсэн шүү дээ. Тэгэхгүй бол хурдны замтайгаа нийтийн тээврээ өрсөлдүүлээд байвал утгагүй биз дээ.

-Хотын дарга Х.Нямбаатар 14 мега төслүүдэд "авторлогдож" байна. Тэгэхээр та бүхний санал шүүмжийг хэр нааштай хүлээж авахаар харагдаж байна?

-Х.Нямбаатар жаахан хүлээц муутай хандаж магадгүй юм уу даа л гэж анзаарсан. Гэхдээ эрх биш ийм том ажил хариуцаж байгаа хүний хувьд хүлээцтэй хандаж сурах байлгүй дээ.

Ярилцсанд баярлалаа

“Ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам хамтарч болно. Гэхдээ ЗАРЧИМТАЙ байя“
“Ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам хамтарч болно. Гэхдээ ЗАРЧИМТАЙ байя“
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.