VISUAL TOIM: П.Очирбат агсны “МӨР“

Ангилал
Visual toim
Огноо
Унших
15 минут 13 секунд

Өнөөдөр монголын ард түмэн Пунсалмаагийн Очирбат хэмээх түүхэн хүмүүнээ сүүлчийн замд нь үдэж байна. Угтаа тэр өөрөө "түүх" аж. Монгол төрийн анхны Ерөнхийлөгч, төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, Монгол Улсын шинэ Үндсэн Хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын тэргүүн бөгөөд анхны эхийг баталгаажуулагч, үндсэн хуульт ёс, эрх зүйт төрийг хөгжүүлэгч, Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн, олон улс дахь байр суурийг эрс бэхжүүлсэн нэгэн зэргээр түүний "гуншин" дуусахгүй. Тэгвэл 83 насыг зооглосон энэ эрхэм монгол төрийн түүхийн хуудаснаа ямар "мөр" дарж алхсан талаар энэ удаагийн VISUAL TOIM буландаа онцлон хүргэж басхүү "үлдээж" байна.

-Бунхантын өвөлжөөнд хүү мэндлэв-

П.Очирбат 1942 оны нэгдүгээр сарын 23-нд буюу морин жилийн өвлийн адаг сарын шинийн наймны өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын өвөлжөөнд малчин ард Пунсалмаагийн хүү болон мэндэлжээ. Таван настай байхдаа аавыгаа алдсан тэрээр ээж, дүүтэйгээ гурвуулаа үлдсэн гэдэг. 1951-1960 онд Улаанбаатар хотын VIII, арван жилийн XIV дунд сургуульд суралцан дүүргэжээ.

-Уул уурхайн залуухан инженер П.ОЧИРБАТ-

1960-1965 онд буюу таван жилийн хугацаанд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн залуу хүү П.Очирбат эх орондоо ирснийхээ дараагаар буюу 1966 оноос ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлэв. Түүний анх ажилласан газар нь Аж үйлдвэрийн яамны мэргэжилтэн байв.

-Мэргэжилтнээс төрийн сайд хүртэл ажилласан он жилүүд-

Ийнхүү тэрбээр өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу олон ч газар ажил хөдөлмөрөө үнэлүүлэн ажиллажээ. Тухайлбал, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженерээр ажиллав. Улмаар 1972 оноос 1976 оны хооронд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайдын албыг хашсан байна.

-"Надаас ч асуугаагүй. Хуучин цагийн хүн чинь яах вэ дээ. Хүлээгээд л авсан..."-

БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат. Тэрбээр "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн үеэр "Тухайн үед МАХН эрх барьж байлаа. Надаас ч асуулгүйгээр АИХ-ын тэргүүлэгчдийн даргад нэр дэвшүүлж байсан. Гунгаадоржийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх талаар ч ярьж байв. Хуучин цагийн хүн чинь яах вэ дээ. Тэгээд л хүлээж авсан. Есдүгээр сард нь нөгөө сонгууль болоход Үндэсний дэвшлийн нам, Социал демократ болон бусад намууд намайг дэмжсэнээр АИХ-аас БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон" хэмээн ярьсан байдаг.

-1992: "Монгол Улсын Үндсэн хуулийн уг эх энэ болой"-

1990-1993 он бол түүхэн дэх шилжилтийн үе. Энэ цаг үед төрийн тэргүүнээр ийн ажиллаж байхдаа тэрээр шинэ Үндсэн хуулийн эхийг барьж, батламжилсан. Үүнээс өмнө төрийн эрх мэдэл Ардын Их Хурал /АИХ/-д хадгалагддаг, чөлөөт цагт нь Тэргүүлэгчдын дарга зарлиг гаргадаг байсан аж. Нийгмийн харилцааг зохицуулах энэ хэлбэр 1921-1990 хүртэл 69 жил үргэлжилсэн гэж хэлж болно. Ийнхүү 1992 оны Үндсэн хуулиар бид засаглалын хувьд Монгол Улсад нэг шаттай парламент, Ерөнхийлөгчийн институт бүхий бүгд найрамдах засаглалын ардчилсан хэлбэрийг хуульчлан баталгаажуулсан.

-"Алт" хөтөлбөрийн дүнд дөрвөн жилийн хугацаанд алт олборлолт 5 дахин нэмэгджээ-

Монгол Улс анхны ардчилсан Үндсэн хуулиа баталснаар төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, нийгэм, улс төрийн цоо шинэ тогтолцоо руу орох алхмаа хийв. Яг энэ цаг үед тухайн үеийн Ерөнхийлөгч П.Очирбат “Алт” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлжээ. Үр дүнд нь дөрвөн жилийн хугацаанд алт олборлолт бараг тав дахин нэмэгджээ.

Тэрээр энэ тухайгаа “Алт хөтөлбөрийн зорилго үр дүн” өгүүлэлдээ "1991 оны 8 дугаар сард Улсын Геологийн төвийн захирал З.Барас алт олборлолтыг нэмэгдүүлэх боломжийн тухай ярьж танилцуулсныг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт” хөтөлбөр боловсруулах шийдвэр гаргаж, геологи уул уурхайн урдаа барьдаг хэсэг мэргэжилтэн, хуульч, эдийн засагч нар хамтран уг хөтөлбөрийг боловсруулсан юм. Эдгээр хүмүүс Монголын алтны аж үйлдвэрийн хөгжлийн шинэ үеийн эхлэлийг тавьж, өнөөгийн өрнүүн хөгжилд их гавьяа байгуулсныг талархан тэмдэглэж байна" хэмээсэн байдаг.

-"Бид таны нэрийг дэвшүүлнэ. Өрсөлдөөнтэй сонгуулийг хийе гэсэн"-

1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг АИХ батлагдахдаа "Ерөнхийлөгчийн сонгуулийг 199З оны зургадугаар сард багтаан явуулна” гэж заасны дагуу 1993 онд бүх ард түмний сонгууль явагдав. Тухайн үед Ерөнхийлөгчид сойх хүмүүсээ намууд тодруулж байв. Харин МАХН П.Очирбатаас өөр хүний нэрийг дэвшүүлэх шийдэлд хүрснээр тэрээр Ардчилсан намаас сонгуульд өрсөлдөв.

Монгол Тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт орохдоо П.Очирбат гуай "Баабар /Б.Батбаяр/ чинь их сонин хүн шүү дээ. Бид нар таны нэрийг дэвшүүлнэ гэсэн. Та битгий татгалзаарай гээд ёстой л нөгөө өрсөлдөөнтэй сонгуулийг хийе гэсэн" гэж ярьжээ.

-1993: Л.Түдэв бол үнэхээр боломж өндөртэй, ёстой л битүү морь байсан-

1993 оны сонгуульд МАХН Үнэн сонины эрхлэгч Л.Түдэвийн нэр дэвшүүлж байжээ. Ийнхүү хатуу цаг үед төрийн нийгмийн зүтгэлтнээр ажилласан эрхмийн эсрэг бичиг номын соён гэгээрүүлэгч хүн өрсөлдөв. Л.Түдэвийн талаар П.Очирбат гуай "1990-1993 онд хараал, ерөөл хоёрын хараал нь түлхүү байсан цаг үе шүү. Тийм үеийг өнгөрөөж яваа хүний өрсөлдөгчөөр бичиг номын хүн өрсөлдсөн. Ингээд харахад Л.Түдэв бол үнэхээр боломж өндөртэй, ёстой л битүү морь байсан хэрэг шүү дээ" гэв.

-Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч-

Ийнхүү бүх ард түмний сонгуулийн санал хураалтаар 57.8 хувийн саналаар П.Очирбат ялалт байгуулав. Ийнхүү Пунсалмаагийн Очирбат Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр ажиллаж эхлэв. Тэрээр 1997 оны 6 дугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан юм. Улмаар 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Багабанди 60.8 хувиар ялалт байгуулав. Ерөнхийлөгч П.Очирбат УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлж, өнгөрсөн хугацаанд Монгол Улс шинэ Үндсэн хуулийг баталсан, газрын тосны баялгийг нээсэн, алт, зэс, ураны аж үйлдвэрийн суурь тавигдсан, энхийг эрхэмлэсэн, бие даасан гадаад бодлого явуулдаг, олон улсад нэр хүндтэй, нээлттэй Монгол орон болсныг дурдаад, “...ийм орныг өөрийн залгамж шинэ Ерөнхийлөгчид хүлээлгэн өгч байна” гэж мэдэгдэж байжээ.

-1994: 100 мянган ам.долларт "хүрсэн" дээл -

Нефтийн ундаргаар мялаагдсан П.Очирбат гуайн энэ дээлийг 100 мянган ам.долларт үнэлж байсан гэдэг. 1994 онд цагаан элсний нефтийн хайгуулд анхны өрөм тавьж, тухайн орд газраас түүхий нефть ундархад Ерөнхийлөгч асан П.Очирбат өөрийн өмсөж явсан дээлээ ийн мялааж байв.

П.Очирбат гуай “Ардчилал таймс” сонинд өгсөн ярилцлагадаа энэ талаар “Нефтийнхэнд өөрсдийн өвөрмөц баяр байдаг. Нефть олгойдвол хайгуулахынхан цөмөөрөө шүршүүлдэг. Усан онгоцныхон бол усан онгоцоо бүтээж байгаад шампанскийг олсонд уяж буудуулдаг. Би тэдэнд нефть олгойдвол Монголын ард түмэн наадахаар чинь гоёлын дээлээ шүршүүлнэ гэсэн. Тэгээд гурван жилийн дараа 1997 онд оргилоод эхлэхээр нь оргилсон нефтиэр ард түмнээ төлөөлж дээлийнхээ энгэрийг мялаасан юм" хэмээн ярьжээ.

-Хувийн өмчийг хуулиар баталгаажуулав-

1990 он гарсаар өмч хувьчлалын асуудал олон нийтийн анхаарлын төвд байсан. Тухайн үед Өмч хувьчлалын тухай хуулийг батламжилжээ. Ингэснээр иргэд хувийн өмчтэй болох үндэс суурь тавигдаж, орон сууц, ажлын байр, мал сүрэг хувь хүний өмчид шилжсэн.

-Эх үрсийн баяраар бүх нийтээрээ амардаг болов-

П.Очирбат БНМАУ-ын Ерөнхийлөгч байхдаа зарлиг гарган, “Төрөөс хүүхэд залуучуудын талаар баримтлах чиглэл”-ийг баталж байв. Харин ард түмнээсээ Ерөнхийлөгчөөрөө сонгогдсон түүхэн он жилдээ Эх үрсийн баярыг бүх нийтийн амралтын өдөр болгож байжээ. Өдгөө ч энэ шийдвэр үргэлжилж, жил бүрийн зургаадугаар сарын 1-нд бүх нийтээр амарч баярладаг билээ.

-1990-1992: ТЭР ТҮҮХЭНДЭЭ...-

Тэгвэл БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр ажилласан он жилдээ Пунсалмаагийн Очирбат гэх энэ эрхэм дээрх зарлиг шийдвэрүүдийг гаргаж байжээ. Дээр дурдсан зүйлсээс гадна “Хүн амын хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлыг хангах, улсын хяналт, түүнийг сайжруулах зарим арга хэмжээний тухай” мэдээлэл, УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлж байжээ.

Түүнчлэн дээрхээс онцолбол, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд хориг тавьж байв. Тодруулбал, “Газрыг өмчлөх эрх нь БНМАУ-ын тусгаар тогтносон бүрэн эрхэд байна. Газрыг өмчлөх эрх нь түүний хэвлий ба байгалийн нөөцөд хамаарахгүй” гэж заасан нь газар төрийн өмчид байх боловч түүний хэвлий ба байгалийн нөөц нь төрийн бүрэн эрхэд хамаарахгүй гэж ойлгогдохоор болсон байна гэж үзсэн аж.

-1993-1997: ТЭР ТҮҮХЭНДЭЭ...-

Харин бүх ард түмнээс сонгогдсоныхоо дараах он жилүүдэд тэрбээр бодлогын ямар өөрчлөлтүүдийг хийхээр ажиллаж байсныг дээрх шийдвэр зарлигуудаас нь харж болох юм. Эдгээрээс гадна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, багш нарын мэргэжил дээшлүүлэх, тэдний ажил амьдралын нөхцөлийг сайжруулах талаар нэн даруй шийдвэрлэж хэрэгжүүлбэл зохих асуудлаар зарлиг гарган Засгийн газарт чиглэл өгч байжээ.

-Томоохон айлчлалууд "идэвхжсэн" он жилүүд-

Гадаад бодлогоо хэрэгжүүлэх чиглэлд олон, олон айлчлалуудыг дурдаж болно. Дээр дурдсанчлан П.Очирбатын урилгаар БНХАУ, Унгар, Австрали, ОХУ, Украин зэрэг олон орны төр нийгмийн зүтгэлтнүүд манай улсад айлчилж байжээ. Харин П.Очирбат гуай ОХУ, БНСУ, БНЭУ, Тайландын Вант Улс, БНАЛАУ, БНСВУ, Их Британ зэрэг улсуудад айлчлал хийсэн байдаг.

-Анхны Чингисийн одонг хүртэв-

Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одон гардуулдаг уламжлал 2005 оноос тогтсон юм. Үүний хамгийн эхний одонг П.Очирбат агсан мөн онд хүртэж байв.

-Академич П.Очирбатын бүтээлүүд түүхэнд мөнхрөв-

П.Очирбат бол Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич, Экологийн аюулгүй байдлын олон улсын академийн жинхэнэ гишүүн, Дэлхийн Уул уурхайн шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн, профессор нэгэн. Тэрээр Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдалд үнэлэлт өгч, хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлсон олон арван бүтээлээ уншигч түмэнд хүргэсэн байдаг. Үүнд, “Монгол Улсын эрдэс баялгийн хөгжлийн стратеги ба экологи”, “Үнэт эрдсийн цогцолборын хөгжлийн стратеги”, “Нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн стратеги ба экологи”, “Ашигт малтмалын баяжуулалтын технологийн үндэс, уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” 7 боть, “Уул уурхайн эдийн засаг, бизнес, менежмент” 4 боть тэргүүтэй геологи, уул уурхайн мэргэжлийн асуудал дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон бие даасан болон хамтын томоохон бүтээлүүдийг нэрлэж болно.

-Түүний гавьяаг үнэлж...-

Монгол улсын Ерөнхийлөгчөөр долоон жил ажиллахдаа төрийн тэргүүний хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, тус улсыг улс төрийн түгээмэл ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн зорилтын хүрээнд эрх зүйн шинэ орчинг бүрдүүлэх, засаглалын салаа мөчрүүдийн үйл ажиллагааг шинэчлэн төлөвшүүлэх, нийгмийн ойлголцол зөвшилцлийг хангах үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан талаар онцлон тэмдэглэсэн байдаг. Иймдээ ч П.Очирбатын эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө байгуулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж, Монгол Улсын Төрийн олон шагналыг хүртээсэн билээ.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбатын Монгол Улсыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, үйл хэргийг монголчууд үеийн үед хүндэтгэн дурсах болно

Л.Энх-Амгалан: “НАСНЫ ХИШИГ“-ийг нэгдүгээр сард багтаан олгож дуусна
Л.Энх-Амгалан: “НАСНЫ ХИШИГ“-ийг нэгдүгээр сард багтаан олгож дуусна
 
Ц.Элбэгдоржоос бусад Ерөнхийлөгч нар П.Очирбаттай агсантай салах ёс гүйцэтгэх ёслолд оролцлоо
Ц.Элбэгдоржоос бусад Ерөнхийлөгч нар П.Очирбаттай агсантай салах ёс гүйцэтгэх ёслолд оролцлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!