VISUAL TOIM: Л.Оюун-Эрдэнийн дөрвөн жилд юу өөрчлөгдөв

Ангилал
Visual toim
Огноо
Унших
7 минут 39 секунд

"Шударга тав"-аас Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд хүртлээ "дэвшсэн" Л.Оюун-Эрдэнийн танхимын дөрвөн жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд түүний чиглүүлсэн Засгийн газар олон нийтийн зүгээс бишгүй их санал, шүүмжийг авч өнөөдөртэй золгов. Тэгвэл түүний хийж хэрэгжүүлсэн бүхэн угтаа өнөөдрийн нийгэмд ямар дүр зургийг бий болгосон бэ гэдэгт бид эхнээс нь дүгнэлт тавих учиртай. Баримт статистик, олон улсын индекс гэдэг аль ч орны хөгжил дэвшлийг илүү дутуу өнгө будаггүйгээр тод гэгч нь харуулна. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засаг "толгойлсон" энэ дөрвөн жилд нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдэд ямар өөрчлөлт гарсан талаар VISUAL TOIM буландаа онцлон хүргэж байна.

-АВЛИГЫН ИНДЕКС-

“Трансперенси интернэшнл” байгууллагаас танилцуулснаар Монгол Улс авлигын индексээрээ ардчилсан бус орны тоонд хамаарч байна. Улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх, нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх, авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх зэрэг нэн чухал 13 мэдээллийн эх үүсвэрээр эрэмбэлдэг энэ индексээр манай улс сүүлийн жилүүдэд 180 орныг сүүл мушгисан хэвээр байна. 2024 оны авлигын индексийг хараахан танилцуулаагүй байгаа боловч бидний анхаарах ёстой асуудлын тэргүүн эгнээнд АВЛИГА байгаа нь бодит үнэн юм.

-ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ-

Цар тахлын дараах эдийн засгийн хямрал Монгол Улсыг тойрсонгүй. -4.6 хүртлээ агшаад байсан эдийн засгаа 2024 оны төгсгөл буюу гуравдугаар улирлын байдлаар өсөлттэй гаргалаа. Ингэхдээ 2023 онд түүхэндээ байгаагүй өндөр үзүүлэлтийг бий болгож, эдийн засгийн өсөлт 7.4 хувьд хүрэв. Үүнд уул уурхайн салбарын үйлдвэрлэл буюу нүүрс, зэс, төмрийн хүдрийн олборлолтын хэмжээ, үнэ ханш нөлөөлсөн.

-ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ-

2021 оноос хойш Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээрээ тасралтгүй ухарсаар байгаа дүр зургийг та бүхэн харж байна. Бид энэ чиглэлд урагшлах биш ухарч байгаа нь харамсалтай.

-НҮҮРСНИЙ ЭКСПОРТ-

Нүүрсний экспорт манай улсын эдийн засагт голлох нөлөөг үзүүлдэг. Тэгвэл 2024 онд нүүрсний экспортын орлого 8.6 тэрбум ам.доллар болсон байна. Ингэхдээ экспортолсон нүүрсний хэмжээ 83.7 сая хүрсэн бөгөөд энэ нь түүхэндээ анх удаа нүүрсний экспорт 80 сая тонн давсан үзүүлэлт юм. Энэ онд ч манай улс үүнийгээ хадгалж, 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд буй.

-АРДЧИЛЛЫН ИНДЕКС-

2018 оноос хойш ардчиллын индексээр тасралтгүй ухарч байна. Энэ дөрвөн жилд ч ялгаа байхгүй 61-ээс 80-руу буюу 20 байраар ухарчээ. Ингэхдээ манай улсыг тус судалгааны байгууллагаас "Сүүлийн 10 жилд ардчилал мэдэгдэхүйц буурч байгаа улс орон" гэж дүгнэжээ.

-ГУРВАН МЕГА ТӨСӨЛ ГАЦААНААС ГАРАВ-

Өнөөдөр Хамтарсан Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрэгжүүлэх ажлынхаа эхлэлд олон жил гацсан мега төслүүдээ хөдөлгөх шаардлагатай хэмээн үзсэний дүнд гурван ч төсөл гараанаас гарлаа. 366 сая квт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийг цахилгаанаар 100 хувь хангах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, нүүрсний экспортыг 165 сая тоннд хүргэх дэд бүтцийн хүчин чадлыг бий болгох төмөр зам, монголын ард түмэн 51 хувийн өгөөж хүртэх ураны төслийг хөдөлгөлөө.

-ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР-

Засгийн газрын өр сүүлийн дөрвөн жил тасралтгүй өссөөр байна. 2020 оны байдлаар Засгийн газрын өр 26.2 тэрбум ам.доллар байсан бол 2024 онд 35.2 тэрбум ам доллар болж 8.3 их наядаар нэмэгдсэн дүнтэй гарлаа.

-ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-

2024 оны 3 дугаар улирлын байдлаар гадаадын хөрөнгө оруулалт 2.9 сая ам.доллар байна. Хөрөнгө оруулагч топ таван улсаар Нидерланд, БНХАУ, Сингапур, Люксембург, Их Британи зэрэг улсууд нэрлэгдэж байна

-ӨРСӨЛДӨХ ЧАДВАР-

Швейцарын Луизанн хотноо төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төв болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-г жил бүр танилцуулдаг. Ингэхдээ 64 улсын өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн үндсэн 4 хүчин зүйлээр үнэлэн эрэмбэлдэг. Монгол Улс 2015 оноос эхлэн Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд орсон боловч өнөөдрийг хүртэл сүүл мушгисан хэвээр байна.

-НЭГ ХҮНД НОГДОХ ДНБ-

Дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад нэг хүнд ногдох ДНБ 2370 ам.доллароор нэмэгджээ. Ингэхдээ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд манай улсын ДНБ 24 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

-ТОМИЛГОО-

Л.Оюун-Эрдэнийн танхимд өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 45 хүнийг сайд ажиллажээ. Энэ дөрвөн жилд Засгийн газрын бүтцэд хоёр ч удаа өөрчлөлт орж байв. Тэр дундаа зарим салбарын сайд нарын томилогдож ажилласан хугацаа улс төр дэх "Геннисийн амжилт-ыг тогтоогоод амжсан. Ямартай ч түүхэндээ байгаагүй өргөн бүрэлдэхүүнийг Л.Оюун-Эрдэнэ бий болгож ажиллаж байна. Одоогоор хамтарсан Засгийн газрын бүтцэд 21 сайд сайдын алба хашиж байна.

-ИНФЛЯЦЫН ӨӨРЧЛӨЛТ-

2020-2024 оны хооронд инфляцид дээрх байдлаар хөдөлгөөн оржээ. 2024 оны 12 дугаар сард 9.0 хувьд хүрч, өмнөх сараас 0.9 нэгж хувиар эрчимжсэн дүнг харуулав. Үүнд хүнс, хувцас, түрээсийн зардал, автомашины үнийн өсөлт голлон нөлөөлжээ.

-ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН-

2021 онд манай улсын ДНБ-ий хэмжээ 43.6 их наяд төгрөг байсан бол 2024 онд 79.2 их наяд төгрөг болж өссөн. Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөрт туссан хөгжлийн 14 мега төслийг амжилттай хэрэгжүүлснээр 2028 онд 132.3 их наяд төгрөгт хүрэх тооцоолол хийсэн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн байдаг.

-ҮХНӨ-

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж тогтолцооны өөрчлөлт хийхийн гол ач холбогдлыг улс төрийн тогтвортой байдлыг бий болгох хэмээн тодорхойлж болно. Улмаар 2024 оны өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний тоог 126 болгож, төлөөллийг нэмэгдүүлж сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн.

ШИЛЭН ДАНС: Сайд С.Бямбацогтын АВААГҮЙ гэх мөнгөн аяганы 7 сая төгрөгийн гүйлгээ 1-р сарын 6-ны өдөр хийгджээ
ШИЛЭН ДАНС: Сайд С.Бямбацогтын АВААГҮЙ гэх мөнгөн аяганы 7 сая төгрөгийн гүйлгээ 1-р сарын 6-ны өдөр хийгджээ
 
НҮБ-ын суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан: Архангай аймаг хаврын морин уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасанд талархлаа
НҮБ-ын суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан: Архангай аймаг хаврын морин уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасанд талархлаа
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!