Үдийн 17:00 цаг. Ихэнхдээ хөл гишгэх зайгүй шахам хүмүүс бужигнадаг байсан "Нарантуул" худалдааны төв хоосорчээ. Эзэнгүй хоосон модон лангуунууд, эл хул байдал, -15 хэмийн хүйтэнд дотроо халааж зуу татах эрчүүд. Энэ бол "Нарантуул" худалдааны төвийн өнөөдрийн бодит дүр зураг.
Өмнө нь тус захад хүмүүс оволзож, наймаачид 19:00 цагт ажлаасаа буудаг байсан бол одоо 16:00 цаг болов уу үгүй юу бараагаа тээшиндээ хийн харихаар зэхдэг болоод уджээ.
Орлого гэх олигтой зүйлгүй, өвлийн бараа татаад зарж чадаагүй учраас эргэлтийн мөнгөгүй болсноо наймаачид нуусангүй. Урьд жилүүдэд наймаачид хоорондоо ярих байтугай, хоол цайгаа ч уух завгүй наймаа хийдэг байсан бол 2020 оноос хойш наймаачид хоёр, гурваараа хөзөр тоглонгоо цаг нөхцөөж суудаг болжээ. Учир нь цар тахлын жилүүдээс хойш хүмүүс онлайнаар хэрэгтэй бараагаа захиалдаг болсон байна. Одоо тэдний үнэн ч үйлчлүүлэгчид нь орон нутгийн иргэд л болж.
Уулзсан худалдаа эрхлэгч бүр наймаа муу байгаа тухай ярьж "Юун ашиг манатай" гэж бухимдацгааж байв. Үүн дээр нэмээд тэдний ярианы гол сэдэв нь хотын дарга Х.Нямбаатар болжээ.
Учир нь хотын дарга Х.Нямбаатар нэгдүгээр сарын 20-нд “Туулын хурдны зам барихтай холбогдуулж “Нарантуул” захыг хурдны замынхаа хоёр талд гаргана" гэж мэдэгдсэн. Тодруулбал, тус захыг ирэх дөрөвдүгээр сараас эхлэн нүүлгэх аж. Үүнтэй холбоотойгоор “Нарантуул” захын худалдаа эрхлэгчид ууртай байна.
Зарим нь Х.Нямбаатарыг хараана, зарим нь түүнийг огцроосой гэж уурсана. Бүр жагсаал цуглаан хийх талаар хүртэл ярьцгааж байна. Эндхийн архаг наймаачид "Нүүлгэж чадахгүй ээ. Өмнөх хотын дарга нар нь чадаагүй юм" гэх зэргээр ёжлох аж.
Тус захыг нүүлгэх анхны санаачлага 2007 онд тухайн үед нийслэлийн захирагчаар ажиллаж байсан Ц.Батбаяраас гарч байжээ. Энэ нь явсаар 2016 онд С.Батболд, 2018 онд С.Амарсайхан 2022 онд Д.Сумъяабазар, ийнхүү 2025 онд Х.Нямбаатарын үетэй золгож байгаа нь энэ.
“Нарантуул” захын худалдаа эрхлэгч н.Гэрэлчулуун: Нөхөн төлбөр хангалттай өгвөл нүүж болж байна. Нэг лангуу хамгийн багадаа 50 саяыг авна
Тухайлбал, худалдаа эрхлэгч н.Гэрэлчулуун "Нарантуул" худалдааны төвд 20 дахь жилдээ ажиллаж байна. Тэрбээр "Х.Нямбаатар Монголд ганцаараа амьдраагүй биз дээ. Юм хийх гээд байгаа нь сайхан л хэрэг. Гэхдээ хүний амьжиргаа залгуулдаг газар руу орж болохгүй биз дээ. Х.Нямбаатарын гэрт нь очоод өөр газар руу нүү гэвэл тэр хүн явах уу. Биднийг яг тийм байдалд оруулж байгаа байхгүй юу. Гэхдээ 18 мянган хүн үүний эсрэг бүгд босно л гэж байна лээ. 18 мянган хүн хөдөлвөл энэ хавар овоо юм болно доо. Хавар арай ч захыг нүүлгэчихгүй байлгүй. Үүн дор их, дээд сургуулиа нүүлгэсэн нь дээр.
Нөхөн төлбөр хангалттай өгвөл нүүж болж байна.Нэг лангуу хамгийн багадаа 50 саяыг авна" гэв.
"Нарантуул" захыг хотын хоёр талд гаргачихвал ирэх хүн байхгүй шүү. Х.Нямбаатар бид нар шиг амьдрал туулж үзээгүй. Унтаж сэрээд л зүүдээ ярьдаг болж
"Нарантуул” захын худалдаа эрхлэгч Л.Ганзориг "Ямар ч амьдралгүй юм ярьж байгаа байхгүй юу. Х.Нямбаатар бид нар шиг амьдрал туулж үзээгүй. Унтаж сэрээд л зүүдээ ярьдаг болж. Амьдралд ойрхон шийдвэр л ард түмний амьдралыг өөрчилнө биз дээ. Хаа байсан хурдны замын хоёр төгсгөлд нь "Нарантуул-"ыг хувааж гаргана гээд байх юм. Нэг оймс, өмд авах гэж тийшээ хүн очих уу. Очихгүй шүү дээ. Тийм зүйл түүхэнд байхгүй. Бүр л илүү өртөгтэй болдог юм байгаа биз дээ. Бид мөрөөрөө амьдарч байна. Хувиараа НДШ, эрүүл мэндийн даатгалаа төлж байна. Зүгээр амьдарч байгаа хүмүүсийг нааш цааш хөдөлгөнө гэж ёстой байхгүй шүү" гэх хатуу байр суурийг илэрхийлэв.
Нүүлээ гэхэд очих газар нь хаана байна. Бид ямар Туулын бургасанд бараагаа зараад зогсож байлтай биш
Үргэлжлүүлэн "Нарантуул” захын худалдаа эрхлэгч С.Төмөр "Нарантуул захын газрыг нь авах гээд байгаа юм биш үү. Туулын хурдны замынхаа баруун хэсэгт буюу Туул голын хойд хэсэгт Нарантуул захыг шилжүүлнэ гээд байх юм. Нүүлээ гэхэд очих газар нь хаана байна. Бид ямар Туулын бургасанд бараагаа зараад зогсож байлтай биш.
Нэг л сэнтий дээр суусан УИХ-ын гишүүд, дарга нар өөрсдийнхөө өнцгөөс харахаас биш биднийг хэдэн хэмийн хүйтэнд яаж зогсож мөнг олж байгааг мэдэж байгаа юу. Мэдэхгүй шүү дээ. Тэдний төсөөлөөгүй амьдрал энд өрнөж байна. Дарга нар гадаа хүйтэнд 30 минут ч зогсож чадахгүй биз" гэлээ.
Хотын даргын шийдвэр гарлаа гээд бид нүүчихдэг юм биш
-Би 24 жил энд зогсож байна. Манай "Нарантуул"-ыхан халуунд халж, хүйтэнд хөрж улсад ямар ч дарамтгүйгээр өөрсдийнхөө амьдралыг болгодог. Нүүлгэнэ гэх Хотын даргын шийдвэр гарлаа гээд бид нүүчихдэг юм биш. Энд хэдэн мянган хүний амьдрал яригдана. Өнөөдөр бид наймаатай, наймаагүй олныхоо буянд болж л байна. Гэхдээ бор зүрхээрээ амьдарч байгаа бид нар шиг хүмүүсийг оролдмооргүй л санагдах юм. Нүүлгэх нь маш буруу шийдвэр. Бидэнтэй тулаад ярилцаж болно. Тэгээгүй байж шууд дөрөвдүгээр сарын 1-ээс нүүлгэнэ гэхээр утгагүй байгаа биз дээ. Сандарсан наймаачид захын байцаагч нар руу байнга утас цохиостой. "Одоо бид яах уу гэхээр "Бидэнд тийм мэдэгдэл ирээгүй. Та нар тайван ажлаа хий" гэх хариуг өгсөн" гэв.
Х.Нямбаатар: Туулын хурдны замыг барихад 36 нэгж талбар өртөж байгаа учраас нөхөн олговор олгоно
Ийнхүү Хотын дарга, худалдаа эрхлэгчдийн дунд хэрүүлийн "алим" үүсгэсэн Туулын хурдны зам нь Баянзүрхийн гүүрнээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх зургаан эгнээ бүхий гэрлэн дохиогүй, уулзваргүй нийслэл дэх хот доторх анхны хурдны зам болох гэнэ.
Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг өчигдөр /2025.01.28/ зарласан.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар "2024 оны байдлаар нийслэлчүүд бид түгжрэлд цаг хугацаа, шатахуун зэрэгт нийт 900 сая орчим ам.доллар зарцуулжээ. Энэ байдлаар явбал 2030 онд нэг тэрбум ам.доллар давахаар байна. Өнөөдрийн байдлаар оргил цагийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол 2030 онд 5-9 км/цагт хүрэх юм. Тиймээс энэ оноос эхлэн нийслэл хоёрдугаар түвшний замуудаа барина. Үүний нэг болох хот доторх анхны хурдны замын тендерийг зарлаж байна.
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр эхлүүлж, 24 сарын дараа буюу 2027 оны тавдугаар сард ашиглалтад оруулна.
Хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэхээс гадна Дархан болон Замын-үүд чиглэлийн дамжин өнгөрөх автотээврийн нэвтрүүлэх чадвар сайжирна. Мөн Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замын сүлжээний түгжрэл 10-20 хувиар буурах тооцоолол гарсан. Тус замыг барихад трасст 36 нэгж талбар өртөж байгаа учраас “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах” тухай хуулийн дагуу газар чөлөөлөлтийг зохион байгуулж, нөхөн олговор болон газар дүйцүүлж олгоно. Туулын хурдны замтай дараа, дараагийн хоёрдугаар түвшний замууд огтлолцох юм. Тус хурдны замыг барихдаа ямар ч зам, гүүр хаахгүй” гэв.
СУДАЛГАА: "Нарантуул" худалдааны төвийг нүүлгэх өөр нэг шалтгаан нь түгжрэл
Нийслэлийн засаг даргын тамгын газраас Авто замын түгжрэлийг бууруулах шийдлийн талаарх судалгаа хийжээ. Энэхүү судалгаанд түгжрэлд нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйл нь авто машины тоо хэт их байгаатай холбоотой гэж үзсэн байна.
Харин түгжрэлд нөлөөлж байгаа хоёрдогч хүчин зүйл бол томоохон зах, худалдааны төвүүд хотын төвд байрладагтай холбоотой гэж иргэдийн 60 хувь нь үзжээ.
Томоохон зах худалдааны төвүүдээр өдөрт үйлчлүүлдэг иргэдийн тоон судалгааг харахад "Нарантуул" худалдааны төвөөр өдөрт дунджаар 42.800 хүн үйлчлүүлдэг байна.
Эдгээр хүмүүсийн дийлэнх буюу 75 хувь нь Баянзүрх дүүргийн оршин суугчид байдаг аж. Иргэдийн хөлд дарагддаг дараагийн газар нь "100 айл" барилгын материалын худалдаа, үйлчилгээний төв. Энд өдөрт дунджаар 34.300 хүн ордог аж.
Сэтгэгдэл (11)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!