Өнөөдөр хүүхдийн боловсролын тэгш хүртээмжийн асуудал айл бүрт тулгамдсан асуудал болж буй. Үүнийг шийдвэрлэхээр жил бүр шинээр цэцэрлэг, сургууль ашиглалтад ордог нийтлэг дүр зураг бий болжээ. Нэг үеэ бодвол есдүгээр сарын 1-нд цоожтой хаалганы цаана хүүхэд үлдэхгүй, эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд хонож өнжин дугаарлахгүй, гэр хорооллын алслагдсан бүс сургуультай болж байна. Боловсролын яамнаас Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн нэгдүгээр бүрэлдэхүүний хүрээнд төлөвлөсөн 21 барилгын ажил бүрэн дууссан байна. Уг төслийн санхүүжилтээр хоёр сургууль, хоёр цэцэрлэг шинээр барьж, таван сургууль, 12 цэцэрлэгийн барилгыг өргөтгөснөөр сургуулийн суудлын тоог 3,400, цэцэрлэгийн орны тоог 2,325-аар нэмэгдүүлжээ. Ингэснээр Улаанбаатар хот, Дархан-Уул, Говьсүмбэр болон Говь-Алтай аймгийн төвд нийт 10 мянга орчим хүүхэд стандартын шаардлагад нийцсэн, тэгш хүртээмжтэй, эрүүл, аюулгүй орчинд сурч, боловсрох нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн шинээр 478 ажлын байр бий болжээ.
Эдгээрээс хоёр сургууль, долоон цэцэрлэг нь хүн ам ихтэй, орон нутгаас шилжин ирэгсэд түлхүү төвлөрсөн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт баригдсан юм байна. Дээрх төсөл нь барьж, өргөтгөн ашиглалтад оруулсан сургууль, цэцэрлэгүүдэд шаардлагатай тавилга, компьютер, тоног төхөөрөмж, гал тогооны хэрэгсэл, зөөлөн эдлэл болон бусад сургалтын хэрэглэгдэхүүнийг иж бүрэн нийлүүлснээр хүүхдийн сурч боловсрох, хөгжих таатай орчныг бүрдүүлжээ.
Өнгөрсөн оны гуравдугаар сарын 3-нд Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк тус төслийн нэмэлт санхүүжилтийн гэрээг баталгаажуулсан тул Боловсролын яамнаас нийслэл болон хөдөө, орон нутагт гурван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгыг барьж, хүчин чадлыг 960 суудал, 940 ороор нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!