Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын тэргүүн, Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн, олон улс дахь байр суурийг бэхжүүлсэн, Монголын ард түмний эрхэм хүү Пунсалмаагийн Очирбат 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний учир таалал төгсөж, Монгол төр, Монголын ард түмэнд хүнд гарз тохиосон билээ.
Харин өнөөдөр Монгол түмэн түүнтэй салах ёс гүйцэтгэж, сүүлчийн замд нь үдэж байгаа юм. Энэ мөчийг тохиолдуулан төрийн өндөрлөгүүд болон зарим улс төрчид хэрхэн эмгэнэл илэрхийлж, дурсан санасныг хүргэж байна.
У.ХҮРЭЛСҮХ: П.Очирбат нийгмийн ойлголцол зөвшилцлийг хангах үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан
-П.Очирбат Монгол Улсын Ерөнхийлөгчөөр долоон жил ажиллахдаа төрийн тэргүүний хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, тус улсыг улс төрийн түгээмэл ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн зорилтын хүрээнд эрх зүйн шинэ орчинг бүрдүүлэх, засаглалын салаа мөчрүүдийн үйл ажиллагааг шинэчлэн төлөвшүүлэх, нийгмийн ойлголцол зөвшилцлийг хангах үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбатын эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг, эвийг эрхэмлэгч, өв соёлыг дээдлэгч, ажилч хичээнгүй, тууштай дүр төрх, зан чанар, шинжлэх ухаанч, зарчимч, бүтээлч үйл хэрэг нь Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд орших болно.
Монголчууд бид Таны Монгол Улсыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, үйл хэргийг үеийн үед хүндэтгэн дурсах болно.
Д.АМАРБАЯСГАЛАН: Идэвх санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж байсан нь Монголчууд бидэнд үнэт өв болон үлдлээ
-Тэрээр Ардын Их Хурлаас 1990 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор ардчилсан, эрх чөлөөт нийгэмд шилжих Монгол түмний сонголтыг Монгол Улсын Үндсэн хуульд бэхжүүлэн тунхаглах үйл хэргийг хууль, эрх зүйн дагуу, тайван замаар, нийгмийн ойлголцол зөвшилцлийг ханган баталгаажуулахад Төрийн тэргүүний үүргийг нэр төртэй гүйцэтгэж, түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ.
Монгол эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг тогтоосон ардчилсан Үндсэн хуулийг Төрийн тэргүүний хувьд “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эх энэ болой” хэмээн нотлон үзэглэсэн түүхт хүмүүн байв.
Ардчилсан Үндсэн хуулийн дагуу Төрийн тэргүүнээ анх удаа нийтээр, шууд сонгох сонгууль 1993 оны 6 дугаар сарын 6-ны өдөр болж Пунсалмаагийн Очирбат олон түмнийхээ итгэлийг хүлээн ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан билээ.
Төрийн тэргүүн, инженер, эрдэмтний хувьд Эзэн Богд Чингис хааныхаа ойг тэмдэглэж эхлэх, төрийн их хүндэтгэл үзүүлэх, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд Монгол Улсыг цөмийн зэвсэггүй бүс болгон зарлах, хил орчмын нутаг дэвсгэрийн байдлыг мэдээлэл, геодези, зурагзүйн талаар баримтжуулах, гадаад улсуудтай нээлттэй харилцаа, найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчим хүч, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх, улс төрийн нам, эвслийн зөвшилцлийг хангах зэрэг үйл хэрэгт идэвх санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж байсан нь Монголчууд бидэнд үнэт өв болон үлдлээ.
Тэрээр нэгэнтээ “Монгол Улс азийн нэгэн бар болно” хэмээн чин хүсэл мөрөөдөл, ерөөлөө ард түмэндээ сонордуулж байсан нь Монгол түмний зүрх сэтгэлд оч болон бадарч, хөгжлийн төлөөх дуудлага болон хоногшжээ. Монгол Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн сайн сайхан амьдралын төлөөх түүний энэ хүсэл алхам алхмаар, жил жилээр бодитой болж, цаашид биеллээ олох нь дамжиггүй гэж итгэж байна.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Тэрээр парламентын засаглалыг дэмжиж үг хэлж, дэмжигдсэн түүхтэй
-Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат гуайн гэр бүлд өнөөдөр Засгийн газраа төлөөлж эмгэнэл илэрхийлэв. Тэргүүн хатагтай асан Шаравын Цэвэлмаа гуай болон гэр бүлийнхэнтэй нь түүний ажил, амьдралын баялаг түүхийг дурсан ярилцав.
1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр болсон Ардын Их Хурлын II хуралдааны 19 дэх өдөр “Монгол Улс Парламентын засаглалтай байх эсэх талаар” санал хураахад 186 хүн буюу 48 хувь дэмжиж, 186 хүн буюу 48 хувь дэмжилгүй санал тэнцэж танхим ерөнхийлөгчийн байр суурийг сонссон байдаг.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын дарга Пунсалмаагийн Очирбат парламентын засаглалыг дэмжиж үг хэлж, дэмжигдсэн түүхтэй.
Монгол Улсын ардчилсан парламентын засаглалыг дэмжсэн түүний байр суурь цаг хугацаа өнгөрөх тусам үнэлэгдэх бахархалт өв билээ.
Тэнгэрийн цаг Монгол түмнийг ивээж, зөв дүгнэлт, зөв ирээдүйд түүчээлэх болтугай.
Ц.ЭЛБЭГДОРЖ: П.Очирбат та газарт мөртэй, тэнгэрт суудалтай, Эх монголдоо хосгүй өв үлдээсэн хүн шүү
-П.Очирбат гуай тэр жил цагаан сараар манай гэрт морилов. Ш.Цэвэлмаа хатагтайг хөтөлсөөр гэр дүүргэн халгиж цалгиж, инээд яриа дэлгэсээр сүртэй сайхан орж ирлээ. Ахмадын хувиар бас өөрөө ч "өнөөдөр надад эхэлж хэлэх юм байна" гэсэн байртай ерөөл айлдахаар бослоо.
"Элбэгээ Ерөнхийлөгч одоо юу ч хийхгүй байсан болно. Саяхан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн таван гишүүн орон манай улсын аюулгүй байдлыг хамгаалах баталгаа гаргалаа. Үүнийг чи хийж чадлаа." Өөр ч олон юм хэлсэнгүй, сэтгэл нь их хөдөлсөн янзтай бөвгөр зөөлөн хуруугаараа мөр хэд бивэрдээд эргэж суулаа. Би гайхаж, бас балмагдаж орхилоо. Чухал шийдвэрийн чухлыг ингэж олж харсанд цочирдох ч шиг, баярлах ч шиг. Ийм гэнэтийн урмын үг, тийм сүрхий үнэлгээ сонссон болоод ч тэрүү. Одоо л дээрхийн учир тайлагдаж, улсынхаа анхны Ерөнхийлөгчөөс харамгүй өгсөн урамшууллын тоостой баринтагийг задлах цаг иржээ.
Тэр Аюулгүйн Зөвлөлийн баталгаа, бүр үргэлжлээд НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталдаг тэр тогтоолыг Ассамблейн дарга нь Монгол улсад өөрийн биеэр айлчлан ирж есөн хөлт тугийн өмнө надад гардуулж байв. Бук бид хоёр Кэмбриж голын эргээр хамт хичээлдээ явдаг, Пийбоди гэж нэг байранд гэр бүлээрээ амьдардаг, Кеннедийн сургуулийн нэг ангийн хоёр байсан юм. Хожим нь улсынхаа Гадаад харилцааны сайд болж, улмаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейг даргалж явсан эр. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад одоогийн Антонио Гуттерештэй хамт нэр дэвшиж байв. Өдгөө ч сайн найзууд.
Энд яригдаж буй баталгаа бол миний биш Очирбат гуайн өөрийнх нь санаачилж эхлүүлсэн ажил байгаа юм. Аль 1990 оноос хойш л "Монгол улс цөмийн зэвсэггүй бүс" гэж ярьж эхэлсэн. Монгол цөмийн зэвсэгтэй эсвэл зэвсэггүй байх бол дэлхийн хамтын нийгэмлэгт хамаатай чухал зүйл биш байж магад. Гэхдээ энэ санааны ард манай анхны Ерөнхийлөгч их том юманд хүрч болох алтан боломжийг олж харсан байдаг. Бодлоо өөхөнд боож өвөрлөж явжээ. Жижиг чулуугаар том чулуу гэж. Өвөг дээдсээс эхтэй төр улсынхаа дархлаа, аюулгүй байдлыг батжуулж баталгаажуулах ухаан.
Эмзэгхэн, бүслэгдсэн, хадны завсар дахь Монголоо аюул нүүрлэсэн үед яаж бүрэн бүтэн авч үлдэх тухай бодох тусам олдож болох ховор санаа. Цөмийн зэвсэгтэй, зэвсэггүй гэх яриа явсаар байгаад, "хөөрхий энэ улсын аюулгүй байдалд баталгаа өгчихөд яахав. Цөмийн зэвсэггүй байя гэж өөрт нь сөрөг ч байж болох зоригтой санаачлага гаргаад яваа юм" гэх сэдэл бодлыг бусдад төрүүлэх. Бусдаар өөрийн аюулгүй байх баталгааг гаргуулах, хэзээ ч олж авч чадахгүй, чадах ч хэрэггүй, нэг үгээр хэлбэл байхгүй юмнаас юм үүсгэх. Оргүй юмнаас, олдошгүй зэвсгээс өөрт хэрэгтэй зэвсэг бүтээх. Аюулгүй байдалдаа аминд орох амин баталгаа авах. Мундаг ухаан, жинхэнэ алсын хараа. Бүр манай улсын аюулгүй байдалд баталгаа гаргах нь бүү хэл энэ тухай ярихаас ч зэнзийрхэж мэдэх зарим орны бүрэн эрхэт төлөөлөгч үзгээ авч тэр баталгаа гэх баримт бичигт гарын үсгээ зурахад хүргэсэн уран нүүдэл. Олон жил, олон нүүдэл дамжсан, олонд олон хэлээгүй уран алхам.
Улсын ерөнхийлөгч бол улсаа боддог, дэлхийн энгээр тархсан Монгол хүнийг л боддог ажил. Миний Эх орон, Монгол хүн хэцүү юмтай нэг өдөр тулахад хүрвэл тус болж чадах ганц ч болов юм сэдэж, чулуу болгож үлдээхэд сэтгэл зүрх нь чилж сэмэрч явдаг алба. "Монгол улсын олон улсын аюулгүй байдал, Цөмийн зэвсэггүй бүсийн статус" гэдэг НҮБ-н Аюулгүй байдлын Зөвлөлийн таван гишүүн улс тавуулаа 2012 оны 12 дугаар сарын 17-нд санал нэгдсэн түүхэн шийдэл. Аврал ирвэл Монгол хүнээс, аюул ирвэл цөмийн зэвсэгтэй тойрсон хөршөөс. Тэр баримт бичиг бол хэрэгтэй цагт манай улсын аминд орох хосгүй том хүч болж ч магадгүй. Үгүй ч байж мэднэ. Хар авдарт орших Монгол төрийн далд бодлого. Эерэгээр бодвол хэн ч энэ тухай сөхөхгүй, мэдэхгүй үлдэнэ. Сайн л биз.
Э.БАТ-ҮҮЛ: Бид түүнд маш том хөшөө босгон хүндэтгэж явах ёстой
-П.Очирбат гуай таалал төгссөн мэдээ цахим сүлжээнд гарсныг үзээд үнэмшсэнгүй. Үнэн бол монголчууд бид түүнд маш том хөшөө босгон хүндэтгэж явах ёстой “Тэнгэрийн элч” билээ. Харийн колончлолоос Монгол Улсаа чөлөөлж чадсан гайхамшигтай удирдагч. Ард түмнийхээ эв эеийг олохдоо түүн шиг урлагтай удирдагч ахиж төрөх болов уу.
Н.АЛТАНХУЯГ: Харилцаа сайтай, хошин шогийн өндөр мэдрэмжтэй, хээгүй монгол эр хүн байсан даа
-Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай маань таалал төгссөн харамсалтай мэдээ сонслоо. 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшихэд нь би сонгуулийн штабын орлогч даргаар МСДН-аас томилогдон ажиллаж байв. Тэр сонгуульд П.Очирбат гуай ялж Ерөнхийлөгч болсон юм. Хожим 1996 онд би УИХ-д нэр дэвшихдээ өрөөнд нь орж энэ зургийг даруулж байв. Харилцаа сайтай, хошин шогийн өндөр мэдрэмжтэй, хээгүй монгол эр хүн байсан даа. Талийгаачийн гэр бүл үр хүүхдүүдэд гүн эмгэнэл илэрхийлье.
С.БАЯР: Залуус бидний амьд шүтээн болж билээ
-1987 он. Төрийн сайд П.Очирбат ЗХУ-ын “Новое время” сэтгүүлд ярилцлага өгөв. “Эрдэнэт үйлдвэр БНМАУ-д ашиггүй, харин ч манай улсаас татаас авдаг тул хоёр улс хамтын ажиллагааны механизмаа эргэн харах шаардлагатай” гэж хэлж тэр үеийн залуус бидний амьд шүтээн болж билээ…
О.АЛТАНГЭРЭЛ: Төрийн далбаагаа бөхийлгөж буй ард түмнийхээ өчүүхэн эд эс болохынхоо хувьд би ч мөн гүнээ мэхийн таныгаа үднэ
-Анхны Ерөнхийлөгчөө үдэх үг
1990 онд дэлхий ертөнц монголчуудын өмнө нээгдэхэд Эрээний бараатай зэрэгцээд урьд өмнө төдийлөн хэрэглэгдэж байгаагүй олон үгс хэлний санд цутган орж ирсний нэг нь Ерөнхийлөгч гэх үг байлаа. Өмнө нь ЗХУ-ын, АНУ-ын, Кубын Ерөнхийлөгч гэж ярьдаг байсан ард түмэн маань өөрсдөө Ерөнхийлөгчтэй болсон тул арга ч үгүй биз.
Тэр үед 2-р ангид сурч байсан би "Рекорд 345" хэмээх хар цагаан зурагтынхаа өмнө суугаад Ерөнхийлөгчийнхөө тангараг өргөж байгааг эмээтэйгээ хамт үзсэн юм. Бүх дарга нар гонжоомтой байдаг атал Ерөнхийлөгч болж байгаа тэр ах Монгол дээлтэй, дээлнийхээ мөрнөөс бүс хүртлээ кинон дээр гардаг баатруудынх шиг чамин хээ бүхий цээживчтэй, шовгор малгайтай байгаа нь сонин болохоос биш байдал төрх нь яг л манай аймгийн, манай сумын ах нар шиг жирийн л хүн санагдаж билээ. Угаас эгэл төрх, монголжуу төрх гээч нь над шиг бяцхан хүүд ч анзаарагдахаар "тод" байж болдог ажгуу.
Хожмоо Ерөнхийлөгч маань "хээгүй" гэж их хэлэгддэгсэн. Өвөрхангайгаас хот руу явахад дайрдаг гол өртөө болох "Сансар"-ын гуанзанд хоол идэж суухад л "манай Ерөнхийлөгч саяхан үүгээр өнгөрөхдөө дагуулж явсан хүмүүс нь бууз идэхээр сэрээ шүүрцгээтэл монгол хүн хэзээ буузыг сэрээгээр иддэг байсан юм гээд гараараа аваад үмхэлсэн" гэж сонсогддог. "Шинэ жилээр уригдаж оччихоод ийм тансаг шинэ жил үзээгүй гээд зурагтаар яриад сууж байдаг, бүүр зурагтаар шүү" гэж ирээд л хүмүүс хөөрөлддөг, инээлддэг байв.
Одоог бодвол хар хоргүй байсан монгол ярианы чимэг, хачир болохдоо Ерөнхийлөгч маань байнга л эгэл даруухан хэрнээ хөгжилтэйгөөр дурсагддаг байлаа. Даанч мань хүнээс хойш төрийн хүн эгэл, ердийн байхын бахархал уусан ууссаар алга болсон санагддаг.
Ерөнхийлөгч маань гэгээрсэн, бүхнийг мэддэг чаддаг хүн байсангүй. Түүнийгээ ч нууж явсангүй. Дэргэдээ үзмэрчтэй болж, Жаргалтхаанд хууртаж, Гансүхэд залилуулж явсан нь үүний нотолгоо. Тэр бол алтан цөгцний эрэлд гарч, харь гаригийнхантай уулзсанд итгэж, дотроос нь араг яс гарч ирэхийг үзэх гэж хятад хүүхний зураг шатааж явсан ард түмнийхээ тусгал, төлөөлөл нь байв.
Тамсагийн сав газарт нефть оргилоход одоо л баяжих нь гэсэн монголчуудын хөөр баяр Ерөнхийлөгчийнхөө дээлэнд тостой гараар наалдан үлдэж байлаа. Харамсалтай нь түүний, бас манай ард түмний гэнэн цагаахан горьдлого хаа нэгтээ өлгөөтэй байгаа газрын тосоор мялаасан дээл шиг мартагдан мартагдсаар эдүгээ хорсол болон хувирсан билээ.
Анхны Ерөнхийлөгч сонгогдсоноос хойш байгалийн баялаг цөөн хүний гарт орж, нийгмийн багахан хэсэг чинээлэг болж, тэр хэрээрээ улс төр бохирдсон алдаа, оноотой 35 жил өнгөрлөө.
Гэхдээ энэ он жилүүд бол монголчууд бидний өөрсдөө бүтээсэн, муу гэвэл өөрсдөө засаж залруулах ёстой цаг хугацаа юм. Энэ цаг хугацаанд анхны Ерөнхийлөгчийн маань хийсэн ажил, гүйцэтгэсэн үүрэг түүхийн хуудаснаа дурайтал бичээтэй буй. Анхны үндсэн хууль батлагдах үед олон жил нэг намын суртлаар явсан хүмүүсийн явцуу хандлагыг давж, алсыг харан Парламентын засаглалыг хамгаалж үлдээсэн, эдийн засгийн хүнд үед уул уурхайн тэргүүлэх мэргэжилтнийхээ хувьд "Алт" хөтөлбөрийг санаачилж улс орноо сэхээнээс гаргасан, боломж байсан ч үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж өргөжүүлээгүй, хувь хүнийхээ үлгэрлэлээр "эв нэгдлийн бэлгэ тэмдэг" хэмээх тодотголоо нэр төртэй үүрч гарсан, Ардчилсан хүчнийг бойжуулан өндийхөд чухал үүрэг гүйцэтгэсэн гээд маш олон гавьяа гагцхүү түүнд оногдоно. Их хүний алдааг иргэн хүн шүүдэггүй гэхээс илүү түүхэн хүний замналыг өнөөгийн цагаас дүгнэхгүй гэвэл ононо.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хоёр сая дахь иргэн төрснөөс хойш хоёр жилийн дараа анхны Ерөнхийлөгчөө сонгосон Монгол Улс эдүгээ гурван сая таван зуун мянгуулаа түүнийг үдэж байна. Эрх чөлөөт Ардчилсан орны хувьд анх удааагаа төрийн тэргүүнээсээ хагацаж, төрийн далбаагаа бөхийлгөж буй ард түмнийхээ өчүүхэн эд эс болохынхоо хувьд би ч мөн гүнээ мэхийн таныгаа үднэ.
Эрхэм Ерөнхийлөгч та биднээс алсарсан бүхний, бидэнд айсуй бүхний нэгэн сануулга байж, мөнх хөх тэнгэртээ амгалан дэвшиж, элэг нэгт биднийгээ эгнэгт ивээж явдаг эцэг өвгөдийнхөө дунд хүндтэй суудалд залрах болтугай.
С.ЭРДЭНЭ: Монгол төрийн том тулгуур багана бөхийлөө
-Монголын бас нэг домог болсон лидер улстөрч Монгол төрийн том тулгуур багана бөхийлөө. Түүнийг сайн муу хэлэхээсээ илүү Монголын Ардчиллын амьд түүх бахархал болсон түүхэн хүн байсныг санах хэрэгтэй.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!